Г.Бандицэрэн: Эх хүний амнаас гарсан үг бүхэн амьтай байдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Бидний мөнхийн сэдэв болсон гэр бүлийн харилцааны тухай илтгэл, лекцээрээ олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн лектор Г.Бандицэрэн буюу Чилатай ярилцлаа. Тэрбээр сэтгэл судлаач, найруулагч, жүжигчин мэргэжилтэй. Эмэгтэйчүүд, эх хүний талаар цуврал илтгэлээрээ олонд танигдсан түүнийг Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан зочдын нэгээр сонгож, урьсан юм. Чила хэмээх өвөрмөц нэрний утгыг нь асуухад, “Ээжийн маань намайг багад дууддаг байсан хоёр дахь нэр. Чи бол миний лааны гэрэл, чи лаа шүү, гэрэл гэгээ шүү гэсэн утга агуулдаг. Тэр ч утгаараа нийгэмдээ, залуустаа өөрийн зүгээс чадах чинээгээрээ гэрэл түгээхийг хүсч явдаг” гэж тайлбарласнаар бидний яриа эхэллээ. 


-Та “Монголын үг урлаачдын нийгэмлэг”-ийг тэргүүлдэг. Энэ яг ямар үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг вэ?

-Монголын үг урлаачдын нийгэмлэг байгуулагдаад, таван жил болох гэж байна. Монголын үндэсний хэл, соёл сүүлийн жилүүдэд багагүй алдагджээ. Тиймээс залуучуудыг зөв цэгцтэй ярьж сургах, зөв цэгцтэй үг хэллэг хэрэглэж, хоорондоо харилцах харилцаандаа хүртэл эерэг уур амьсгал бүрдүүлэх, эх хэлнийхээ өв соёл, аугаа үнэт зүйлийг хадгалж үлдэхийн тулд өөрөө ч гэсэн илтгэх урлагтай амьдралаа холбоё гэж шийдээд, Монголын үг урлаачдын нийгэмлэг байгуулсан. Нийгэмлэг маань зөв, цэгцтэй ярьж сургахаас гадна эх хэлний яруу тансаг үг хэрхэн амилдаг вэ гэдгийг хүмүүст таниулах, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо залуус үгийн баялагт нь өдөрт 200 үг хэрэглэгдэж байвал их юм болжээ. Гадаад үг хэллэг их хэрэглэдэг болсон байна. Тархинд нь хэр хэмжээний мэдлэг байна, түүнийхээ хэрээр ярьдаг болохоор хүмүүстэй буруу ярьж, буруугаар ойлгогдох тохиолдол гардаг. Нэг үгээр хэлбэл, өөрийгөө илэрхийлэх чадвар сул, үүнээсээ болоод бусдад дорд үзэгдэх, хэрүүл маргаан хийх, үл ойлголцох гэх мэт асуудлууд үүсдэг. Монгол хүн монгол хэлээрээ ярьж чадахаа болино гэдэг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн явдал гэж би хувьдаа үздэг. Аймаг, сумдууд болон хүүхэд, залуучуудын холбооны урилгаар энэ тэнд лекцээ уншиж байна. Би өөрийгөө монголчуудыг соён гэгээрүүлэх үйлст хувь нэмрээ оруулах гэж хүчин зүтгэж яваа гэж боддог. Залуу гэр бүл, хорих анги, хөдөө орон нутгийн малчид ч юм уу, хаана л хүрэх боломжтой байна тэр бүх газар руу хүрч ажиллах гэж хичээдэг. Нийгэмлэгээ байгуулахаас өмнө өөр газар ажиллаж байгаад бизнест хутгалдах гээд үзэл бодлын зөрчилдөөнөөс болоод гараад явсан. Араас есөн шидийн хуурамч аккаунтаар намайг доош хийсэн байдаг юм. Янз бүрийн юм бичээд хэцүү л байсан. Гэхдээ хүн нэг зангаараа зорьсон зүйлдээ итгэл найдвар тээгээд тууштай байхад болдог гэдэгт би итгэдэг. Би зорьсон зорилгоо орхихгүйгээр мөрөөдлөө амьдрал болгоод, сайн сайхан зүйлсийг мөрөөддөг. Бид одоо олон тогтмол лекц илтгэлүүдийг бэлтгэхээс гадна гарын авлага бэлтгэж байна. Түүнийгээ хэвлүүлэхийн тулд аль нэг компаниас тусламж гуйхаас илүүтэй лекцээ уншиж, хэдэн төгрөг олоод санхүүжилтээ бий болгоод явахыг боддог. Дуу дуулна уу, бүжиг бүжиглэнэ үү, лекц уншсан уу, Монголын үг урлаачдын нийгэмлэг үндсэн нэг л зорилготой. Тэр нь монголчуудын соён гэгээрэлд хувь нэмэр оруулна.

