УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хууль зөрчсөн үү

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 28

Нийгмийн харилцааны үндсийг тодорхойлогч, нийгмийн зөвшилцлийн дээд баримт бичиг нь Үндсэн хууль юм. Тэр утгаараа Монгол Улсад хууль ёсоор оршин сууж буй хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Мөн итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг иргэн бүрт харилцан ялгаагүй олгосон.

Шинэ Үндсэн хууль батлагдан хэрэгжээд хорь гаруй жилийг ардаа үдсэн нь хүнээр бол төрж өсөөд эрийн цээнд хүрсэн нас билээ. Нэг үеэ бодвол “Монголын хууль гурав хоног” гэдэг үзэл ард үлдэж, харин ч бидний эрх зүйн ухамсар соёл харьцангуй дээшилжээ. Гэхдээ л өөрийн хувийн эрх ашгийн төлөө хуулийг уландаа гишгэж, өөрт таалагдаагүй этгээдэд сэтгэл санаа, бие махбодь, эд материалын дарамт учруулдаг хэсэг бүлэг хүмүүс бидний дунд бодитоор, амь бөхтэй оршин байсаар байна.

Мэдээж энэ нь энгийн иргэдэд хамаагүй, харин хөрөнгө мөнгө, эрх мэдэлдээ эрэмшсэн хэсэг бүлэгт хамааралтай, эрх мэдэл байхад хууль зөрчиж болно, өөрт нь таалагдахгүй, эрх ашигт нь нийцэхгүй, үгийг нь дагахгүй бол хэний ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, аль ч хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрхэнд ямар ч хамаагүй аргаар халддаг. Энэ нь Төрийн өндөр, дээд албан тушаалаар шүүх засаглалд нөлөөлж, хэвлэл мэдээллийнхнийг хуулийн аргаар “хашраах” явдал дээдсийн дунд өнөө хир байсаар буйг тод харуулсан жишээ юм.

Үүний тодорхой жишээ бол Хууль тогтоох дээд байгууллагын дарга нийгэмд байгаа хүндрэл бэрхшээлийн талаар асуудал дэвшүүлэн, хашиж буй ажил үүрэгтэй нь холбоотойгоор өөрийнх нь нэрийг дурдсан нийтлэл гаргасны төлөө “Breaking News.mn” мэдээллийн сайтыг нь Үндсэн хуулийн олон заалтыг зөрчин байж торгуулийн яланд унагасан баримтыг та бүхэнд хүргэхээр зэхлээ.

Энэ бол зөвхөн “Breaking News.mn” сайтын асуудал биш, манай улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад тулгарч буй аюул занал. Хууль тогтоох дээд байгууллагын дарга нь өөрөө Үндсэн хуулийн олон хууль тогтоомжийг зөрчин хэвлэл мэдээллийн байгууллагыг яллаж буйг өндөр албан тушаалаар далайлгасан улайрал гэж хэлэхээс өөр яахав.

“Breaking News.mn” сайттай холбогдох энэхүү маргаан өнөөдөр шүүх дээр хүрсэн бөгөөд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын дарга М.Энхболд, түүний Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд нарын гомдол, хүсэлтийг Цагдаагийн шат шатны байгууллага, тэдгээрийн удирдлага гар дамжуулан, олон хууль тогтоомжийг зөрчин байж шалган, нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан. Энэ нь төрийн өндөр албан тушаалтны “захиалгаар” гэж хардахад хүргэснийг баримтад түшиглэн олон нийтэд хүргэж, зөв бурууг бүгдээрээ тунгаан хэлэлцэх нь зүйд нийцнэ гэж үзлээ.

Учрыг сийрүүлбэл:

2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд гэж хүний гарын үсэгтэй, УИХ-ын Тамгын газрын нэр бүхий албан бланкан дээр үйлдсэн “УИХ-ын дарга М.Энхболдын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тарааж байгаа этгээдүүдийг хариуцлага хүлээлгэж, мөнгөн болон бусад хэлбэрээр М.Энхболдод учруулсан хохирлыг шийдвэрлүүлэх тухай”  16/267 дугаар бүхий албан тоотыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржавын нэр дээр явуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, мэдээллийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин сая төгрөгөөр торгох”-оор заасан.

“Breaking News.mn” мэдээллийн сайтад гарсан мэдээллийн агуулга нь "Учир утгагүй олон сонгуулийн дараа өнөөх сайхан амлалтууд салхинд хийсэн одож, үнийн өсөлт тэр дундаа суурь үнэд нөлөөлөгч гол хүчин зүйл болох бензин шатахууны үнэ өссөн, үүнд Хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж байгаагийн хувьд, мөн дараалан олон сонгуульд биечлэн оролцож, биднийгээ жаргаагаад өгөх амлалт өгч байсан нэр дэвшигч М.Энхболд гэж хувь хүнийхээ хувьд ч ямар нэг хэмжээгээр хамаатай, анхаарал тавих, шийдвэрлэх эрх, үүрэгтэй этгээд мөн" гэсэн энгийн санааг илэрхийлжээ.

