Засгийг харлуулах төлөвлөгөө замын салбараар үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20



Тал тохой татах гэсэнгүй. Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө Засгийн газар эрсдэл үүрч, сайдууд нь хувийн карьераа үл хайхран ажиллаж байгааг л дурдах гэсэн хэрэг. Ямар нэг бүтээж босгож байгаа зүйлд алдаа оноо байгааг ялгаж салгахыг ч хүссэнгүй. Гагцхүү тэдний оноо нь давамгайлж байгаагийн зэрэгцээ У.Хүрэлсүхийн танхимын сайдууд зорилготой, зоригтой байгаад хамаг учир бий. Тэр тусмаа энэ жил зам, тээврийн салбарт түүхэн бүтээн байгуулалтууд өрнөсөн жил тал дундаасаа өнгөрч, дараагийн он цаг руу жолоо дугтран галигуулж явна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй учраас амаа бус ажлаа уралдуулах ийм л торгон зайд амьдарч байна, бид. Аливаа орны хөгжил дэвшлийн нэгэн хэмжүүр нь зам, гүүр учраас “Зам дагаж хөгжил” хэмээсэн байж таарна. Үүнээс гадна хүний амьдралын мөч хором бүхэн зам харгуйтай холбоотой гэхээр яах аргагүй олны анхаарлын төвд байдаг зүйл аж. Хөгжил буурай Монгол Улсын хувьд энэ жил зам тээврийн салбарт чамгүй олон бүтээн байгуулалт босгож байгааг хаа хаанаа сайшааж байна. Гэтэл “Сайны хажуугаар саар” гэгчээр элдэв цуурхал, хийрхэл цаг нарыг умартан ажиллаж байгаа замчдын хөдөлмөрийг харлуулж байгаа нь харамсалтай.

Дутуу дулимаг мэдээлэл­тэй зарим хүмүүсийн цуурх­лаас гадна улс төрийн агуул­га бүхий мэдээлэл ч цухалзах болсныг нуух хэрэггүй. Бид эрх чөлөө нэрийн дор ямар ч хариуцлагагүйгээр сүүлийн гучаад жил хараан зүхэж, цуурч ирсэн улс. Зах зээлийн нийгмийн шилжилтийн үеийн бухимдлаасаа өнөөдөр хүртэл гарч чадаагүй, аливаа зүйлийг гэгээтэй талаас нь харж чадахаа больчихсон арчаагүйчүүд илүүрхсэн нийгэм аж. Энэ буруу ташаа, улс төрийн зорилготой гэмээр мэдээлэл нь нийгэмд ямар их хор уршиг тарьж байгааг тоймлох аргагүй нь гачлантай. Монгол Улсын зам, тээврийн салбарт өрнөж буй энэ олон бүтээн байгуулалт, түүнийг хугацаанд нь чанартай хүлээлгэн өгөхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа замчдын хөдөлмөрийг чухам ямар зорилгоор харлуулах гээд байна вэ.

