Бид өрсөлдөх чадварын АЛТАН ДҮРЭМД  суралцах хэрэгтэй

2019 оны 10 сарын 31

Монгол Улс өнөөдөр өрсөлдөх тухай биш, хаягдахгүй байх чадварын тухай ярихаар байгаа гэж эдийн засагч С.Дэмбэрэл хэлсэн байсан. Хэдий тийм байж болох ч хаягдахгүй байхын тулд хаа хаанаа хөгжлийн төлөө оролцоотой, нэмэртэй, бусдаас хол хоцрохгүй гэсэн тэмүүлэлтэй байх нь бидний өрсөлдөх чадварыг өнгөлж таарах болов уу. Өчигдөр зохион байгуулагдсан “Монголын эдийн засгийн чуулган 2019”-ийн онцлох илтгэлүүдийн нэг нь Монгол Улсын өрсөлдөх чадварын тухай байв. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми хэлэхдээ “Монгол Улсын өрсөлдөх чадварын эрэмбэ буурсаар ирсэн. Үүнийг сайжруулахын тулд өрсөлдөх чадварын алтан дүрмүүд буюу хууль эрхзүйн орчныг тогтвортой болгох, төсөв, өрийн удирдлагын сахилга батыг сайжруулах, салбарын болон газарзүйн онцлогуудыг харгалзан үзсэний үндсэн дээр эдийн засгаа төрөлжүүлэх, олон улсын зах зээлд довтлох стратеги, нэмүү үнэлэмж бүтээх урих стратеги хоёрын  тэнцвэрийг хангах зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай. Улс орнуудын өрсөлдөх чадвар судлал нь аливаа орны компаниуд нь илүү өндөр ашиг орлоготой, ард түмэн нь илүү чинээлэг, хангалуун амьдралтай байх орчныг бүрдүүлж, хөгжүүлэх талаар бодит байдал, бодлого хоёрыг харьцуулан судалдаг” гэсэн юм.

 Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг нээж хэлсэн үгэндээ эдийн засгийн тоон өсөлтөөс гадна иргэдийн амьдралд өгөөж наалдах ёстойг онцолсон. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувиар, энэ оны эхний зургаан сарын байдлаар 7.3 хувиар өссөн дүнтэй гарсан. Гэтэл хүн амын дундах ажилгүйдэл, ядуурал буурахгүй, ядуурлын индексээр дундаж орлоготой орнуудаас муу үзүүлэлттэй, нийгмийн ужгирсан олон асуудлууд шийдэлгүй хэвээр байгаа нь энэхүү эдийн засгийн өсөлт нь хэр зэрэг бодитой бас хүртээмжтэй байна гэдэг асуултыг тавихад хүргэж байна” гэж байсан юм.

Ер нь бол эдийн засгийн өсөлт хийгээд иргэдийн амьжиргааны бодит өсөлт хоёрыг хэрхэн яаж уялдуулах вэ гэдэг дээр эдийн засагчид янз бүрийн л байр суурь илэрхийлдгийг дашрамд сануулахад илүүдэхгүй байх. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг тооцоолж байгаа Дотоодын нийт бүтээгдэхүүн гэх хэмжүүрээс татгалзах цаг болсныг сануулах олон улсын эрдэмтэд ч цөөнгүй. Эдийн засгийн тухайлсан салбарын өсөлт нийт өсөлтийн хэмжээнд жин дарах нөлөө үзүүлсэн байлаа гээд энэ нь нэг өрх айлын үүдээр орох бодит өсөлт биш байж болох юм. Гэхдээ одоогоор үүнээс өөрөөр тооцох аргачлалыг дэлхийн улс орнууд хэрэглээнд нэвтрүүлээгүй байгаа учраас бид  эндээ ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээгээ гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч буй нөхцөл байдалтайгаа харьцуулан жишиж л таарна л даа. Товчхондоо бол Монгол Улсын ДНБ-ий хувь хэмжээ өсөлттэй гарлаа гэхэд өсөлтийг бууруулахгүйгээр бусад салбарууддаа өгөөжийг нь хүртээх, дэмжих ёстой чиглэлүүддээ бодлогоор анхаарах нь төр засгаас анхаарах ёстой асуудал юм.

