“Цагаан Цахирт”-ын уурхайнхан осолдсон ажилчдаа хамааралгүй гэж мэдэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

-Уурхайн дэлбэрэлтэд өртсөн иргэн хараагаа алдаж, нөхөн үржихүйн чадваргүй болжээ-

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт алтны олборлолт явуулдаг “Цагаан Цахир” уурхай нь ороген гаралтай кварцын судлын алтны үндсэн орд юм. Алтны олборлолт хийхдээ цианит ашигладаг цөөн хэдэн уурхайн нэг бөгөөд тус ордыг УИХ-ын гишүүн асан “Молекул” Б.Батбаяр эзэмшдэг. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд тус уурхайд цианит алдагдсаны улмаас ажилчид нь хордож байсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас дээрх осол гарсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн байдаг.

Тэгвэл өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ны өдөр уурхайд дахин осол гарч гурван хүн гэмтсэн ноцтой хэрэг гарчээ. Энэ тухай тодруулбал, Баян-Овоо сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” компанийн “Цагаан Цахир” уурхайд тэсэлгээний бодис дэлбэрч, агуулахад ажиллаж байсан таван ажилтны гурав нь гэмтжээ. Дэлбэрэлтийн улмаас тэсэлгээний инженер 28 настай Г, тэсэлгээчин 44 настай Г болон 22 настай Д нар хүнд гэмтсэн байна. Улмаар уурхайн ажилчид гэмтсэн иргэдийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч өвчтөний биеийн байдал хүнд байсан учир нийслэл рүү Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжүүлжээ.

Эдгээр иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад “Баянхонгор аймгаас ирсэн иргэдийн амин үзүүлэлт сайжирч байна. Гурван иргэний нэг нь маш хүнд гэмтэлтэй. Хоёр нүдний алим хагарсан, баруун төмсөг няцарсан, гар хугарсан, хуруу тайрагдсан оноштойгоор эмчлэгдэж байна. Нөгөө хоёр өвчтөний тухайд мөн гар хугарсан, нүхэжсэн шархтай, арьс салст зулгарч гэмтсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа. Эмч нарын зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.

“Цагаан Цахир”-ын уурхайд гарсан ослын хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн хэрэг гарснаас хойш аймгийн мэргэжлийн хяналтын газраас уурхайд шалгалт оруулж,   албаныхны шийдвэрээр компанийн тэсэлгээ хийх үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.

Дээрх ослын дараачаас нутгийн иргэд нэгдэж “Цагаан Цахир”-ын уурхайн үйл ажиллагааг зогсоож, албаны шалгалт оруулахыг шаардан жагсаал зохион байгуулах хүсэлтийг Аймгийн удирдлагуудад гаргасан боловч хорио цээрийн дэглэмтэй энэ үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Улмаар иргэд нэгдэж гарын үсэг цуглуулж эхлээд байна.

Харин “Наран мандал” компанийн зүгээс “2020 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр уурхайд гарсан осолд харамсаж байна. Осолд өртсөн ажилчид нь туслан гүйцэтгэгч “Пироп Эрдэнэ” компанийн ажилчид бөгөөд манай компанитай хамааралгүй. Энэхүү осол нь манай компанитай шууд хамааралгүй боловч цаашид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааварчилгаа, тэдгээрийн хэрэгжилтэд тавих шаардлага, хяналтаа чангатгах арга хэмжээ авна” гэх мэдэгдэл гаргажээ.

Баян-Овоо сумын иргэдийн хэлж байгаагаар, энэ удаагийн осол анхных биш бөгөөд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд маш олон осол гарч залуучууд эрүүл мэндээрээ хохирсоор байгаа тухай мэдээлж байна. Уурхайн нурангид дарагдсаны улмаас хэвтэрт орсон хүн ч байдаг гэх ба дээрх уурхайгаар дамжуулан Баянхонгор аймгийн ирээдүй болсон маш залуучууд хөдөлмөрийн чадвараа алдаж, амьдралын баталгаагүй болсоор байгаа гэдгийг иргэд хэлж байв.

Д.Бат-Эрдэнэ: Уурхайн ослуудыг цагдаа , мэргэжлийн хяналтынхнаас нуудаг

Тус компанид ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, эрүүл мэндээрээ хохирсон иргэн Д.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Өмнө нь уурхайд ажиллаж байсан гэлээ. Ямар шалтгаанаас уурхайгаас гарсан юм бэ?