Саяхан Зам, тээврийн хөгж­лийн сайд Б.Энх-Амгалангаар ахлуулсан салбарын мэргэжилтнүүд Баянхонгороос Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр зам, алс Баян-Өлгий аймгийн Хашаатын даваанаас Толбо сум хүрэх 60 километр зам, Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 километр замыг тус тус Улсын комисст хүлээлгэн өгч хөдөлгөөнийг нээлээ. Энэ дэвшил биш үү. Орон нутгийн иргэд энэ замаар баяр хөөртэй зорчиж байхад цахимын араас шүлсээ үсчүүлж суух юм. Одоо таныг ямар ч мэдээлэлгүй цууран, нийгмийг хорлон сууж байхад Баянхонгороос Говь-Алтайн чиглэлийн 126.7 километр замын ажил өрнөж, энэ онд 80 километр замыг хүлээлгэн өгч үлдсэн замыг нь ирэх хавар зунаар ашиглалтад өгөхөөр шаргуу ажиллаж байна. Үүнээс гадна алдарт Загастайн давааны 67 километр замын ажил маш хүнд нөхцөлд хурдацтай явж, энэ онд 30 километрыг нь, ирэх хавар 37 километрыг нь хүлээлгэн өгөхөөр замчид маань өдөр шөнийг үл ялган ажиллаж байна. Монгол Улсын өнцөг булан бүрт л ийм бүтээн байгуулалт өрнөх аж. Тэр хэрээр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан баг хамт олонтойгоо замчдаа эргэж тойрч, удаашралтай зарим газарт “ташуур” өгч, урагштайд нь урам өгч, тулгамдаж буй асуудлыг нь шийдээд иржээ. Тэдний ажил шат шатандаа амьтай, уялдаа холбоотой явж байгааг харуулсан хэрэг. Түүнээс бус хээрийн зам, ажлын талбар, замчдын кемпээр арваад хоногийг төөрүүлэн ажилладаг шинэ цагийн сайд чухам хэд байсныг мэдэхгүй юм. Энэ бүх зам гүүрийн бүтээн байгуулалтын дараа Монгол Улс түүхэндээ анх удаа босоо, хэвтээ тэнхлэгийн замуудаар дамжин Азийн автозамын сүлжээний АН-4 чиглэлд бүрэн холбогдож байгаа гээд гэрэл гэгээ татуулсан бүтээн байгуулалт дүүрэн. Цуурхал тараагчид аа, хорлогчид оо, Азийн автозамын сүлжээний АН-4 чиглэлд холбогдоно гэдэг дэлхийтэй холбогдож байна гэсэн үг шүү. Бидний ирээдүй хойчийг хөгжилд хөтөлж байна гэсэн үг.

Үүний зэрэгцээ агаарын тээвэр ч тэдний анхаарлын гадна үлдсэнгүй. Баруун хязгаарт орших Увс, Завхан аймгуудын Нисэх буудлын хөөрөх буух зурвасыг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлжээ. Бүр орон нутагт нислэгийнхээ тоог нэмж, тийзний үнийг бууруулах тал дээр Зам, тээврийн хөгжлийн яам авиа компаниудтай тохиролцож байгаа нь иргэдийнхээ ая тух, хэтдээ аялал жуулчлал хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийг тэлэх том бодлого явж байгаа гэдгийг ч ойлгох хэрэгтэй.

Монгол Улс түүхэндээ анх удаа Газрын тос нэрэх үйлдвэрийнхээ төмөр замыг өөрсдийн хүч хөрөнгөөр барьж чадсан нь түүхэн амжилт. Одоо Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр замыг мөн өөрсдийн хөрөнгө хүчээр эхлүүлээд тун амжилттай явж байгаа.

Бүтээн байгуулалтад дотоодын цэргүүд оролцож байгааг бид мэднэ. Хүйтэн сэрүүний цаг юу юугүй босго даван алдах энэ үед бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүдэд хувийн хэвшлийнхэн ноосон хувцас бэлэглэжээ. Энэ бол эх орныхоо бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа халуун сэтгэл, эх оронч үзэл юм. Түүнээс хийсэн бүтээсэн бүгдийг харлуулж суугаа нөхөд эх орон гэж юу байдгийг ч мэдэхгүй биз ээ. Энэ том бүтээн байгуулалтад төрийн тэргүүнээс эхлээд салбарынхан санаа ихэд чилээж байгаагийн нэгэн илрэл нь амралтын өдрөөр байн байн эргэж тойрч байгаагаас харж болно. Миний санаж байгаагаар Б.Энх-Амгалан сайд төмөр замын ажлын талбар дээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй гурван удаа, замын мэргэжилтнүүдтэй хэдэн ч удаа очив. Дахин хэлэхэд ажил урагштай, ахицтай явж байгааг үүнээс харж болно. Саяхан л шороон замаар тэрэг техникээ эвдэн, цаг заваа үрэн туулдаг байсан орон нутагт ийнхүү зам гүүрийн бүтээн байгуулалт амжилттай өрнөж байгааг газар дээр нь үзсэн хүн баяр хүргэнэ үү гэхээс арай ч ийн цуурахгүй байх. Тэгэхээр энэ нийгмийг хорлон сүйтгэж, цуурхал тараагаад байгаагийн цаана Б.Энх-Амгалан сайд ч юм уу, У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр төрд халдах гэсэн улс төрийн зорилго ч харагдах аж. Хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө нэгэн хүн байтугай улс орны хувь заяаг самрахад ч бэлэн нөхөд олширч байгаа цаг санж. Арай ч харийнхны захиалгаар ийн үймүүлдэггүй биз хэмээн хүчээр ч болтугай итгэж сууна.
 