Харин гаргасан гомдлын агуулгыг үзвэл иргэн М.Энхболдын нэр төр, алдар хүндийн асуудлыг хөнджээ гэж ойлгохоор. Гэтэл УИХ-ын Тамгын газрын албан бланкан дээр үйлдэгдсэнээс нь үзвэл хуулийн этгээдээс гаргаж байгаа гомдол, хүсэлт ч гэж андуурмаар. Гэхдээ хуулийн этгээд хэн нэгнийг итгэмжлүүлсэн төлөөлүүлсэн баримт байхгүйг тооцвол хувийн шинжтэй нь илэрхий. Харин гомдол гаргагчийн гарын үсэг нь УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд гэж хүнийх байгаа нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд "гомдол гаргагч өөрөө гарын үсгээ зурж баталгаажуулна" гэсэн шаардлагын хүрээнд энэ хүний эрх ашиг хөндөгджээ гэж дүгнэж болохоор. Ийм л нэг элдэвтэй эрээн цаас эрх зүйн олон зөрчил, маргааны үндэс суурь болох учиртай байжээ.

Уг албан тоотыг Цагдаагийн ерөнхий газрын дарга хүлээн аваад Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржид, харин хурандаа  Д.Ядамдорж  Нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа Ш.Цогтбаатарт, хурандаа Ш.Цогтбаатар нь хошууч н.Товуудоржид, тус газраас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Ц.Намсрайжавт, хурандаа Ц.Намсрайжав дэд хурандаа Б.Түвшинжаргалд, Б.Түвшинжаргал нь хошууч н.Мөнхтуяад гэх мэтээр гар дамжуулан “...шалгаж дүнг танилцуул...”, “...өөрийн харьяа албаар шалгуулах нь зөв болов уу...”, шалгаж, биечлэн хяналт тавь...”, “...шалгаж хариу өг...” гэх мэтээр ноён М.Энхболдоос буулгасан “лүндэн” буюу дээрээс шидсэн чулуу ийнхүү Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлэн хэдэн давхар цохолттойгоор онцгой анхаарал, халамжин дунд гар дамжуулан хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барих, тэдний хэвлэн нийтлэх эрхэнд ноцтой халдан шийтгэх учиртай эрх бүхий албан тушаалтны гар дээр сая нэг иржээ.

Энэ бол зүгээр нэг зөрчлийн хэрэгтээ гол нь биш, Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг ашиглаж буй "Өндөр дээдэс"-ийн зэвсэг нь энэхүү Зөрчлийн тухай хууль гэдгийг харж болно.

Баримт 1. УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдын ЦЕГ-ын дарга С.Баатаржавт ирүүлсэн УИХ-ын Тамгын газрын албан бланк дээр үйлдсэн албан тоот, цохолтууд, хавсралт албан тоот

“За яахав ээ яахав” дээрх үйлдлийг хууль тогтоох байгууллага, түүний удирдлагад үзүүлсэн онцгой халамж, дарга удирдлагуудын нэгнээ гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл юмаа гэж үзэхэд энэхүү хүндэтгэлийн золиос, “зодуурын муур” нь болох учиртай “BreakingNews.mn” сайтад холбогдох зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ хуулийн олон зүйл заалтыг уландаа гишгэсэн нь үнэхээр харамсалтай.

Нэн түрүүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд “зөрчил шалган шийдвэр ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу явна” гэсэн заалтын дагуу иргэн М.Энхболдын хувийн нэр хүндэд халдсан, алдар хүндийг гутаасан гэх гомдлыг тэрбээр тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба болох хэв журмын албанд гаргаж, эрх бүхий албан тушаалтан болох хэсгийн байцаагчид зөрчлийн гомдол хуваарилагдан шалгагддаг энгийн зарчимтай. Харин “эрхэм дээдсийн” гомдол хуульд зааснаас өөр тусгай журмаар, их дээрээс дамжин “бууж” ирснийг өмнө тодорхой баримтаар өгүүлсэн. Мэдээж хэн нэгэн Дорж, Дулмаа гомдол гаргаад Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн бол дээрх хуулийн заалтыг дурдаад өөдөөс нь шидчих нь дамжиггүй. Гагцхүү УИХ-ын дарга гомдсон учир хуулийн шаардлага, гэмт хэрэг зөрчлийн талаарх өргөдөл, гомдол хүлээн авах журмыг үл хэрэгсэн цагдаагийн төв байгууллага хүлээн авч, хурандаа нар шат шатандаа үүрэг өгч, онцгой журам үйлчилсэн гэдэг нь ойлгомжтой болж байна.