-Би энд хоёр жил ажиллах хугацаандаа хоёр удаа үйлдвэрлэлийн осолд орсон. Эхнийх нь удаад тоног төхөөрөмжид хавчуулагдсан. Дараа нь далд уурхайн нурангид дарагдаж, нуруугаа хугалсан. Түүнээс болоод одоо хөл гар өвддөг, 4-5 кг-аас дээш хүнд юм өргөж чадахгүй болсон.
-Ажилчид өөрсдөөсөө болж осолд орж, амиа алддаг гэж компанийн ажилтан буруутгасан байсан. Чиний хувьд яаж байгаад осолд орсон бэ?
-Надаас шалтгаалсан буруутай үйл ажиллагаа байгаагүй. Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажиллаж яваад л осолд орсон. Цагаан цахир бол алтны үндсэн орд. Тэнд далд уурхай гэж нэрлэдэг нүхнээс олборлолт хийдэг. Нүхэнд хад чулуу нурах, дээрээс унах нь байнга тохиолддог энгийн үзэгдэл. Тэр нуралт биднээс огт шалтгаалахгүй шүү дээ.
Энэ компанид ажиллаж байгаад бэртэж гэмтсэн хүн маш олон. Уурхайн нэг ээлж 20 хоног ажиллаад солигддог. Ямар нэг осол гэмтэлгүй ээлж бууна гэж ер нь байхгүй. Хүнд, хөнгөн ямар нэг зүйл заавал болдог. Түүнийгээ уурхай нь нууж дараад өнгөрөөдөг. Тархи толгойндоо гэмтэл авсан, хөл, гараа хугалсан, тасалсан хүмүүс гарын арван хуруунаас олон. Нүхэнд ажиллаж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь уушгины өвчин, бронхиттой. Далд уурхайн стандарт гэдэг зүйлийг ямар байдгийг мэдэхгүй, гэхдээ тэнд бол аюултай нөхцөлд ажилладаг шүү.
-Уурхайд осолдсон ажилчдад компанийн зүгээс хэрхэн ханддаг вэ?

-Асуудал үүсэхээр цалинг нь өгөөд амыг нь хаачихдаг болохоор ажилчид нь үүнийгээ гаргаж чаддаггүй. Сая л гэхэд үйлдвэрлэлийн осолд ороод гараа тасдуулсан залуутай уулзаж энэ байдлыг ил гаргая, хэвлэлийн хурал хийе гэхэд өөрөө “Тэгье” гэсэн ч ээж нь “Хүү маань гуравдугаар сард мэс засалд орно. Манайх мөнгө төгрөг муутай. Одоо хэвлэл мэдээлэлд хандаад явахаар уурхай дараа дараагийн удаад эмчилгээний зардал өгөхгүй болчихвол бид хохирох гээд байна. Хэвлэлийн хуралд оролцож чадахгүй нь” гэсэн. Ийм л маягтай байдаг. Тэр уурхайд зээлгүй хүн нэг ч байхгүй. Зээлээр нь барьцаалж, ямар нэг зүйл болбол ажлаас нь хална гэж дарамталдаг. Ингээд бүх зүйлийг хаачихдаг.
-Үйлдвэрлэлийн ослыг уурхай нууж өнгөрөөдөг гэлээ. Энэ тухай тодруулахгүй юу?
-Би осолд орсныхоо дараа өдөрт хэдэн удаа өвчин намдаагч хийлгэдэг байлаа. Нэг тариаг 2000-3000 төгрөгөөр авч, өдрийн хэд хэд хийлгэхээр эдийн засагт ч хүндрэлтэй болж, нийгмийн даатгал төлж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон юм чинь ямар нэг хөнгөлөлт, дэмжлэг байх ёстой гэж хүн зөвлөсний дагуу нийгмийн даатгал руу очсон юм. Би залуу хүн эрүүл байх хэрэгтэй, эмчилгээ хийлгэх хэрэгтэй, нэгэнт нийгмийн даатгал төлсөн юм чинь хуулийн дагуух үйлчилгээг авах ёстой гэж бодож л тийшээ очсон.
Тэгтэл компанийн оффисоос над руу залгаж, “Янз бүрийн байдлаар ил гаргахгүй гэж бид тохирсон биз дээ. Тэгээд өвчтэй байх хугацааны чинь цалин мөнгийг өгч байгаа шүү дээ. Ингэж хүн амьтанд ярьж болохгүй” гэсэн.
Нийгмийн даатгалын газарт үйлдвэрлэлийн осол гэмтэл хариуцсан хүн байдаг юм билээ. Тэгээд осолд орсон гээд очихоор мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас асууж тодруулдаг бололтой. Хуулиараа тэгэх ёстой байх. Гэтэл компани тухайн ослоо холбогдох байгууллагуудад мэдэгдэлгүй нууж дардаг. Үйлдвэрлэлийн ослын хөөн хэлэлцэх хугацаа гэдэг юм уу, ямар ч байсан гэмтэж бэртсэн хүн нь зургаан сарын дотор мэргэжлийн байгууллагуудад хандах ёстой, тэр хугацаа нь өнгөрчихвөл уурхайн зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болдог юм байна.
-Нутгийн залуус нэгдэж жагсаал зохион байгуулна гэсэн мэдээлэл байсан?
-Бид залуу хүмүүс. Нутагт минь үйл ажиллагаа явуулж байгаа энэ компани аюулгүй ажиллагаагаа хангаасай, залуус ажилдаа яваад эсэн мэнд иргэж ирэх баталгаатай байгаасай, дахиж ийм үйлдвэрийн осол гаргахгүй байхад анхаараасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэтэл компани осол аваараа нуухыг л бодохоос биш аюулгүй ажиллагаагаа найдвартай хангахыг бодохгүй байна. Тиймээс хэсэг залуус нэгдээд жагсаал зохион байгуулъя гэсэн ч олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болохгүй гэлээ. Аймгийн хууль, хүчний байгууллага, цагдаа, шүүхийнхэн бүгд компанийн талд ажилладаг болохоор бид нутгийн иргэдэд хандана гэж бодож байгаа.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.190.106) 2020 оны 02 сарын 08

