Долларжилт ямар ЭРСДЭЛТЭЙ вэ?

2019 оны 10 сарын 26

Аль ч улс орны МӨНГӨ нь өртөг хэмжих, төлбөрийн хэрэгсэл болох, баялаг хуримтлуулах гэсэн үндсэн гурван зорилготой  байдаг. Тэгвэл эдгээр зорилгоор ГАДААД ВАЛЮТ-ыг үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ оронд ашиглах үзэгдлийг ДОЛЛАРЖИЛТ гэж судлаачид тодорхойлдог. Түүнчлэн валютын ханшид зориуд нөлөөлж тоглохын уршиг нь эргээд эдийн засаг долларжих эрсдэл дагуулдаг гэдгийг өнөөдөр бид хаа хаанаа санаж байхад илүүдэхээргүй байгаа билээ.

Дэлхийн улс орнуудын туршлагаас  үзэхэд  гадаад дотоод хүүний зөрүү, гаднын хөрөнгө оруулагчдын эрсдэлийн хүлээлт, богино хугацаатай өгөөж хайсан хөрөнгийн урсгал, эдийн засгийн нээлттэй байдал, өсөлтийн хурд, ханш, инфляцын хэлбэлзэл зэрэг нь санхүүгийн долларжилтод нөлөөлдөг аж.

Манай улсын долларжилтын талаар судлаачдын хийсэн судалгааны ажлууд цөөнгүй бий. Ихэвчлэн суурь долларжилт,  долларжилтaд нөлөөлөгч хүчин зүйлс болон долларжилтын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалдаг. Тэрчлэн долларжилтын түвшинг бусад дэлхийн бусад улс орнуудтай харьцуулан, дунд зэргийн  /20-70 хувийн хооронд/  долларжилттaй гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдийн ам.доллароор хэмжигдэх өрийн хэмжээ, банкуудын валютын зээл, валютын хадгаламжийн мэдээллүүдээс үзэхэд долларжилт улам өсөж буй нь ажиглагдаж байна.

Манай  улсын тухайд  гадаад орчин таатай үед банк, санхүүгийн байгууллагууд гадаад зах зээлээс эх үүсвэр босгосноор пассивын долларжилт нэмэгддэг. Харин банкны системийн хувьд долларжилт нэмэгдэх нь макро эдийн засаг, банк санхүүгийн салбарт  хэд хэдэн сөрөг үр дагаврыг дагуулдаг болохыг судаачид тодотгодог. Тэдгээрийг дуулгахаасаа өмнө санхүүгийн долларжилтыг хумих шаардлага манайд бий юу гэдэг асуудлыг хөндөе.

Банкны салбарын тоймыг харж байхад сүүлийн улирлуудад эх үүсвэрийн долларжилт буурч байгаа нь  харилцахын долларжилт буурч буйтай холбоотой. Тэгэхээр энэ нь валютын захын донсолгоогоор харилцахын долларжилт өслөө гэхэд үзүүлэлт дагаж өснө гэсэн үг. Манай улсын гадаад өрийн хэмжээ 30 тэрбум ам.доллар шүргэж байгаа. Ер нь бол   эдийн засаг дахь долларжилтын хэмжээ тунг үргэлж анхаарах ёстой гэсэн үг л дээ. Түүнчлэн санхүүгийн долларжилтийг бууруулах хөтөлбөр боловсруулах шаардлага дагуулж буйг мэргэжилтнүүд хэлдэг. Зээлийн хүүг бууруулах нэн тэргүүний шаардлагын талаар талууд яриад мөн л удаж байгаа. Тэгвэл   санхүүгийн долларжилтийн улмаас Бодлогын хүүгийн банкуудын хүүнд үзүүлэх нөлөө суларч буйг хэлэх эдийн засагчид байгаа юм. Тиймээс долларжилтын хэт хамаарлыг бууруулах замаар хүүгийн түвшинг бууруулах талаар ярих боломж бийг сануулж байна.

Харин одоо банкны системийн хувьд долларжилт нэмэгдэх нь макро эдийн засаг, банк санхүүгийн салбарт  ямар сөрөг үр дагавар дагуулдаг болохыг судалгаанаас эшлэн хүргэе.