Үүнээс харахад улстөрчид хууль хүчний байгууллагыг өөрсдийнхөө талд үйлчлүүлдэг, тэднээр хүссэнээ үйлдүүлдэг нь ойлгомжтой харагдана.

Мөн хуулийн 6.2-д “..Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг эхийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, утасны дугаараа бичиж гарын үсэг зурсан байна...гомдлыг хүлээн авч байгаа Цагдаагийн байгууллага тухайн гомдолд гомдол гаргагч гарын үсэг зурсан эсэхийг нягтлан бүртгэнэ” гэсэн заалт бий. Гэтэл цагдаагийн байгууллагад гаргасан гомдол нь “Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар” гэсэн хаягтай албан бланк дээр УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх Р.Болд гэсэн хүний гарын үсэгтэй байгаа нь дээрх хуулийн шаардлагыг илтэд зөрчсөн байна.

Хэрэв уг гомдол хуулийн этгээдийн гаргасан гомдол гэж үзэх аваас  Монгол Улсын Их Хурлын Тамгын газрыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Тамгын газрын дарга гарын үсэг зурсан байх учиртай бөгөөд энэ тохиолдолд байгууллагыг төлөөлөн оролцох хүнийг тусгайлан итгэмжлэн томилдог. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхэд, хуулийн этгээд хоёр зөрчлийн хэрэгт төлөөлөл оролцуулдаг. Гэтэл зөрчлийн хэрэгт ийм итгэмжлэл огтоос байхгүйг үзвэл энэхүү гомдол нь яах аргагүй иргэний хувийн гомдол бололтой.

Гаднах төрх, нийгмийн оролцоо, ажил албан тушаал хашсан түүхийг харвал иргэн М.Энхболд насанд хүрсэн төдийгүй монголчуудын хэлдгээр насны нар хэвийж яваа нэгэн гэдэг нь ойлгомжтой. Бидний хэлдгээр байгууллагын ”толгойтой” бланк дээр төлөөлөх эрхтэй этгээдийн өмнөөс хэн нэгэн Зөвлөх, мэргэжилтэн, бусад ажилтнууд өөрийн дураар гарын үсэг зурах нь Албан хэрэг хөтлөлтийн журамд үл нийцэхийг Хууль тогтоох дээд байгууллагын Ажлын алба бүү хэл төрийн болон төрийн бус аль ч хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн наад захын ажилтан мэддэг, нэгэнт хэвшиж тогтсон зүйл билээ. Гэтэл “эрхэм дээдэс” хүссэн бол хуулийн шаардлага, албан хэрэг хөтлөх, албан тоот үйлдэх дүрэм журам хэнд ч хамаагүй бололтой.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд “зөрчлийн хэргийн хохирогч гэж зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хэлнэ”  гэж заажээ.

Дээр өгүүлсэн УИХ-ын Тамгын газрын хаягтай, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын  зөвлөх Р.Болд гэж хүний гарын үсэгтэй гомдлын дагуу Р.Болдыг зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоож мэдүүлэг авахад уг хүн өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөн талаар бус харин эрхэм даргынх нь хувийн нэр төр, энгүй их алдар хүндийг “BreakingNews.mn” сайт нь "бензиний үнэ өссөн" гэх мэдээллээр гүтгэн доромжилсон талаар гомдоллож, буруутай этгээдийг бушуу түргэн шийтгэж өгөхийг хуулийн нэр барин шаарджээ.

Энэхүү үйл ажиллагаанууд нь хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчиж байгаа талаар “BreakingNews.mn” сайтын итгэмжлэгдсэн төлөөлөгч амаар гомдол гаргасны дараа өнөөх ХОХИРОГЧ Р.Болдыгоо шууд ГЭРЧ болгон, хууль журамд заасан шаардлагад нийцсэн өргөдөл, гомдлыг өнөөдрийг хүртэл хаана ч, хэнд ч өөрөө биечлэн гаргаагүй иргэн М.Энхболдыг гэнэт хохирогч болгон “сольсон” эмгэнэлтэй бас инээдэмтэй ч гэж болох явдал шүүхийн хаалга татан үргэлжилж байна.

Бүр тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд “оролцогч гэж зөрчилд холбогдогч хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийг хэлнэ” гэж заасан байтал хувь хүний алдар хүндтэй холбоотой гомдолд огт хамааралгүй этгээд буюу УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх Р.Болдыг иргэн М.Энхболдын өмнөөс хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, энэ тухай маргаан дэгдэхээр М.Энхболдыг дуудаж мэдүүлэг аваад, өмнөх хохирогч Р.Болдыгоо гэрч болгочихдог заалтыг аль ч хуулиас хайгаад олохгүй, энгийн процесс нь Цагдаагийн байгууллага төрийн өндөр дээдэст “захиалгаар” үйлчилсэн гэх хардлагыг хурцалж, хэвлэл мэдээллийн байгууллагыг “албаар яллаж” байна гэсэн үг.