Энэ жилийн Эдийн засгийн чуулганы тухайд хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс  “Үндэсний эрх ашиг” сэдвийн дор Засгийн газрын оролцоогүйгээр зохион байгуулсан нь өмнөх чуулгануудаас ялгарах тал байсныг дурдах хэрэгтэй. Мөн  Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д багтаж, санхүүгийн салбарт эрсдэл үүсэж болзошгүй байгаа цаг үед эдийн засгийн ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ-ийг хувийн хэвшлийнхэн цуглаж ярилцсан гэдэг утгаараа бас  онцлогтой. ФАТФ-ын зүгээс манай улсад олон улстай санхүүгийн харилцаанд ороход ямар нэг хориг тавиагүй ч гаднынхны хувьд биднийг өөр нүдээр харж эхлэх вий гэсэн айдас мэдээж байгаа. Гаднаас хөрөнгө татахаар яриа хэлэлцээрийн түвшинд тохирсон компаниудаас нэмэлт мэдээлэл, баталгаа шаардаж байгаа гэх мэдээлэл мөн гарч л байгаа. Тэгвэл өчигдрийн чуулганд оролцсон “Монголын Алт” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Г.Ганбаяр “Хөрөнгө оруулалт эдийн засагт маш чухал зэвсэг. Хөрөнгө оруулалтыг дагаад инновац хөгжиж, ажлын байр бий болдог нь эдийн засагт чухал ач холбогдолтой” гэсэн бол Голденвест Индастри ХХК-ийн судалгааны захирал Д.Мөнхболд “Монгол Улс байгалийн баялаг ихтэй гэхдээ хязгаартай. Бид ухаалаг төлөвлөлт, зөв удирдлага хийж хойч ирээдүйдээ тогтвортой, төрөлжсөн эдийн засгийг шилжүүлэх үүрэгтэй” гэлээ. Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн Б.Солонго илтгэлдээ  “Монгол Улс ФАТФ-ын зүгээс тавьж буй шаардлагууд буюу биелүүлээгүй заалтуудаа яаралтай авч хэрэгжүүлснээр 2021 оны тавдугаар сар гэхэд “Саарал жагсаалт”-аас гарах боломжтой гэж онцолсон юм.

Монгол Улс олон улсын дунд бизнес эрхлэлт, өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдээр ухраад байгаа нь бусад орнууд бизнес, түүний дотор хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох, худалдаа бизнесийг дэмжих, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр их зүйлийг хийж, харин бид юу ч хийхгүй суугаад байгаа гэсэн үг болж байна. Эсвэл зарим ололт амжилтаасаа ухарсан гэсэн дүгнэлтийг бас хийж болохоор байна гэсэн байр суурийг чуулганы “Саарал Монгол” хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байлаа. Түүнчлэн хувийн хэвшлүүд тодорхой бүтэц, зохион байгуулалттайгаар хамтран ажиллаж, арга барилаа өөрчлөн дуу хоолойгоо нэгтгэж, дараа жилийн өдийд гэхэд “Саарал жагсаалт”-аас гарч, “цагаан” юмуу эсвэл “хөх” Монголыг хамтдаа бүтээцгээе гэсэн уриалгыг дэвшүүлцгээв.

 Дэлхийн банкны “Олон улсын санхүүгийн корпорацын хөрөнгө оруулалтын бодлого” төслийн удирдагч Д.Жигжидмаагийн “Бизнес эрхлэхүй” илтгэлээс эшлэхэд:

Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индекс нь бизнес шинээр эхлүүлэх, барилгын зөвшөөрөл авах, цахилгаан эрчим хүчид холбогдох, үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх, зээл авах, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, татвар төлөлт, хилийн дагуух худалдаа, гэрээг биелүүлэх, төлбөрийн чадваргүй байдлыг шийдвэрлэх болон хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт зэрэг 10 гаруй шалгуур үзүүлэлтүүдээр тухайн улсын бизнес эрхлэх орчныг дүгнэж гаргадаг томоохон судалгаа юм. Тус судалгаанд дэлхийн 190 орныг голлох үзүүлэлтүүдээр эрэмбэлдэг.

“Бизнес эрхлэлтийн индекс-2020 тайлангаар Монгол Улс 81 дүгээр байранд жагссан. 2018 онд 74, 2017 онд 62 болж буурсан. Монголд бизнес эрхлэхэд хялбар байдал 2008 оноос 2018 он хүртэл дунджаар 69.82 байсан бөгөөд 2010 онд хамгийн өндөр түвшинд 89-д хүрч, 2008 онд 56-тай байсан. 2008-2020 онуудад дөрвөн жилийн циклтэй бизнесийн орчин хамгийн их хэлбэлзэж байгаа нь өмнөх жилүүдийн тайлангийн үр дүнгээс харагдаж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top