Хөгжлийн банкны 500 сая ам.долларын БОНД-ын санхүүжилт орж иржээ

2018 оны 10 сарын 24

Хөгжлийн банкны удирдлагууд  2018 онд хийсэн онцлох ажлаа өнөөдөр хэвлэлийнхэнд тайлагнав. 2017-2018 онд Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, бизнес эрхлэгчдийн хувьд хүлээлтийн  жил байсан боловч МУХБ-ны зүгээс үүссэн нөхцөл байдалд шинжилгээ хийж, банкныхаа эрх зүйн орчинг сайжруулах, харилцагчдын итгэлийг сэргээх, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх зорилго тавин ажиллаж тодорхой эерэг үр дүнд хүрч чадсан гэлээ.

Тухайлбал, Банкны эрх зүйн шинэ орчинд  бие даасан, хараат бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон.Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн төлбөрийг хугацаанд нь төлөх онцгой  хариуцлагатай жил байсан бөгөөд 580 сая ам.долларын Евро бондыг оролцуулан нийт 1 тэрбум 22 сая ам.долларын гадаад эх үүсвэрийн эргэн төлөлтийг амжилттай хийж,  олон улсын  санхүүгийн зах зээлд  Монгол Улсын болон Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүндийг бататгаж чадсан гэж байлаа.

Мөн төсөл, хөтөлбөрүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг хангуулан, санхүүжилтийн үйл ажиллагааг  зохион байгуулж чадсанаар  2017-2018 онд нийт 1 их наяд 7 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлж, 861 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг  дэмжих  хүрээнд олгосон гэв. Үйл ажиллагаандаа санхүүгийн бусад хэрэгслүүд  болох санхүүгийн лизинг, хөрөнгө оруулалт, батлан даалтын механизмуудыг ашиглах боломжтой болж Ди Би Эм Лизинг ХХК, Ди Би Эм Ассет менежмент ХХК-дыг байгуулж тодорхой үр дүнд хүрсэн гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн хугацаанд банкны хөрвөх чадварын найдвартай байдлыг хангах, гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүдийн эргэн төлөлтийг төлөх зорилгоор Засгийн газрын баталгаагүй 110 гаруй сая ам.доллар болон шинээр 500 сая ам долларын эх үүсвэрийг бүрдүүлээд буй аж.

Сүүлийн 7 улирлын туршид банкны актив хөрөнгийн хэмжээ 3.4-3.9 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ оны 3 дугаар улирлын байдлаар 3.4 их наяд төгрөгт хүрээд байгаа юм байна. Шинээр арилжаалсан бондын хөрөнгө болон бусад татан төвлөрүүлж буй богино, урт хугацааны эх үүсвэрүүдийн нөлөөгөөр 2018 оны сүүл рүү актив хөрөнгийн хэмжээ өсч, 3.8-4.0 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэхээр байна гэлээ.

                   500 сая ам.долларын БОНД

Хөгжлийн банк 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг 5 жилийн хугацаатай, 7.25% купонтой, Засгийн газрын баталгаагүйгээр амжилттай арилжааллаа.

Хөрөнгө оруулагчид  газар зүйн байрлалын хувьд Америк (39%), Eвроп (37%), Ази (24%) оролцсон бөгөөд дийлэнх буюу 86% нь Активын удирдлагын компаниуд оролцсон. Нийт захиалгын түвшин Нью-Йоркийн зах нээснээр  4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь МУХБ-ны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байсан. Олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ-наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтоож чадсан нь Монгол Улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал болсон. Ийнхүү бонд амжилттай арилжаалсан нь улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, богино хугацааны валютын гарах урсгалыг багасгах, дотоодын валютын захад үүсээд буй хэлбэлзлийг сааруулахад эерэгээр нөлөөлөв.

Монгол Улсад болоод хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс итгэх итгэл сул байгаа өнөө үед бонд арилжаалж, доогуур хүүтэй эх үүсвэр бүрдүүлсэн, хөрөнгө оруулагчдын захиалга эрэлтээс 8 дахин давж биелсэн нь улсад болоод дотоодын аж ахуй нэгжүүдэд гадаад зах зээлээс хөрөнгө босгоход эерэгээр нөлөөлөхүйц жишиг хэлцэл боллоо гэж Хөгжлийн банкнаас мэдээлж байна.

Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын санхүүжилт манай улсад орж ирснийг мөн тус банкны зүгээс өнөөдөр дуулгалаа.

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.112.39) 2018 оны 10 сарын 27

TSEVDEGTEI GAZAR TETS 5 BARISAN

0  |  0
Зочин(66.181.177.22) 2018 оны 10 сарын 24

Тэгвэл яагаад доллар буудаггүй юм бэ?

0  |  0
Top