ГОЁЛ 2020: Эсгий эдлэлийг шинэ төвшинд гаргагч “БАЖУНА” брэнд

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлогч “Гоёл” наадам 32 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ сарын 26-нд “Мongolian fashion week”-ээр нээлтээ хийсэн энэ удаагийн “Гоёл” наадам 30-ны өдөр шилдгүүдээ тодруулна.

Үндэсний шилдэг брэндүүд энд хуран чуулж, өөрсдийн шинэ коллекцийг үзэгчдэд танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад бид хонины ноосыг олон төрлийн материалтай хослуулан хувцас урладаг, “Шилдэг уран сэтгэмж” шагналын эзэн “Бажуна” брэндийн Ерөнхий захирал дизайнер Б.Батсүхийг болон тус брэндийг онцолж байна. 
 

 

-Брэндээ товчхон танилцуулахгүй юу. Хэдэн жилийн өмнөөс гаргаж эхэлсэн бэ?

-"Бажуна" брэндийг арваад жилийн өмнөөс эсгий эдлэл хийж сураад эхлүүлсэн. Монгол хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд ерөнхийдөө гадаад зах зээлд гарах зорилготой.

-Мэргэжлийн дизайнер уу?

-Би өөрөө бизнесийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн. Гэвч дизайн дээр ажиллах шаардлагатай болсон учраас хоёр дизайны сургуульд суралцаж, дизайнер болсон. Одоогоор эсгийг хувцас хийх, эсгийг материал болтол нь хөгжүүлэх ажилд цаг заваа зориулж байна. 

 


-Материал их содон харагдаж байлаа. "Гоёл" наадмын хүрээнд болсон "Загварын долоо хоног"-т танилцуулсан коллекцийнхоо тухай онцолбол?

-Монгол хонины ноос манай гол материал. Ноосон ширхэгтэй бид ажилладаг. Монгол хонины ноосон ширхэгийг  бусад торгон болон хүр хорхойн торго, ноолуур, бамбуу, ургамлын гаралтай ширхэгтүүд зэрэгтэй нэгтгэж, олон төрлийн шифон, гоёлын торон материалууд хослуулан өвлийн хувцасны материал бэлдсэн байгаа. Хувцас бүр дээр л нэг шинэ нээлт хийж байдаг, өөр өөр арга ажиллагаа ордог. Энэ бүхэн олон жил судалсан ажлын маань үр дүн гэж хэлж болно. Манай бүх хувцаснууд гараар хийгдсэн боловч инновацын төсөлд шалгарсан тоног төхөөрөмжөөр олон тоогоор хийгдэх боломжтой болсон.

-Энэ төрлийн материалаар хувцас урладаг дизайнерууд хэр  байдаг юм бол?

-Өмнө нь нэг дизайнер байсан, одоо хийхээ больсон гэж сонссон юм байна. Манай хувьд материалаа боловсруулах тал дээр нэлээд анхаарал тавин ажиллаж байгаа. Үүнийгээ давуу тал гэж хардаг. 

 

 

-Брэндийнх нь нэр ямар утга илэрхийлдэг вэ?

-Энэ миний багын нэр байгаа юм. Гэрийнхний дууддаг нэр. 

-Брэндийнхээ ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Манайх ирээдүйн зах зээлээ “Unique” буюу лакшри түвшний, цорын ганц давтагдашгүй хувцас хийх, нөгөө талаар төслийнхөө тоног төхөөрөмжийг ашиглан массыг хамарсан зах зээлд олон тоог хамарсан бүтээгдэхүүн хийх гэсэн хоёр зорилгоор харж байгаа. 

 

 

-Инновацын төсөлд хамрагдсан гэж ойлголоо. Энэ бол үндэсний үйлдвэрлэгчдэд хэрэгтэй санаачилга гэж боддог?

-Манайх Үндэсний хөгжлийн газрын төсөлд шалгарсан. Тэр дагуу үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа. Энэ удаагийн шоу үүний нэг тайлан болж байна. Цаашдаа бүтээгдэхүүнээ илүү чанаржуулж, олноор үйлдвэрлэх боломжтой болсон гэсэн үг.

-Энэ удаад хэчнээн хувцас танилцуулсан бэ?

-50 хувцас танилцууллаа. Өмнө нь 40-өөс дээш хувцас гаргадаг байсан. Өнгөрсөн хоёр жилд манай бүтээлүүд “Уран сэтгэмж”-ийн төрөлд  шагнал хүртэж байсан. 

 

 

-“Гоёл” наадамд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?

-“Бажуна” брэнд зургаа дахь жилдээ оролцож байна. Анх 2011 онд “Гоёл 2012” наадамд оюутан байхдаа оролцож, “Шилдэг залуу дизайнер” шагналын эзэн болж байсан. Түүнээсээ их урам зориг авч, энэ салбарт чин сэтгэлээ зориулан зүтгэх болсон.

-Жил ирэх тусам “Гоёл” наадмын чансаа өндөрсөж байгаа. Энэ жилийн хувьд та загвар дээрээ юуг түлхүү анхаарч ажилласан бэ?

-Зорилго нь классик болон орчин үеийн өдөр тутмын хувцас, авангард чиглэлийн хувцаснуудаа материалаараа илэрхийлэхийг оролдож байгаа. Бүтээгдэхүүнээ олон тоогоор үйлдвэрлэх боломжтой болсон учир энэ удаагийн коллекцио илүү өдөр тутмын байхаар бодож хийсэн.

 

 

-Загвар бүрээс нэг ширхэг үйлдвэрлэгдсэн үү?

-Ер нь тэгж ойлгож болно. Зах зээлд гаргахдаа нэг загвараар нэг хувцас л хийж байгаа.

-Таны анзаарснаар шилдэг дизайнер байхын тулд юуг илүү анхаарах ёстой юм бол?

-"Гоёл" наадамд орох тусам илүү сайжрах, сурах ёстой гэдгээ ойлгож, ухамсарладаг болсон. Дизайнер хүн өдөр ирэх тусам хөгжиж байх ёстой. Үүнд “Гоёл” наадам маш том түлхэц өгч байгаа.

 

 

-Энэ жилийн “Гоёл” дуусаад ирэх жилийн “Гоёл”-д бэлтгэж эхэлдэг үү?

-Тийм шүү. Энэ жилийн хувьд үйлдвэрлэлдээ түлхүү анхаарах байх гэж бодож байна.

-Баярлалаа танд амжилт хүсье

-Та бүхэнд ч бас амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bolormaa(66.181.161.41) 2020 оны 05 сарын 09

Mundag yumaa. Iluu amjilt husie

0  |  0
Ц.нацагням(202.9.46.23) 2020 оны 05 сарын 09

Ангийн охины минь мөн нутгийн охин дүү чамд амжилт аз жаргал eрөөe.

1  |  0
Тунгалаг Гомбо(59.153.114.204) 2020 оны 05 сарын 09

Амжилт!

2  |  0
M(64.119.20.195) 2019 оны 11 сарын 30

Sain bn\n

0  |  0
Эрдэнэчимэг(202.179.31.79) 2020 оны 05 сарын 09

ямар мундаг юм бэ маш гоё загварууд байна удахгүй найзынхаа бүтээлээр гангарнаа. амжилтын дээдийг хүсье

3  |  0
Top