Ким Чен Уны нууц айлчлалын тухай хятадууд дэлгэжээ

2018 оны 03 сарын 28

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун энэ сарын 25-28-ны хооронд Хятадад албан ёсны айлчлал хийсэн талаар Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Ким Чен Ун анхны гадаад айлчлалаа Хятад руу хийлээ хэмээн өмнө нь Блумберг агентлаг мэдээлж байсан билээ.

Японы Киодо агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагч тусгай зориулалтын галт тэргээр хилийн чанадад зорчсон аж.

Энэ сарын 26-нд Ким Чен Ун Бээжин хотноо БНХАУ-ын дарга Си Зиньпин болон  Хятадын Коммунист намын өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзсан тухай Өмнөд Солонгосын “Ханкёре симбун” сонин мэдээлжээ.

“БНХАУ-ын дарга, , ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний урилгаар Солонгосын Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга Ким Чен Ун ням гаригаас лхагва гаригийн хооронд Хятадад албан ёсны айлчлал хийлээ” хэмээн Синьхуа агентлагийн мэдээнд дурдсан байна.  

Ким Чен Уныг түүний гэргий Ли Соль Жу дагалдан ирсэн аж. “Айлчлалын үеэр Си Зиньпин болон Ким Чен Ун нар Ардын хурлын ордонд хэлэлцээрүүд хийлээ. Си Зиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар Ким Чен Ун, түүний гэргий хоёрт зориулан хүлээн авалт зохион байгууллаа” гэж Синьхуа мэдээлжээ.

Мөн Ким Чен Ун айлчлалын үеэр Си Зиньпинийг БНХАУ-ын даргаар ахин сонгогдсон явдалд баяр хүргээд, түүнийг ХКН болон Хятадын ард түмний дэмжлэгийг хүлээж чадсан, улсын удирдлагын гол цөм болж чадсан явдалд талархал илэрхийлсэн байна.

Солонгосын хойг дээрх нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр Пхеньян хичээл зүтгэл гаргаж байгааг Бээжин үнэлж байгаа тухай Си Зиньпин Хойд Солонгосын удирдагчтай ярилцах явцдаа мэдэгдсэн аж.

Тэрээр “Солонгос хоорондын харилцаа холбоог сайжруулах явдлыг дэмжих, энхийн замаар гэрээ хэлцэл хийх ажиллагааг хангахын төлөө Хятад улс бүхий л талуудыг уриалан дуудах болно. Мөн Солонгосын хойгийн шахалт дарамтыг зөөлрүүлэхийн тулд Хятад улс өөрийн бүтээлч үүргийг үргэлжлүүлэн, БНАСАУ болон бүхий л талуудтай хамтран ажиллах болно” гэжээ.

Харин Хойд Солонгосын удирдагчийн зүгээс АНУ болон Өмнөд Солонгосын удирдагчидтай уулзахад бэлэн байгаагаа үүний хариуд илэрхийлсэн байна.

Д.Мөрөн


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Buu(73.239.110.215) 2018 оны 03 сарын 30

Muu tooroi g sharah heregtei bsiin tsahiur buunaas uur tsevseg bhguiee.. heddn saya huniig tamlaj bn.

0  |  0
Зочин (139.5.218.151) 2018 оны 03 сарын 29

Дэлхийн донсолгож 30 сая хүнээ яаж ийгээд тэжээгээд яваа хүн шүү

0  |  0
Top