-Өнгөрсөн хугацаанд та хичнээн удаа лекц уншсан байдаг вэ? Таны лекц сошиалд маш олон хандалттай байдгийг учир нь юу гэж боддог вэ?

-Давхардсан тоогоор зургаан сая гаруй хүнд лекц  хүргэж, 6000 орчим хүнд лекцээ хүргэсэн. Зурагтаар гардаггүй мөртлөө олон хүн таньдаг, од энэ тэр гээд зарим нь намайг хэлж л байдаг. Би бол сурган хүмүүжүүлэгч сэтгэл судлаач, найруулагч хүн. Урлаг өөрөө соён гэгээрүүлэх зүй тогтолтой. Сурсан бүх эрдмээ хослуулж байгаад зөв зүйл хийчих юмсан гээд зориод явж байна. Ашиг олно гэхээсээ илүүтэй залуучуудыг зөв зүйлд уриалан дуудахыг хүсдэг.

-Залуусыг юуг илүү ойлгож аваасай гэж хүсдэг вэ?

-Би өөрийнхөө тухай л яриад байдаг юм. /Инээв/. Өөрийг нь өөрт нь ойлгуулах гэж ярьдаг гэж өөрийнхөө лекцийг дүгнэх дуртай. Хамгийн хэцүү зүйл бол хүн өөрийгөө ойлгох байдаг. Өөртөө зорилго, тэвчээр, тэмүүлэл, амьдрах ирээдүй, хайр, итгэл бэлэглэж, түүндээ тууштай байж чадах юм бол хүн болсны утга учир юм болов уу. Хар бараан бүхнийг арилгаж, амьдралаа цагаанаар будах гэж зүтгэвэл тэр өөрийнх нь хүссэн зүй тогтлоор болдог гэж би боддог. Өнөөдөр хүн автобусны мөнгөгүй байж болно. Гэхдээ хүн гутлын алчууртай байгаад өөртөө арчаатай байж болдог л байхгүй юу. Хүн идэх хоолгүй байлаа гэхэд цүнхэнд нь савтай ус байж болно. Энэ зөвхөн хувь хүнээс өөрөөс  нь шалтгаалах зүйл гэж би боддог.

Өөртөө итгэлтэй байх амьдралын хамгийн чухал зүйл.

Зорьсондоо хүрэх гэж л зүтгэх хэрэгтэй. Гэхдээ зөв мөрөөдөл рүүгээ тэмүүлэх ёстой. Хоосон зүйл бодохоосоо илүүтэй газарт бууж, мөрөөдлийнхөө төлөө зүтгэдэг байгаасай гэж хүсдэг. Тийм учраас миний лекцнээс бага ч гэсэн итгэл найдвар, зорилгынхоо төлөө бат зогсож чадах хүсэл тэмүүллийг авдаг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

-Таны лекцийг хүн сонирхож сонсдог, үздэг учраас та хүссэн хүсээгүй олонд танигдах болжээ. Энэ нь эргээд сайн, муу үр дагаврыг зэрэг дагуулж явдаг юм шиг санагддаг. Жишээ нь, таны талаар сошиал орчинд эмэгтэйчүүдтэй холбосон таагүй мэдээлэл гарч байсан...

-Хүн ажлаа хийгээд явж байхдаа сайхан, муухай янз бүрийн л зүйл сонсоно. Монголчууд нэгнийгээ зөв зүйл хийгээд явж байхад дэмждэг байвал сайн сан. Яг үнэндээ намайг харлуулах гэж оролдсон хүн надад тусалсан гэж хэлж болно. Тэр мэдээлэл цацагдсаны дараа миний лекцийн захиалга бүр ихэссэн байдаг юм. Өөрийн сурч мэдсэн зүйлээрээ хүмүүст тус болж, оюун санаанд нь хэрэгтэй зүйл өгөх юмсан гэж хичээж явна. Түүнээс би мундаг сайн, баян тарган ч юм уу, од  хүн бол биш. Од гэдэг чинь тэнгэрт нь ярих юм бол сөнөсөн гаригийг хэлдэг юм гэсэн. Надад олны танил болоод хамгийн сайхан санагддаг зүйл нь зөрж өнгөрч байгаа таван хүний гурав нь надтай мэндлэх байдаг. Тэр болгонтой хүндэтгэлтэй, соёлтой сайхан харьцахыг хүсдэг.

