Монголын кино урлагийг шинэ түвшинд гаргах “Гайхамшигт бэлэг”

2016 оны 12 сарын 12

Цасан угалз наадуулсан мөнгөн өвлийн гайхалтай үдэш, өнгө алаглах гоёхон гацуурынхаа дэргэд хайртай гэр бүлийнхэнтэйгээ цуг хуучин оноо үдэж, шинэ оноо угтах тэр л мөчийг хэн хүнгүй баяртайяа хүлээдэг биз ээ. Магадгүй, тийм гэгээхэн басхүү жаргалтай үдшийн хамгийн гоё бэлгийг хэн өгч, хамгийн нандин хүслийг тань хэн биелүүлэх бол гэдэг нь сонин...

Тийм ээ, ийм л хүсэл мөрөөдлөөр дүүрэн догдолж яваа үзэгч олондоо зориулж авьяаслаг уран бүтээлчид маань “Гайхамшигт бэлэг”-ээ задлах мөч тун ойртлоо. Зохиолч, найруулагч Л.Таванбаяр, зохиолч Б.Шинэтөр нарын хамтын бүтээл “Гайхамшигт бэлэг” уран сайхны кино тун удахгүй дэлгэцэнд гарах гэж буй бөгөөд үзэгчдийн дунд хэдийнэ  хүлээлт үүсгээд эхэлчихэж.

“Dream Entertainment”–ийн зүгээссанаачлан зохион байгуулж “MIND”студи, “ЖААЛ ХҮҮ” фильмтэй хамтран ажилласан энэхүү төслийн хүрээнд Монголын кино урлагт өнөөг хүртэл хийгдээгүй байгаа шинэ жилийн сэдэвтэй дэлгэцийн бүтээлийг үзэгч олондоо хүргэхээр төлөвлөжээ. Киноны ерөнхий найруулагчаар Ц.Цэрэндорж, Л.Таванбаяр нар ажилласан бөгөөд гол дүрүүдэд СТА, жүжигчин Н.Ялалт, Г.Эрхэмбаяр, жүжигчин Д.Хосбаяр, Ж.Амарзаяа, Ш.Мөнхбаяр, загвар өмсөгч А.Дэлгэрмаа болон бусад уран бүтээлчид тоглосон байна.

Хүмүүний сайн сайхан чанар, амьдралын гэгээлэг бүхнийг адал явдал, утга уянга, инээдмийн жанраар хослуулан бүх насны үзэгч олондоо толиуулахаар зорьж буй “Гайхамшигт бэлэг” киноны нээлт тун удахгүй болох нь ээ.  Тиймээс энэ шинэ жилээр гэр бүлээрээ заавал үзэх киноны жагсаалтыг тань тэргүүлэх “Гайхамшигт бэлэг”-ийг зорьж, хайртай хүмүүсийнхээ хүслийг нь биелүүлээрэй, үзэгчид ээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top