2006 оны 20000 төгрөгийг ХУУРАМЧААР үйлдэх нь их байна

2020 оны 02 сарын 10

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар болсон. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж буй аж.

Тиймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болох аж.

Иргэдэд сануулж хэлэхэд 2006 оны 20 000 төгрөгийн дэвсгэрт нь  ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй.

Дашрамд, хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ гэдгийг сануулъя. Түүнчлэн Эрүүгийн хуулийн зүйл, заалтуудыг хүргэж байна.

Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

1. Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заажээ.

Мөн энэ дашрамд, хуурамч мөнгөн тэмдэгт гэх ойлголтын талаар  мэдээлэл хүргэе.

Манай эриний өмнөх 600 онд анх Грект алт болон мөнгөн зоос үүсэх үед суурь металлыг цэвэр алт болон мөнгөтэй холих замаар хуурамч зоосыг үйлдэж байсан байна. Тэгэхээр хуурамч мөнгөн тэмдэгт болон түүнтэй тэмцэх явдал мөнгөн тэмдэгт үүссэнтэй зэрэгцэн асуудал байсаар ирсэн гэж хэлэхэд болох байх.

Юань гүрний үед буюу 13 дугаар зуунд анх цаасан мөнгийг тусгай модны цаасаар хийж, модыг хатуу чанд хамгаалж байсан ба хэрэв энэхүү модны цаасаар хуурамч мөнгө хийсэн тохиолдолд цаазаар авах шийтгэл оногдуулж байв.

 АНУ болон Их Британид 17 болон 18 дугаар зуунд хуурамч мөнгөн тэмдэгт хийх явдалтай тэмцэж гэм буруутныг төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж үзэж цаазаар авах ялаар шийтгэж байжээ.

Түүхээс үзэхэд улс үндэстнүүд хуурамч мөнгийг дайны зэвсэг болгон өргөн ашиглаж байсан байна. Жишээлбэл өрсөлдөгчийнхөө мөнгөний бодит өртгийг огцом унагаж эдийн засгийн хямруулахын тулд АНУ-ын тусгаар тогтнолын дайнаар Их Британи улс их хэмжээний хуурамч долларыг үйлдвэрлэж Америк тивд нэвтрүүлж байсан бол Америкийн иргэний дайны үед АНУ-ын өмнөд мужуудын холбооны улсын мөнгөн тэмдэгтэй ижил мөнгийг умардууд хийж байжээ.

 Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Герман улс хуурамч фунт стерлинг болон ам. долларыг ихээхэн хэмжээгээр хийж байв. Орчин үед дэлхий нийтээр шинэ технологи нэвтэрч байгаа болон нийгмийн бүх сувгаар мэдлэгийг тарааж өгөгдлийг хуваалцаж байгаатай холбогдон хуурамч мөнгөн тэмдэгтийг хийх аюул өсөж байна. Хуурамч мөнгөн тэмдэгт хийх технологи нь зах зээлийн шаардлага болон техникийн дэвшлийн хурдан өөрчлөлтийг ашиглаж байна гэж судлаачид үзэж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top