ДЭЛГЭРЭНГҮЙ ХАРИУЛТЫГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!     

 

-Сошиалд лекц М200 төсөл гэсэн логотой цацагдаж, оновчтой ишлэл бичих болгондоо явуулж байгаа л даа. Ямар учиртай төсөл эхлүүлсэн талаараа бидэнтэй хуваалцаач?

-М200 гэдэг төслийг нэг хүн миний зүүдэнд ирж хэлсэн байдаг юм. Энэ үгний цаана миний хувьд маш их нууц байдаг. Тийм учраас төслөө ингэж нэрийдсэн. Хүмүүс янз бүрээр л асууж байна. Удахгүй нэрний учир тайлагдана. Энэ хүн чухам юуг зориод байгаа юм гэдэг нь илүү тодорхой болох байх. Тэгэхээр түр энэ нэрийг нууц хэвээр нь үлдээе.                                    

-Та жүжигчин мэргэжилтэй. Танай ангийнхан одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу?

-Бандицэрэн гэдэг нэрийг намайг бага байхад нэг лам өгсөн гэсэн. Төвд хэлнээс орчуулахад урт наст дууч гэсэн утгатай. Билэгдлээ бодоод бас дуулах гэж оролддог юм болов уу гэж боддог. Мисс Э.Пүрэвсүрэн, Жүжигчин Б.Ууганбаяр, Г.Отгонцэцэг “Бондоолой” фильмийн Бондоолой, “А-Cappella” хамтлагийн дөрөв гээд бид нэг ангийн хүүхдүүд. Би гэхдээ мэргэжлээсээ урваагүй, өөрийгөө жүжигчний мэргэжлээр ажиллаж байгаа гэж боддог.  6000 гаруй удаа тайзан дээр гарахдаа ганц хүний моно жүжиг тоглож байгаа юм шиг байдаг. Тайзны урлагаас илтгэх урлаг руу орсон ч 20 гаруй кино зохиол, 200 орчим дууны шүлэг зохиосон. Ямар нэгэн байдлаар уялдаа холбоотой ажиллаж байна гэж боддог. Нэг харахад сэтгэл судлаач ч юм шиг, зохиолч найруулагч ч юм шиг, нэг харахад оператор болчихсон явж байдаг. Чадахаасаа чадахгүйг хүртэл хийнэ гэж боддог. Гэхдээ бүх зүйлийг өөрөө хийдэг болсон шалтгаан нь мундаг сайндаа биш, төсөв хэмнэх үүднээс ийнхүү бүхнийг сурсан хэрэг. Өөрийн сурч мэдсэн зүйлээрээ хүмүүст тус болоод, оюун санаанд нь хэрэгтэй зүйлийг хэлэх юмсан гэж хичээгээд явж байна.

-Мартын 8-ны өдөр тавигдах “Бурхан” лекцийнхээ талаар та товч мэдээлэл өгнө үү?

-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Бурхан” хэмээх лекцээ тавихаар бэлтгэж байна. Бурхан гэж хэн юм бэ гэхээр би бол харж байгаагүй, гэхдээ зураг бол харж байсан. Бурхан шиг сэтгэлийг хэн надад зориулдаг юм, яг бурхан гээд хэлчихвэл хэн нь бурхантай адил юм. Миний ойр орчимд байгаа хүмүүсээс хэн илүү бурхантай адилхан бэ гээд бодохоор ээж л байдаг. Ямар нэгэн шашин шүтлэгийг сурталчлах гээд байгаа хэрэг биш. Эх хүнийг магтан дуулж, тэр эмэгтэй хүний үнэ цэнийг, эмэгтэй хүн гэдэг бол ямар аугаа үнэ цэнэтэй хүн бэ гэдэг талаар өгүүлэх болно.

Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 16:00,  19:00 цагаас хоёр удаа лекц уншина. Хоёр удаа гэхээр том зааланд гэж хүмүүс ойлгоод байгаа. 1000 хүний суудалтай биш нэг заал нь 286 хүний суудалтай заал нь олдож байгаа. Тийм учраас хоёр цаг хүмүүстэй уйлсан, дуулсан, инээсэн, сэтгэлээ хөдөлгөсөн сайхан цаг хугацааг өнгөрөөе л гэж хүсч байна.  Монголын үг урлаачдын нийгэмлэгийн таван жилийн ойг угтаж хийж байгаа ажлуудын нэг. Энэхүү лекцэнд ээжтэйгээ ирж үзээрэй гэж урьж байна. Бурханыхаа хажууд бурханыхаа тухай сонсоод сууж байвал гоё байх. Зарим залуус амьдралаас уйдаж байна, амьдрах итгэлээ алдаж байна. Зарим залуус жижиг зүйлээс болж их том зовлон амсаж байна. Яавал зөв амьдрах вэ, яавал утга учиртай амьдрах вэ гэдгийг бодохгүй, ойлгохгүй залуучууд зөндөө бий. Ядаж ээж, аав нь өөрийг нь төрүүлсэн, хүмүүжүүлсэн хайр энэрэлийг бодох хэрэгтэй. Бид өөртөө байгаа зовлонгоо тоолоод байдаг болохоос жаргалаа ерөөсөө тоолдоггүй юм шиг санагддаг.

-Ээжийн тухай лекц уншдаг таны өөрийн тань ээжийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Ээжийнхээ тухай бидэнд яриач. Эх хүн гэж яг хэн юм бэ?

-Эх хүн гэдэг бол чамгүй худалч хүн. Өвдөж байгаа байж өвдөөгүй, уйлж байгаа байж уйлаагүй гэж хэлдэг. Өөрт байгаа зовлонгоо хүүхэддээ мэдрүүлэхгүй, бүгдийг нь өөрөө үүрэх гээд байдаг. Би бол өөрийгөө шаналах эрхгүй, зовох эрхгүй гэж боддог. Эмзэг юм уу гэхээр бас газар унагаагаад хагалчих тийм ч эмзэг биш. Хүнд хэцүүг даадаг хэрнээ жижигхэн зүйл дээр гомдож туньдаг. Аавууд ч гэсэндээ ээжийн л хайр халамжид бидэнтэй хамт өсч өндийдөг юм шиг санагддаг. Эмэгтэй хүн бол энэ хорвоог өсгөж, өндийлгөж, ургаж цэцэглүүлж, дэлгэрүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй хүн. Би эмэгтэй хүнийг бороо, нарны гэрэл, ямар нэгэн амьд амьтныг ургуулж, оршин тогтноход хамгийн чухал нөлөөтэй гэж боддог. Эмэгтэй хүнийхээ шинж чанарыг агуулж  чаддаг эмэгтэйлэг, ёс зүйтэй эмэгтэй хүнийг хайрламаар санагддаг.

-Эмэгтэйчүүд тэгвэл энэ нийгэмд үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-Монгол эмэгтэй хүн алсын хараатай. Арьсных нь цаанаас ягаан туяа бутарсан төрөлхийн гоо үзэсгэлэнтэй. Хамгийн чухал нь нүдэнд нь гал гэрэлтдэг. Эртний судар шастирууд дээр ч гэсэн бичигдсэн байдаг. Хүнд гурван гал байдаг. Сэтгэлийн гал, нүдний гал, тархины гал гээд гурван гал байдаг гэнэ. Энэ гурван галыг хүн тэнцүү байлгаж чадах юм бол их жавхаатай, өнгө зүстэй, гоо үзэсгэлэнтэй харагддаг. Нийгэмд үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэхээр ёс суртахууны асуудал хурцаар тавигдаж байна. Монгол эрчүүдээ голоод л. Бид чинь цөөхүүлээ ард түмэн шүү дээ. Бидний ёс зүйгээр уусгаад авах юм бол ямар ч улс дарангуйлж, устах аюул хаяанд байна гэсэн үг. Нэгдүгээрт, монгол эмэгтэй хүн гэдгээ ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, ийм том газар нутагтай улсыг авч үлдэхийн тулд эмэгтэй хүний хатан ухаан зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгодог байх хэрэгтэй. Юм болгоныг шүүмжилж, эрчүүдийг хараан зүхэж, дутуу үнэлээд байхаасаа илүү эрчүүдийн оюун санаанд яаж нөлөөллөх вэ, зөв шийдвэр гаргахад нь эмэгтэй хүн яаж туслах вэ гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй. Ийм зүйлийг би охидуудаасаа, эмэгтэйчүүдээсээ хүсмээр байдаг. Эх хүний амнаас гарсан үг хүртэл амьтай байдаг учраас эмэгтэй хүн ёс бус зүйл хийгээд явж байхад би дургүй. Эрчүүд ёс бус зүйл хийгээд явж байх ёстой юм уу гэхээр бас тийм биш.

-Цаг үеэ дагаад нөхцөл байдал өөр болжээ. Тэр тусмаа монголчуудын уламжлалт ёс дэг алдагдсанаас болоод ч юм уу хүмүүсийн хандлага ч өөр болсон байхыг үгүйсгэхгүй?

