ПРОКУРОР: ОХУ-ын прокурорын газартай хамтарна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайкагийн урилгаар 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд Эрхүү хотод ажлын айлчлал хийгээд ирлээ.

Айлчлалын хүрээнд “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, ОХУ-ын Ерөнхий Прокурорын газрын 2020-2021 оны хамтын ажиллагааны хөтөлбөр"-т хоёр улсын Ерөнхий прокурорууд гарын үсэг зурж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллахаар болсон байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы ОХУ-ын прокурорын байгууллагатай цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр тавьсан тодорхой саналуудыг ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка найрсгаар хүлээн авч, Монгол Улсын прокуроруудыг ОХУ-ын Эрхүү хотод жил бүр мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулж байхаар тохиролцжээ. Цаашдаа хоёр улсын прокурорын газрууд ажил хэргийн албан ёсны уулзалтуудыг тогтмол хийж байхаар болсны  зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайкаг Монгол Улсад урилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top