Итгэлт хамба, Байгаль нуураас гадна Оросын хамгийн нууцлаг таван хотоор аялах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 12

Энгийн иргэд огт мэддэггүй, тэр ч бүү хэл газрын зураг дээр тэмдэглэгдээгүй хот дэлхий дээр өч, төчнөөнөөрөө бий. Ийм статустай хотуудын ихэнх нь тухайн улсынхаа Батлан хамгаалах яаманд харъяалалтай, улс орны аюулгүй байдалтай  холбоотой чухал судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл явуулж байдаг. Хаалттай хотод зөвхөн тусгай зочин л маш өндөр хяналт шалгалтын дор нэвтрэх эрхтэй. Гэхдээ сүүлийн үед энэ байдал бага зэрэг өөрчлөгдөж, зарим хотууд тусгай маршрутын дагуу аялагч жуулчин хүлээж авах болжээ. Нууцлаг зүйл хүний сонирхлыг татдаг жамтай. Зарим улсын эрх баригчид хүний энэхүү сонирхол дээр дөрөөлөн аялал жуулчлал хөгжүүлж эдийн засгаа тэтгэх болсон байна. Эдгээр хотуудаас эхний ээлжинд ОХУ-ынхыг танилцуулахаар бэлдлээ.

ОХУ-д Хаалттай нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн тухай хуулийг 2006 онд албан ёсоор шинэчлэн баталснаас хойш 44 хотыг дээрх статуст багтаажээ. Эдгээр хотууд БХЯ, “Росатом”, “Роскосмос”-ын мэдэлд байдаг аж. Эдгээр хотуудад нэвтрэх хамгийн амархан арга нь бол эхнэр, эсвэл нөхөр нь хаалттай хотод амьдардаг байх явдал аж. Эхнэр, нөхөр, хамаатан садан нь хаалттай хотод амьдардаг бол танд нэвтрэх зөвшөөрөл амархан олдоно. Гэхдээ өөр арга ч бий. Тойрч явж байгаад ямар нэг аргаар хотод нэвтэрч орж болно. Харин баригдах юм бол хуулийн дагуу торгууль хүлээж, албадан гаргагддаг байна. Гадаадын хүн бол тагнуулын хэрэгт ч сэжиглэгдэх магадлалтай. Гэхдээ аялал жуулчлалын компаниуд тусгай маршрутын дагуу үзэж сонирхох зөвшөөрөл хүсээд үзэхэд юу нь буруутах билээ.   

Манай улсын иргэд хойд хөршид визгүй зорчдог. Өнгөрсөн онд л гэхэд 870 гаруй мянган иргэн Хиагт боомтоор нэвтэрсэн гэсэн тооцоо бий. Гэхдээ ихэнх нь Итгэлт хамба, Байгаль нуураас цааш хэтэрдэггүй. Тэгвэл доор танилцуулах мэдээллийг авснаар аяллынхаа төлөвлөгөөнд нууцлаг хотуудыг багтаах ч юм бил үү.   

Железногорск (Красноярск-26, Соцгород, Атомград), Красноярскийн хязгаар

Хаалттай болгосон шалтгаан: Цөмийн зэвсгийн түүхий эд болдог Плутоний 239-ийг гаргаж авдаг уул-химийн үйлдвэр, академич М.Ф. Решетневын нэрэмжит “Мэдээллийн хиймэл дагуулын систем” ХНН байрладаг учир хаалттай хотын тоонд оржээ. Хойд хөршийн хөөргөдөг хиймэл дагуулуудыг энд бүтээдэг. 

Железногорскийг анх төлөвлөхдөө байгалийн унаган төрхийг хадгалж үлдэхийг хичээсэн нь харагддаг. Нөгөө талаар, энд явуулж буй плутонийн үйлдвэрлэл байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг мэдрэх амьд мэдрэгчийн үүрэг гүйцэтгүүлэх гэсэн ч байж магадгүй, ямартай ч хот бүхэлдээ ой дотор байрладаг.

Цөмийн дайн дэгдсэн тохиолдолд оршин суугчдыг хоргодуулах, нүүлгэн шилжүүлэх хонгилуудыг газар доогуур байгуулсан гэх бөгөөд зарим нь уул химиийн үйлдвэрээс шууд Енисей мөрний нөгөө эрэгт гарахаар тийм урт гэнэ. Хачирхалтай нь, уг хотын хамгийн том зоогийн газар болох “Бали”-г хятад хүмүүс ажиллуулдаг юм байна. Яагаад ийм эрх ямба эдлэх болсныг хэн ч мэддэггүй ажээ.  

Яаж очих вэ: Красноярскаас автомашин, автобусаар

 

Зеленогорск (Заозерный-13, Красноярск-45), Красноярскийн хязгаар

Хаалттай болгосон шалтгаан: Кан голын эрэг, Усть Барга хэмээх жижиг суурингийн хажууд шахам байрлах энэ хотод “Электро химийн үйлдвэр” хувьцаат нийгэмлэг уран баяжуулах үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнээс гадна “Витязь” нэртэй цэргийн сургууль бий. Энд хөвгүүд төдийгүй охид ч байдаг бөгөөд өндөр ачаалал, нарийн дэглэмийн дор цэргийн эрдэмд боловсорч байдаг ажээ. Хотын иргэдийн очих дуртай газар нь газар нь Кан голын эрэг, “Город” буюу “Хот” нэртэй шөнийн клуб аж. Красноярскаас 150 км яваад хүрэх энэ хотод ойр хавийн тосгоны иргэд соёлын хэрэгцээгээ хангах зорилгоор ирэх нь олон гэнэ.