-Аргалын утаа үнэртэж, ангир уургаа залгиж өссөн, тэнгэртээ сүсэглэж, нарандаа залбирдаг, хүч чадалтай, хөх толботой гэхээсээ илүүтэй нэг л их компьютер ухсан хүмүүс их болжээ. 

Тоглож наадсан эсвэл архи дарс хэрэглэсэн, амьдрал хүнд хэцүүг гоочилсон, сэтгэлийн тэнхээгүй эрчүүд манай улсад олон болсон байна. Эцэг, эхээрээ тэжээлгэж байвал тэр нь бараг жаргал юм шиг, хорвоо үүгээр дуусах гэж байгаа мэт сэтгэдэг эрчүүд олширчээ.

Энэ нь эргээд ёс зүйтэйгээ их хамааралтай харагддаг. Ер нь хэн нь хэнийгээ хэлэлтгүй амьдралыг даван гарах мөн чанар нь хомсдолтой гэх юм уу даа . Гэхдээ бүх эрчүүд тийм гэж хэлээгүй гэдгийг сайн ойлгоорой. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй Монголын нмйгэмд тулгамдаад байгаа хамгийн гол асуудал нь монгол хүн хэн бэ гэдэг асуулт, монгол хүн ямар байх ёстой гэдэг л хурцаар тавигдаад байна. Ардчилал гэдэг хэдий эрх чөлөө ч гэсэн ардчилал гэдэг бол хариуцлага өндөртэй эрх чөлөө юм гэдгийг заавал хэлэх ёстой. Хариуцлагагүй эрх чөлөө өөрөө их аюултай.  Дуртай нь гэр бүлээ хаяж яваад, хүүхдээ өнчрүүлээд, дуртай нь авлига аваад, дуртай нь хулгай хийгээд хүний наймаанд оролцоод, хар тамхи татаад, юу дуртайгаа хийж болно гэж залуучууд ойлгож болохгүй. Бүсгүйчүүд ярьж байна, "Энэ нийгэмд би олигтой хүнийг олж чадах болов уу, олигтой хүн гэж яг хэнийг хэлээд байгаа юм. Бас одоо би 30 хүрлээ. Цагаан сараар айлд орохоор борлогдсон уу гэж асуудаг" гэхчлэн. Зөвхөн тэр асуултнаас бултаж эхэнд тааралдсан хэнтэй ч хамаагүй сууж байгаа тийм ухамсаргүй үйлдлүүд гарч байгаа. Хэдэн насандаа хэнтэй суух нь чухал вэ гэхээсээ илүү би хэнд итгэл найдвар өгч, хэнээр зүрх сэтгэлээ дүүргэх вэ гэдгийг шийднэ гэдэг хүндрэлтэй асуудал болчихоод байна шүү дээ. Явж, явж эмэгтэйчүүд энэ амьдралд хамгийн хүндийг туулж, гол ачааг үүрч байна. Гэр бүл саллаа гэхэд хүүхэд нь эмэгтэй хүн дээр л үлддэг. Тэгэхээс ч аргагүй. Ингэлээ гээд эрчүүдийн дийлэнх нь амиа л хийчээдэг, өөрийгөө л боддог. Үр хүүхэддээ анхаарал, халамж тавьж чаддаггүй. Нийгмийн байдал нэг ийм л болчихлоо. Энэ маш харамсалтай.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.126.215) 2022 оны 05 сарын 27

6 сая хүнд лекц уншсан гэнүү? 6,000 удаа тайзан дээр гарсан ч гэж байх шиг. Хар ухаанаар бол нэг удаа гарахдаа л 1,000 хүнд лекц уншдаг гээд байгаамуу хаха. Яриа энэ тэр арайл бүлт бүлт юмаа

0  |  2
Даваасүрэн(202.126.89.142) 2019 оны 03 сарын 11

3 сарын 8 нд болсон Бурхан ээж лекц үзэж Энэ залууг өсгөж хүмүүжүүлсэн ээжээр бахархаж суулаа ажилд нь улам их амжилт хүсэн ерөөе

0  |  0
хэхэ(112.72.6.50) 2019 оны 03 сарын 06

баньдийн юм ярьдгийн бэ, энэ баньд чинь

0  |  0
зочин(202.55.188.40) 2019 оны 03 сарын 06

Үнэн гоё хэлжээ, яахаараа, яаж хүмүүжихээрээ ийм ухаантай болдог байнаа, эсвэл байгалаасаа ингээд төрчихдгиим боловуу???

0  |  0
Top