Дорноговийн урлаг соёлын өдрүүд сонин хачин дүүрэн айсуй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Догшин хутагтын өлгий нутаг Дорноговь аймгийг сурталчлах, соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийг хөгжүүлэх, таниулах гэсэн нэгдмэл зорилгын дор байгуулагдаж буй “Дорноговийн соёлын өдрүүд-2019” арга хэмжээ энэ сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тиймээс тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Номын сангийн захирал, яруу найрагч А.Байгалмаа нарын орон нутгийн төлөөллүүд хэвлэл мэдээллээр дамжуулан нийслэлчүүдэд хандахаар хүрэлцэн иржээ.

Дорноговь аймаг нь догшин хутагт Д.Данзанравжаагаас эхтэй утга зохиол, урлагийн олон алдартнуудыг төрүүлсэн өлгий нутаг. Тухайлбал дорноговьчуудыг төрд төлөөлж буй УИХ-ын гишүүн, яруу найрагч Г.Мөнхцэцэг,  Ардын уран зохиолч Б.Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян, А.Шартолгой, Ш.Гүрбазар тэргүүтэй утга зохиол, сэтгүүл зүйн салбарынхан, Ардын жүжигчин Д.Ухнаа, Гавьяат жүжигчин Ш.Цэвэлмаа тэргүүтэй урлаг соёлын үе үеийн зүтгэлтнүүд нутаг усныхаа утга зохиол, урлаг соёл, үнэт өв түүхийг сурталчилан таниулах үйлсэд нэгдэж байгаагаа мэдэгдэн иржээ.

“Дорноговийн соёлын өдрүүд-2019” арга хэмжээг аравдугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас Сүхбаатарын талбайд албан ёсоор нээх юм байна. Дорноговь аймаг бол Ардын жүжигчин, нэрт бүжиг дэглээч Ц.Сэвжидээр овоглосон бүжгийн олон алдартантай нутаг учраас энэхүү нээлтийг 1000 хүүхдийн бүжгийн үзүүлбэрээр эхлүүлэхээр зэхжээ.

Урлаг соёлын арга хэмжээний нэгэн чухал зүйл бол 14.00 цагаас аймгийн Музей, сургалт, судалгааны төв, Д.Данзанравжаагийн музей, аймгийн урчууд, зохиолчдын уран зураг, ном, бүтээлийн үзэсгэлэнг “Blue moon” галлерайд таван хоног үргэлжлүүлэхээр нээлтээ хийнэ. Энд 20 гаруй урчуудын 60 орчим уран зураг, баримал, фото зургаас гадна нутгийн зохиолч, яруу найрагчдын 300 гаруй бүтээлийг олны өмнө дэлгэнэ. Мөн үеэр буюу 15.00 цагаас “Хувилгаан нутгийн аялгуу” хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болох юм байна. Харин маргааш нь буюу аравдугаар сарын 13-ны өдөр “Хүч чадлын эрэлд” хүүхдийн жүжиг 13.00, 15.00 цагаас тус тус тоглох аж. Түүнчлэн 14,15-ны өдрүүдэд 19.00 цагаас Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид У.Шеспирын алдарт “Лир ван” жүжгийг “Саран хөхөө” театрын дарга Н.Пүрэвдоржийн найруулгаар драмын театрын тайзнаа нийслэлчүүдийн хүртээл болгох нь хэний ч сонирхлыг татаж таарна.

Нөгөө талаар зөвхөн монголчууд төдийгүй олон улсын анхаарлыг татах болсон Д.Данзанравжаагийн музейд яруу найраг, дуу, жүжгийн зохиолын гар бичмэл болон Монгол Улсын түүхийн үнэт зүйл болох 2000 гаруй үзмэр хадгалагдан байгааг дэлгэх нь тэр бүрий нийслэлчүүдэд олдох завшаан биш биз ээ. Дашрамд дурдахад 1930-аад он буюу хэлмэгдүүлэлтийн ид үед Хамарын хийдийн 1500 гаруй авдар эд зүйлс ном судар зэргээс тахилч Г.Түдэв 64 авдар эд зүйлийг газарт нуун авч үлдсэн байдаг. Энэхүү цагийн хатуу бэрхшээлийг туулж өдгөө бидэнд өвлөгдөж үлдсэн ховор зүйлс ч олны хүртээл болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top