Хотод “Космос” нэртэй ганц зочид буудал байдаг учраас очсон хүн хамгийн түрүүнд өрөөгөө захиалахгүй бол гудманд хонох нигууртай гэж очиж үзсэн хүмүүс нь анхааруулж байна. Хоол ундны хувьд “Лакомка” гэдэг нэртэй кафед ихэвчлэн ордог байна.    

Яаж очих вэ: Красноярскаас өдөр бүр автобус явдаг.

Знаменск (Капустин Яр — 1), Астрахань муж

Хаалттай болгосон шалтгаан: Уг хот нь Оростоо томд орох “Капустин Яр” хэмээх цэргийн баазын оршин суугчдын хэсэг нь юм. Капустин Яр бол 1946 онд байгуулагдсан, Зөвлөлтийн анхны баллистик пуужингуудыг туршсан түүхт газар.

Хотын төв гудамжинд нь “Сансар судлалын эцэг” гэгддэг нэрт эрдэмтэн Сергей Королевын хөшөөнөөс гадна ЗХУ, ОХУ-ын зэвсэглэлд байсан пуужингууд, радарын тоног төхөөрөмжийг байрлуулсан байдаг тул дунд сургуулийн сурагчид аяллаар ирэхдээ тун дуртай байдаг гэнэ. Хотын манхны дарга нь хошууч генерал Василий Вознюк гэдэг хүн байсан бөгөөд иргэд нь одоо ч их хүндэтгэдэг гэнэ. Хотын хаа сайгүй энэ хүний зургийг өлгөсөн байдаг гэх.  

Знаменск бол пуужингуудыг “эх барьсан” гэдгээсээ гадна сансарт анхлан ниссэн нохдыг бэлтгэж байсан гэдгээрээ хүн төрөлхтний түүхэнд үлдсэн. Белка, Стрелка, Дезик, Цыган гээд хожим алдар нэр нь дэлхийд түгсэн нохдыг энд бэлтгэжээ.

Яаж очих вэ: Волгоградаас “Капустин Яр” өртөө рүү өдөр бүр автобус, электричк явдаг.

Лесной (Свердловск-45), Свердловск муж

Ураны изотоп үйлдвэрлэж, цөмийн зэвсгийн материалыг дахин боловсруулдаг “Электрохимприбор” компани үйл ажиллагаа явуулдаг. Хотын гол хэсэг нь үндсэндээ үйлдвэрт ажиллаж байсан хоригдлуудын орон сууцнаас бүрдэнэ. ЗХУ-ын үед Леснойд ГУЛАГ-аас 20 мянга гаруй хоригдлыг аваачин ажиллуулж байсан гэдэг. Энэ утгаараа Лесной бол цөмийн хордлогод өртсөн маш олон хүний амийг авсан газар юм. Хоригдлуудыг тэсэлгээ, цацраг идэвхит бодистой шууд харьцах гэх мэт хамгийн хортой нөхцөлд ажилуулдаг учир олноороо амиа алддаг, цогцсыг нь “Ахан дүүсийн” гэж нэрлэсэн оршуулгын газар булж орхидог байжээ.

Лесной бол Оросын бусад хаалттай хотуудын шинж төрхийг хамгийн төгс хадгалсан хот гэж тооцогддог. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хотын гудамжны нэршил хүртэл өөрчлөгддөг бол хаалттай хотуудад цаг хугацаа зогсчихсон гэлтэй. 1950-иад оны гурван давхар барилгуудтай, өргөн цэлгэр гудамж, Гагарины нэрэмжит талбай, Лениний хөшөө гээд л.

Яаж очих вэ: Екатеринбургаас автобусаар очно  

Мирный, Архангельск муж

Хаалттай болгосон шалтгаан: Мирный бол “Плесецк” Сансрын нисэх буудлын захиргаа, ажилчдын хотхон юм. Хаант Оросын үед Цагаан далайг чиглэсэн “Төрийн зам” гэж байж. Цуут эрдэмтэн Ю.Ломоносов чухамхүү энэ замаар Москва руу явдаг  байсан гэсэн домогтой ажээ. Мирный хот яг энэ зам дээр баригдсан юм. Одоо л “Байконур”, “Канавералын хошуу”, “Куру” гэдэг болсноос биш, социализм мандан бадарч байх үед Плесецк дэлхийн хамгийн том, алдартай сансрын нисэх буудал байж, олон хөлгийг эх дэлхийгээсээ үдэж байжээ.

Дэлхийн хамгийн анхны хиймэл дагуул болох “Космос 1000”-ыг яг дуурайлган хийсэн модель хотын гудамжинд бий. 1989 онд хөөргөсөн “Космос 2000” ч байгаа. Ерөнхийдөө энэ хотод очсон хүн сансар судлалын салбарын хөгжилтэй бүрэн танилцаад гарах боломжтой. Даанч Мирный руу зөвхөн нууцаар л орж болно. Ингэхдээ нутгийн иргэдтэй адил харагдахыг хичээхгүй бол эргүүлд баригдах аюултай гэнэ.

Яаж очих вэ: Архангельскаас Плесецк рүү галт тэргээр очоод, тэндээсээ чиглэлийн таксигаар Мирный руу очих боломжтой.

 

 

С.Төгөлдөр    

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.27.158) 2018 оны 04 сарын 13

ingej ayalal juulchlal surtalchilahgui ee,teneg yum bichihiin

0  |  0
ЗОЧИН(112.72.14.192) 2018 оны 04 сарын 13

МАНАЙ ЖУУЛЧДЫГ ОРУУРЛАХ УУ АМЕРИКТАЙ СҮҮЛИЙН ХОРИН ХЭДЭН ЖИЛ ИХ СҮЖИРСЭН ТАРВАГА ХҮРТЭЛ ТАГНУУЛ БАЙХАД

0  |  0
Top