Тэгвэл нийслэлд ч зам гүүрийн бүтээн байгуулалт чамгүй өрнөж буйг Улаанбаатарчууд харж байгаа ч өнөөх хар сүүдэр бас л дайрсаар байх юм. Монгол Улс түүхэндээ анх удаа дэлхийн жишигт нийцсэн нисэх буудалтай болж, хурдны зам тавьсан. Гэтэл иргэд маань хурдны замын стандарт, дагаж мөрдөх бусад зүйлийг мэдэх нь бүү хэл гадарладаггүй бололтой. Тухайлбал, “...хурдны замыг есдүгээр сарын 15-аас хөдөлгөөнийг нээнэ гэх юм, өнгөрөгч долоодугаар сард нээчихээд юу яриад байгаа юм...” хэмээн өө сэв хайх. Үнэн хэрэгтээ харлуулж мэдэмхийрээд байгаа нөхөд анх удаа хурдны зам дээгүүр давхих гэж байна. Манай зарим сэтгэлээ зэрэмдэглүүлсэн хүмүүс хурдны байтугай зам дээр хурд хэтрүүлэн осол гаргаж, энэ буруугаа бусад руу чихдэг зуршилтай. Тэгвэл хурдны зам дээгүүр явах дүрэм журам, камер, хурд хэмжигч гээд олон зүйлийг бүрдүүлж байж хөдөлгөөнийг нээх ёстой учраас энэ сарын 15-нд нээнэ гэдгийг албаны хүмүүс хэллээ. Мэдэхгүй нэгэнд тодотгож хэлэхэд, долоодугаар сард хатуу хучилттай замынхаа зорчих хэсгийн ажлыг дуусгачихаад түүнийгээ дуусгалаа гэдгээ мэдэгдсэн байна. Хийсэн ажлаа л ном журмын дагуу тайлагнаж байгаа нь энэ. Тэгээд та бүхэнд зориулсан тэмдэг тэмдэглэгээ, камержуулалтаас эхлээд нарийн чимхлүүр ажлаа гүйцэтгээд энэ сарын 15-нд бүрэн хүлээлгэн өгөхөө хэлсэн хэрэг. Нөгөө талаар зам барилгын ажил гэдэг юу юунаас хүнд нөхцөлд өрнөж, хамгийн хатуу шалгуур давдаг ийм зүйл аж. Яагаад гэхээр энэ зам, гүүрээр Монгол Улсын иргэд аюулгүй амар тайван зорчих учраас тэр. Өргөн агуулгаар нь авч үзвэл Монгол Улсын эдийн засаг, хөгжил гээд бүхий л зүйл зам харгуйтай холбоотой учраас тэр.

Анх баригдсан цагаасаа хойш 80 оныг үдэж, 1996 оноос хойш 20 гаруй жил нэг ч удаа их засвар хийгдээгүй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 километр замыг Б.Энх-Амгалан салбарын сайдаар томилогдсон даруй зориг гарган эхлүүлсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гүйцэтгэх засаглалын тэргүүний зоримог алхам ч танхимынхаа сайдуудын зоригийг бадраадаг бололтой. Удаа дараа осол гарч олон эрдэнэт хүний амийг авч одсон замыг дэлхийн стандартад нийцсэн дөрвөн эгнээ бүхий зам болгон шинэчлэхээр ажлаа эхлүүлсэн замчдыг сайдтай нь хавсран зүхэж л сууна. Олон хүний эрдэнэт амийг авч одсон хуучин муу замтайгаа байсаар байх ёстой юу. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажилд байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлж байгааг ч мэргэжилтнүүд олонтаа дурдсан. Замын гүйцэтгэгчид хэлэхдээ “Энэ ажлыг эхлүүлээд 78 хоноход 22 өдөрт нь бороо орсон. Бороо орсны дараа технологийн горимоороо заавал бүтэн нэг өдөр хатаах шаардлагатай болдог” хэмээн тайлбарлаж байгаагаас харвал ажилласан хугацаа маш бага ч ахиц нь арвин байгааг энэ замын ажил үйлсээс харагдана. Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлтэй холбогдуулан түр зам гаргасан нь бороо хуртай үед зорчигчдын бухимдлыг хүргэдэг бололтой. Бухимдлаа гээд бүтээн байгуулалт, цаг наргүй ажиллаж байгаа замчдыг нулимж болно гэж үү. Маргаашийн гэрэл гэгээг бодон талархаж явах ёстой сон. Харин ч түр замыг нээснээр огцом эргэлтүүдийг арилгаж, үзэгдэх орчинг сайжруулж байгаагаас гадна осол ихээр гардаг есөн хар цэгийг арилган шинэчлэхээр төлөвлөсөн. Нөгөө талаар Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллийг харвал тус замын осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурчээ. Ядахад энэ мэдээллийг бодитоор олоод харчих хэрэгтэй.

