“The Hu” хамтлагийн тоглолтын тасалбар дуусжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Европын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” буюу Хүмүүн (Хү) хамтлагийг өчигдөр буюу энэ сарын 10-нд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Тус хамтлаг өнөөдрөөс эхлэн Лондон, Манчестер, Брайтон, Гласгов, Бристол зэрэг зургаан хотод тоглох юм. Тоглолтын тасалбар зарагдаж дууссан ч "Хү" хамтлагийн тоглолтыг үзэх хүсэлтэй Британи улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд болон Британичууд олон байгаа аж.

Уулзалтын үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ.

“The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулжээ.

Мөн ирсэн зочдод Хү хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй пянз дурсгал болгон бэлэглэв. “Хүннү рок” гэх урсгалд хөгжмийн олон төрөл зүйл багтаж байгаа нь зөвхөн рок сонирхогч гэлтгүй олон хүн сонсох боломж олгож байгаа тул ирэх дөрвөн жилд багтан дөрвөн цомог гаргах гэрээг “THE HU” хамтлагийнхан дэлхийд алдартай продакшнтай байгуулсан байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top