Санхүүгийн хямралд дагуулна

Гадаад зах зээлээс эх үүсвэр босгосон банк гадаад валютаар зээл олгож, зээлийн долларжилтыг нэмэгдүүлдэг. Ингэснээр тухайн банкны хувьд ханшийн эрсдэлийг бууруулах боловч зээлийн эрсдэл нэмэгдэх нөхцөл бүрддэг. Гадаад сөрөг шокийн нөлөөгөөр дотоод валютын ханш сулрахад валютын зээлийн төгрөгөөр илэрхийлэгдэх дүн өсч, гадаад валютын орлогогүй, ханшийн эрсдэлийг удирдах чадамж муутай зээлдэгчид зээлээ төлж чадахгүй болж, зээл чанаргүйдэх эрсдэл хуримтлагддаг.

Эдийн засгийн агших үеийн сөрөг нөлөө нэмэгдэнэ

 Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах үед долларжилт өндөртэй эдийн засгийн хувьд дотоодын хөрөнгө оруулалт илүү ихээр буурдаг. Валютын ханш сулрахад иргэд, ААН-ийн гадаад валютын зээл чанаргүйдэх, банк ханшийн алдагдалд орж, өөрийн хөрөнгийн хүрэлцээ муудна. Энэ нь банкны зээл олгох чадварыг доройтуулж, дотоод хөрөнгө оруулалтыг улам ихээр бууруулдаг. Харин долларжилт бага тохиолдолд ханш сулрахад санхүүгийн салбарт агшилт бага байх тул мөчлөгийн сөрөг нөлөө бага байдаг аж.

Макро эдийн засгийн эмзэг байдал нэмэгдэнэ

Хадгаламж, харилцахын долларжилт өндөр байх нь валютын ханш богино хугацаанд хүчтэй хэлбэлзэх нөхцөл болдог. Үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл буурах, ханш сулрах хүлээлт үүссэн үед иргэд, ААН-үүд инфляци, ханшийн хэлбэлзлээс хөрөнгөө хамгаалах зорилгоор хадгаламжаа гадаад валют руу хөрвүүлж, дотоод валютын ханшийн сулрах дарамтыг эрчимжүүлж, мөнгөний эрэлтийн хэлбэлзлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн импортын орц өндөртэй эдийн засгийн хувьд ААН-үүд үнээ өөрчлөхдөө ханшийн хүлээлтийг тусгадаг тул санхүүгийн долларжилт өндөр эдийн засагт валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө өндөр, инфляци ихээр хэлбэлздэг. Банкны хадгаламж, ханш, инфляци, мөнгөний эрэлтийн хэлбэлзэл нэмэгдэхэд эдийн засагт тодорхой бус байдал үүсч, макро эдийн засгийн эмзэг байдал нэмэгддэг.

 Мөнгөний бодлогын нөлөөг сулруулдаг

Мөнгөний эрэлтийн хэлбэлзэл, ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нэмэгдсэнээр мөнгөний бодлогын инфляци, эдийн засагт үзүүлэх нөлөө суларч, Төв банкны эдийн засагт нөлөөлөх чадвар хязгаарлагддаг.

Төсвийн тогтвортой байдлыг бууруулдаг

 Засгийн газар гадаад зах зээлд бонд гаргах, зээл авах зэргээр гадаад өрийг нэмэгдүүлэх нь санхүүгийн долларжилтын нэг хэлбэр юм. Төсвийн орлого голчлон дотоод валютаар бүрддэг тул валютын ханш сулрах үед гадаад өрийн дарамт, төсвийн алдагдал нэмэгдэж, өрийн тогтвортой байдал буурах эрсдэлтэй байдаг аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.124.130) 2019 оны 10 сарын 27

Онолын хувьд дажгүй бичиж! Хэрэгжихгүй, хэрэгжүүлэхгүй бна!\nЗээлийн хүүг буурууляа гэвэл юуны түрүүнд банкууд хадгаламжийнхаа хүүг бууруул! Хувийн банкууд ашиг хийдэг уламжлалт тооцооллоо “халж”; бүтээгдэхүүн болон бүтцээ өөрчил! Тэр гадаадад чинь мөнгөө хадгалуулсныхаа төлөө хүү авах биш харин төлбөртэй хадгалуулж байна! Иргэд бизнесийнхэнд хэрэгтэй зээлийн хүүг бууруул гэхэээр өөдөөс хадгаламжийн хүү өндөр болохоор болохгүй байна гэдэг тайлбараа боль! Энэ бичээд байгаа зүйлээ хэрэгжүүлье гэвэл Монголбанк энэ хэдэн хувийн банкуудын долларын зээл олголтыг хумих хэрэгтэй!

0  |  0
Top