Өнгөрсөн сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд гарсан хээрийн түймэр унтралгүй үргэлжилсээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд дамжин орж, тус сумын нийт нутаг дэвсгэрийн 71 хувь нь шатсан. Уг түймэр тасралтгүй таван өдрийн турш үргэлжилж ийм байдлыг үүсгэсэн юм. Мөн түймэрт 30 гаруй айл өрх өртөж орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироод буй. Түймэрт өртсөн иргэдийн зургаа нь Сүхбаатар сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хүнд түлэгдэлттэй гэр бүийн хоёрыг ой гарантай охины хамтаар ГССҮТ-д эмчилж байгаа юм. Ирэх долоо хоногт уг гэр бүлд арьс нөхөх хагалгааг хийхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд асч буй ой хээрийн түймэр байхгүй, зүүн гурван аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Энэ түймэрт 7400 толгой мал, 44 айлын гэр шатсан гэсэн урьдчилсан дүгнэлтийг ОБЕГ-аас гаргасан байна. Харин түймрийн хохирлын эцсийн дүгнэлтийг ирэх зургаадугаар сард гаргах аж.
Сэтгэгдэл ( 0 )