Цагаан цахиурт гэж компанийхан Яагаад хариуцлага хүлээхгүй гэж үзээд байгаа юм бэ? Үндсэн компани нь” Наран мандал” гэсэн биздээ. Молекул Батж Батбаяртай холбоотой компани гэсэн. Тэсэлгээний компани руугаа чихээд, толгой компанин нь зүгээр үлддэг ямар хууль эрх зүй вэ? газрын дороос гарсан алтыг нь онгоцоор аваад явахаараа толгой компанин болдог. Осл, гэмтэл гарч ажилтнууд нь хохироод үлдэхэд хамаагүй болдог. Хаанахын хууль, ёс гэж ийм байдагюм бэ? Алтаа авахаараа зүгээр байдаг. Амиа алдах дөхсөн осол болохоор хариуцдаг эзэн олддоггүй. Монголд ийм л хууль үйлчилж байна.

0  |  0
багш (66.181.190.106) 2020 оны 02 сарын 08

Энэ уул уурхай эрхэлдэг компанийханд хариуцлага алдсаныг яаж шийддэг нь тодорхой биш. Хохирсон иргэд нь хохироод үлддэг. Хүний насан туршийн амьдралыг байхгүй болгоод, хариуцлага алдчихаад хариуцлага алдсан нөхдүүд зүгээр өнгөрдөг. Насан туршийн амьдралыг нь тэр нөхдүүд дааж, хариуцлах ёстой юм шиг. Хуулиар тодорхой болгомоор юм шиг. ажилтан нь эрэмдэг болоод үлдлээ. залуу хүмүүсийн цаашдын амьдрал нь яах вэ? үр хүүхдээ, амьдралаа яах вэ? Үнэхээр сэтгэлд багтахааргүй хэцүү явдал болж байна.

0  |  0
Багш (66.181.190.106) 2020 оны 02 сарын 08

Манайд муу зуршил байдаг нь ажиллаж байсн хүн нь эрүүл мэндээрээ хохироод байхад манай компанийн буруу биш гэж үздэг. өөрсдөөсөө холдуулдаг. Бүх л насаараа эрүүл мэндээрээ хохирсон ид залуухан насны хүмүүс. Цаашдын амьдралыг нь яаж шийдэх вэ? яаж амь амьдралаа залгуулах болж байна? 3 залуу насан туршдаа гэмтэл, бэртэлтэй, яаж амьдрах болж байна? Нүд нь цаашдаа хэвээрээ байж, хорвоог харах уу? Өрөөсөн гартай, нэг нүд нь муухан харж байгаа. нас ахих тусам яах болж байна?

0  |  0
hm(202.55.191.130) 2020 оны 02 сарын 08

yund ch hurehgui dee

0  |  0
Doljoo(144.168.159.85) 2020 оны 02 сарын 07

zaa nemsen bolhoor odoo asuudalgui

0  |  0
Зандан(64.119.21.6) 2020 оны 02 сарын 07

Тусгай хамгаалалттай газар тэсэлгээ хийж алт олборлодог юм бнлээ баянхонгорчууд

0  |  0
Бат(202.9.46.153) 2020 оны 02 сарын 07

Бид алт олох гэж хортой бодис ашигласаар байтал сайхан монгол орон минь нутаглах аргагүй болох вий дээ

0  |  0
jkljkl(127.105.141.249) 2020 оны 02 сарын 07

gui doo yaaj bainaa

0  |  0
Hanan(138.128.89.92) 2020 оны 02 сарын 07

zaa nemsen bolhoor odoo asuudalgui

0  |  0
батцэнгэл(103.229.121.90) 2020 оны 02 сарын 07

молекулыг өөрийн гараар дуусга

0  |  0
Top