“Данс хаах асуудал үүсвэл Төв банк арилжааны банкуудын талд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ”

2018 оны 10 сарын 24

Манай арилжааны банкуудын ам.долларын төлбөр тооцоог дамжуулагч гол банкууд болох  Standard Chartered Bank Plc болон China Construction Bank Corporation  банкууд Монголын банкуудын дансыг хаахаа мэдэгдээд буй талаар манай сайт өчигдөр мэдээлсэн. Уг мэдээллийг Монголын банкны холбооны дэргэдэх Комплаенсийн мэргэжлийн зөвлөлөөс албан ёсоор боловсруулсан  “Ам.долларын клирингийн асуудлаарх бодлогын баримт бичиг”-т тусгасан байсныг тодотгоё.

Тэгвэл өнөөдөр Монголбанкны Хяналт шалгалтын газрын Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Ё.Мөнхбатаас энэ асуудлыг тодруулахад “Одоогоор Монголбанкинд тийм мэдээлэл ирээгүй байна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.  Харин түүнд “ 2013 оноос хойш олон улсын хэд хэдэн банк манай улсын арилжааны банкуудын дансыг хаасан шүү дээ.  Монголын банкны холбооны дэргэдэх Комплаенсийн мэргэжлийн зөвлөлөөс гаргасан “Ам.долларын клирингийн асуудлаарх бодлогын баримт бичиг”-т Standard Chartered Bank Plc, China Construction Bank Corporation  банкууд Монгол Улсын арилжааны банкуудын дансыг  хаах тухайгаа мэдэгдсэн талаар онцолсон байна. Монголбанкинд одоогоор ийм мэдээлэл ирээгүй гэлээ.  Гэхдээ манай банкуудын дансыг хаана гэх энэ мэдээлэлд  Төв банк ямар байр суурьтай байна вэ?  гэсэн асуултыг тавихад “Монголбанк банкуудын талд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж хариулж байна.

Тэгэхээр Төв банкны зүгээс өгч буй мэдээллээр тэдэнд одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Манай арилжааны банкуудын дансыг хааж болзошгүй байгаа талаарх мэдээллийг гадагшлуулж буй Комплаенсийн мэргэжлийн зөвлөл нь Монголын банкны холбооны дэргэдэх 12 зөвлөлийн нэг гэдгийг тодотгоё.

Харин Монголын банкны холбооны тухайд  2000 онд үүсгэн байгуулагдаж байсан. Өдгөө арилжааны 14 банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Зээлийн батлан даалтын сан, Сумитомо Мицуи банкны корпорацийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, Токио Мицүбиши банкны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, Банк оф Чайна Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, ЮнионПэй Интернейшнл, Зээлийн мэдээллийн төв ХХК, Банк санхүүгийн академи, Монголын ипотекийн корпораци ХХК зэрэг компаниудыг эгнээндээ нэгтгэсэн 24 гишүүнтэй санхүүгийн салбарын мэргэжлийн холбоо юм. Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус төрийн бус байгууллага. Тэрчлэн тус холбооны зүгээс гарч буй арилжааны банкуудтай холбоотой мэдээллийг мэргэжлийн байгууллагын мэдээлэл гэж харж болох юм.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top