Баримт 2. Р.Болдоос эхлээд ХОХИРОГЧООР, дараа нь ГЭРЧЭЭР мэдүүлэг авсан, М.Энхболдоос ХОХИРОГЧООР мэдүүлэг авсан баримтууд:

Үлгэрт яваад л байж, яваад л байж... гэдэгчлэн зөрчил шалган шийдвэрлэхдээ хуулиа зөрчөөд л, зөрчөөд л байж. Тодруулбал хуулийн 6.8-д “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа нийт 58 хоног байх” бөгөөд хуулийн 6.11 дүгээр зүйлд “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Энэ заалт энгийн иргэдийн хувьд нэг мөр хэрэгждэг бол “эрхэм” М.Энхболдын гаргасан гомдлоор үүссэн зөрчлийн хэргийг хуульд заасан 58 хоногт шалгаад хуулийн хугацаа дууссан байхад зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, харин ч эсрэгээрээ хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хүч түрэн гаргасан нь “захиалгаар” энэ асуудлыг шийджээ гэхэд болно.

Манай хуулийн байгууллага “ноён” ба “албат”-ын хэргийг нэг иймэрхүү байдлаар шийдэж байна. Нийтлэлийн эхэнд дурдсан Үндсэн хуулийн заалтыг эцэст нь дахин иш татан сануулахыг хүсч байна. Яс үндэс, ажил албан тушаал, нийгмийн байдал, хөрөнгө чинээ өөр өөр байж болох ч  “BreakingNews.mn” мэдээллийн сайт, дугаар хорооны иргэн Миеэгомбо овогтой Энхболд нар Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэйгээс бус “бүх гахай тэгш эрхтэй, тэгэхдээ бүдүүн гахай илүү эрхтэй” гэдэг шиг баймааргүй байна. Яах вэ, "Өмхий идээ эзэндээ амттай" гэдэгчлэн иймэрхүү эрт балрын эзэн боолын харьцаа эзэндээ таатай байж болох ч эрх зүй, ёс зүйг эрхэмлэсэн, шинжлэх ухаан техник үсрэнгүй хөгжсөн шинэ эрин зуунд энэ тогтолцооны “эрэг боолт” огт таарахгүй байна, яах вэ. Тиймээс бид энэ удаад хууль зөрчсөн үйлдлийг баримтаар хүргэж байна. Zindaa.mn сайт "өндөр дээдэс"-ийн хууль зөрчин хэвлэл мэдээллийн байгууллагыг ялласан баримтыг цувралаар нийтлэх болно.


Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.9.41.192) 2018 оны 08 сарын 29

Хотын газрыг наймаалсан, албан тушаалын 60 тэрбумын схем зохиосон М.Энхболд бол авилгалын хэргээр ял эдэлж байх ёстой хүн. Гэтэл цагдаа нь хамгаалаад байдаг. Монгол ингэж л хөлөөрөө толгой хийж байгаа юм даа.

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 08 сарын 29

M.Enhbold ogtsroochee chiren tsaraitai nuhuruu

0  |  0
Зочин(182.160.0.210) 2018 оны 08 сарын 28

Тэр Р. Болд гэдэг чинь бусдын нэр барьж хүн гүтгэсэн хэрэг үйлдчихсэн юм биш үү? Бодитой үнэн зүйлийг хэлснээр тэр Болд, Ми хоёр яаж, юу нь хохирчихсон хэрэг вэ? Хуулийнхны толгойлогчид Энхболдын халаасанд орчихсон учраас тэд хэнийг ч яаж ч болно гэж гүтгэж, хлс хэрэг тулгадаг нь арай давтагдах юм биш биз?

0  |  0
Зочин(202.9.42.202) 2018 оны 08 сарын 28

Энхболдыг огцруулах хэрэгтэй Эс тэгвээс монгол улс улс төр эдийн засаг ес зүй бүх талаар доголдолд орж бусадын хараат байдал орох нөхцөл буй боллоо

0  |  0
mongolchuud ylna(202.126.89.107) 2018 оны 08 сарын 28

mieegiin zurag mangar ineedte haragdaad naasan...kkk

0  |  0
mongol ylna(202.126.89.107) 2018 оны 08 сарын 28

dabarsan muj gahai bna da...helehch ug alga.Doldoinuud ni bugsiig ni dolooh geed baastai ni hutgaad haychihaj bgaa um bish uu

0  |  0
Төмөр замчин (202.179.31.112) 2018 оны 08 сарын 28

М.Энхболдыг огцруулах хэрэгтэй.

0  |  0
Top