Түүнчлэн өнгөрөгч зууны жараад онд анх тавьсан Налайхын замыг ямар зам байсныг бид мэднэ. Тэгвэл олон жил засч чадахгүй ярьсан Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 километр замыг мөн энэ онд зориглон барьж авсан. 20.9 километр гэхээр Дарханы замтай харьцуулахад уртын хэмжээ нь богино мэт боловч хуучин хоёр эгнээг дөрвөн эгнээ болгон өргөтгөж байгаа учраас дэлгэмэл уртаараа 55 орчим километр болж байгаа гэсэн. Тэгэхдээ гүйцэтгэгч компанитай хийсэн гэрээний дагуу ирэх онд ашиглалтад өгөх товтой. Харин Зам, тээврийн хөгжлийн яамнаас талуудтай харилцан тохиролцож энэ намрын сүүл сард зорчих хэсгийг нь нээхээр болсноор өнгөрөгч долоо хоногт асфальтыг тавиад эхэлжээ. Зам дагалдах зарим ажлыг ирэх жил товлосон хугацаандаа өгөхөөр тохирч. Мөнхүү хот дотор Замын цагдаагийн шинээр баригдаж байгаа гүүрийн хөдөлгөөнийг нээхтэй дөрөө харшуулан “муруй тахир” гээд зорилтот гэмээр шүүмж өрнөөд эхэлжээ. Гэтэл бусад гүүрүүд бүгд дан шулуун байдаг бол энэ гүүр нь өөр технологиор баригдаж байгаа аж. Тодотговол, Монголын анхны А, М, С хэсэгтэй гүүр юм байна. Бид шүүмжилж нийгэмд буруу ташаа ойлголт өгч байхаар гүүрийг захиалсан Зам, тээврийн хөгжлийн яам, гүйцэтгэж байгаа компани, мэргэжилтнүүдээс асуучих хэрэгтэй л дээ. Гүүрийн хөдөлгөөнийг нээх үеэр гүйцэтгэгчид 100 жилийн баталгаа өгч байгааг сонссон юм байна. Ийнхүү хөгжилд хөтөлсөн зам харгуй олон зуун километрээр баригдаж, иргэд олон нийт баяр хөөртэй зорчиж байхад зорилго бүхий харлуулагчид нийгмээ хорлон худал цуурхал тараасаар л байна даа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Насан(202.9.45.191) 2019 оны 09 сарын 23

3 жил гулартлаа хэрэлдсэний гор гарч. МАН. Дахиж. Терийн толгойд гарахгуй

0  |  0
Привет (64.119.23.178) 2019 оны 09 сарын 20

Хурэлсух хун загнах сур Данзантахаас оор хийж гийгуулээд байгаа юм алгаа. Газрын тосны уйлдвэр яасан. Гашуунсухайтын томор зам хэзээ эхлэх вэ

0  |  0
Мэргэжлийн хүн(202.179.26.186) 2019 оны 09 сарын 20

Хүрэлсүх харин ч юм хийж байгаа хүн шүү. Өөр сайд дарга нар авилгалаас өөр ажил хийсэн юм уу??????????????????????????????????????????????????????????????

0  |  0
zochin(66.181.185.48) 2019 оны 09 сарын 20

erunkhii sayd , tankhim ni sayn ajillaj baygaa , ard olon kharj , medej , demjij bayna , iim kharluulsan zuyliig ter ami ni tasrakh gej buy manan l khiigeed baygaa

0  |  0
Top