Мөхөж буй амьд харилцаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

Мөнгө төлөхгүйгээр өөрийгөө “од” болгож чадна гэдэг сошиал сайтын давуу тал. Удаан уулзаагүй хамаатан садан, найзтайгаа холбоо тогтоож чадна гэдэг ч бас бидний амьдралд авчирсан шинэ дэвшил. Сүүлийн үед гадаадад гэлтгүй Монголд фэйсбүүкээр анх танилцаж гэрлэсэн хосууд цөөнгүй болжээ. АНУ-ын нэгэн байгууллагын хийсэн судалгаагаар сошиал сайтаар танилцсан хосууд салах нь амархан байдаг, учир нь тэднийг холбож буй фэйсбүүк найз нөхөд, нэгэндээ зориулсан хайрын үгтэй пост зэрэг нь амьд биш хэмээн тайлбарласан байна.

Компьютерээ асааж, сошиал ертөнц рүү орох үедээ бид өөрсдийн ертөнцийн хаалгыг хааж байдаг. Хамгийн сайхан дурсамжаа бусадтай хуваалцдаг ч сэтгэл хөдлөлөө дотроо үлдээдэг. 

Найз руугаа утасдаад төрсөн өдрийн мэнд хүргэхээс төвөгшөөж фэйсбүүк дээр нь хэдэн товчлуур дараад мэнд хүргэчихдэг хүмүүс хаа саагүй болжээ. Удаан уулзаагүй ээж дээрээ ирчихээд утсаа ухаж суух, хайртай хүнтэйгээ кафед болзчихоод фэйсбүүкээр аялах, найзуудтайгаа автобусанд явахдаа чатаар бичих. Танил санагдаж байгаа биз? 100 төгрөгтэй явснаас 100 найзтай бол гэдэг үгийг 100 дагагчтай байснаас 100 найзтай яв гэж өөрчилмөөр ч юм шиг.

 Компьютерээ асааж, сошиал ертөнц рүү орох үедээ бид өөрсдийн ертөнцийн хаалгыг хааж байдаг. Хамгийн сайхан дурсамжаа бусадтай хуваалцдаг ч сэтгэл хөдлөлөө дотроо үлдээдэг. Ганцаардлаас ангижрах гэж сошиал ертөнцтэй найзалдаг үнэн хэрэгтэй улам ганцаардмал болгож, ойр дотныхноос нь хөндийрүүлж байдаг аж.

Өдөржин компьютерийн ард сууж фэйсбүүкээ шалгадаг хэрнээ гэртээ очоод утсаа оролдож суудаг бол тэр хуурамч ертөнцөд атгуулсан нэгэн болжээ гэж өөрийгөө дүгнээрэй.

 

Сошиал сайт бидэнд хэрэгтэй юу гэвэл мэдээж тийм. Гэхдээ тунг нь хэтрүүлбэл бүр ч их хор уршигтай. Хууран мэхлэлт, хүйтэн хөндий харьцаа, гэмт хэрэг гээд бодит бус ертөнцөд таны амьдралыг сүйтгэх олон зүйл бийг та мэднэ. Гэсэн ч яг хар тамхи шиг донтсоор л байна уу? Хэрэв та өдөржин компьютерийн ард сууж фэйсбүүкээ шалгадаг хэрнээ гэртээ очоод утсаа оролдож суудаг бол тэр хуурамч ертөнцөд атгуулсан нэгэн болжээ гэж өөрийгөө дүгнээрэй. Бас хамгийн  сүүлд хэнд  халуун дотно үг хэлж, нүд рүү нь харж байгаад ярилцсанаа санаарай. Дотны хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах, компьютерийн цаанаас үгээ цэгнэн байж бичих хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Ялангуяа хүүхдийнхээ бичсэн коммент, постыг шалгаж хянаж байхаар хичээлийг нь хамт хийнгээ ярилцах нь үеийн үед шилдэг арга байсаар ирсэн нь өнөөдөр бүдгэрсээр байна. Сэтгэл судлаачид, өвгөд хөгшдийн халаглаж буй зүйл нь компьютер, ухаалаг утастайгаа зууралдсаар өдрийг өнгөрөөж буй биднийг хараад хүүхдүүд амьдрал ийм байх ёстой мэт ойлгож, хүлээж авч байгаа нь харамсалтай. Компьютерээ хаагаад амьд харилцаагаа сэргээе. Хүмүүст лайк биш хайр, халамж өг.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top