Дэлхийн улс орнууд хар тамхитай хэрхэн тэмцдэг вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

Мансууруулах бодис Монголд ихээр тархаж байгаа нь нууц биш. Олон улсын судалгааны байгууллагаас гаргасан дүн мэдээгээр манай улс 2012 онд “мансууруулах бодис дамжуулагч улс” гэх ангилалд багтаж байсан бол 2016 онд “хар тамхи хэрэглэгч улс” гэсэн хэсэгт оржээ. Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээр амиа алдах эрсдэлтэй гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Гэхдээ залуу үе энэ аюулыг үл тоомсорлон тааруулж хэрэглэхэд зүгээр гэж бодон зугаа цэнгэл хөөцөлдсөнөөр амь насаа алдаж байна.

Тэгвэл дэлхийн улс орнууд мансууруулах бодисын хэрэглээ, донтолт, худалдаатай хэрхэн тэмцдэг талаар энэхүү материалыг бэлтгэлээ.

Филиппиний хатуу тэмцэл үр дүнд хүрсэн

Сүүлийн үед хар тамхитай хамгийн харгис аргаар дайн зарласан улс бол Филиппин. Тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрсөн онд сонгогдсон даруйдаа хар тамхинд донтогчдыг баривчлан хорьж, эсэргүүцэл үзүүлснийг нь буудан хороох тушаал гаргасан билээ. Олон мянган хүнийг нотлох баримтгүйгээр буруутган хорьж, буудан алж байгаа түүний бодлогыг олон улс, хүний эрхийн байгууллагууд хатуу шүүмжилж байгаа ч Р.Дутерте хар тамхитай үргэлжлүүлэн тэмцсээр. Үүний ачаар одоо филиппинчүүд гудамжаараа тайван алхах болсон байна. Иргэд амьдралдаа сэтгэл хангалуун болсон гэж судлаачдын асуултад хариулжээ.

АНУ-д мансууруулах бодис тээвэрлэсэн хүнд заавал хорих ял оноодог

АНУ 2012 онд хар тамхины эсрэг шинэ бодлого гаргасан билээ. Энэхүү бодлогоор дэлхийн шилдэг эрдэмтдийн хийсэн судалгаанд тулгуурлан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хяналтад авчээ. АНУ-д мансууруулах төрлийн бодисыг донтуулдаг байдлаар нь тав ангилдаг аж. Ангилал бүрт өөр өөр шийтгэл оноодог байна. Хамгийн ихдээ бүх насаар нь хорих ял оноодог. Мөн мансууруулах бодис тээвэрлэсэн хүнд заавал ял оноож байгаа аж.

Герман улс урьдчилан сэргийлэх ажилд ихээр анхаардаг

Германд насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь мансууруулах бодис хэрэглэж үзсэн байдаг аж. Тус улсын Хар тамхитай тэмцэх алба энэ онд мансууруулах төрлийн бодист донтсоноос болж маш олон хүн амиа алдаж байгааг мэдэгдсэн билээ.

ХБНГУ нь хар тамхи наймаалагч, хэрэглэгч, донтогчидтой хуулийн дагуу тэмцэхээс гадна хар тамхины эсрэг зөвлөгөө, мэдээлэл өгөх маш олон эмнэлгийн газар, тусламж үзүүлэх байгууллага ажилладаг аж. Мөн мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх ажилд харамгүй төсөв хуваарилдаг байна.

ОХУ шоронжсон байдлаас аль болох татгалздаг

Хойд хөрш ОХУ 2012 оноос мансууруулах бодистой тэмцэх хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноох ялын хэмжээг тогтоожээ. Ямар төрлийн бодисоос нь шалтгаалан ялын хэмжээг заасан байна. Оросын энэ бодлого хүний эрхийн байгууллагуудаас өндөр үнэлгээ авчээ. Дэлхий нийтийн хандлагатай нийцэж байна гэж сайшаагдсан энэ бодлогоор Орост шоронжсон байдал багасч, хорих газруудад тархдаг халдварт сүрьеэ, ДОХ зэрэг өвчин багасчээ. Гэхдээ хар тамхи их хэмжээгээр тараасан бол бүх насаар нь хорих юм.

Хятад улс хатуу хуультай

БНХАУ, Малайз, Тайланд зэрэг орон мансууруулах бодисын эсрэг хатуу хуультай. Тайландад л гэхэд гурван сарын дотор 2000 хүнийг цаазаар авсан тохиолдол бүртгэгдсэн байдаг. Хятад улсад хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлж, худалдаалж, тээвэрлэж, үйлдвэрлэсэн этгээдэд 15 жилээс бүх насаар нь хорих ял оноодог. Мөн 50 граммаас дээш героин авч явсан хүнийг цаазаар авна. Гэхдээ Хятад улс нь хар тамхины гол дамжуулагч, хэрэглэгч орон юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яана даа(202.70.46.220) 2017 оны 10 сарын 08

Үр дүнгүй тэмцэл бол Монголынх

0  |  0
Top