Шууданчдын тэмцэл

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

Шууданчдын тэмцэл, жагсаал, эсэргүүцэл өнөөдрийн онцлох үйл явдлын нэг байлаа. “Монгол шуудан" ТӨХК-ийн 100 гаруй ажилчид өнөөдөр өглөө эртлэн тус компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас нь халсан шийдвэрийг эсэргүүцэн Төрийн өмчийн хороо /ТӨХ/-ны гадаа жагсав. Тэд шийдвэрийг эсэргүүцэж өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авах, дахин шаардлага хүргүүлэхээр цугласан ч ТӨХ-ны дарга нар 09.00 цаг хүртэл ажилдаа ирээгүй учир жагсагчид шаардлагаа гардуулж чадалгүй, ажил руу гаа буцсан юм.

Эх сурвалжийн хэлснээр "Монгол шуудан" компанийн ажилчдыг явсны дараа “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын Түр хорооны дарга Д.Ганболд, хуулийн зөвлөх н.Нямдаш нарыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас дуудаж, байцаалт авсан байна.

“Монгол шуудан” ТӨХК-ийн захиралаар ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг томилуулах хүсэлтийг ТӨХ-ноос тус компанийн ТУЗ-д хүргүүлснээр энэ асуудал анхаарлын төвд орж ирсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн байгууллагынхаа удирдлагыг өөрчлөх шаардлага байхгүй гэж үзэн, ТӨХ-г шийдвэрээ эргэж харахыг хүсч буй ажилчид улмаас өнөөдөр компанийнхаа байранд сануулах суулт хийж байна.

Өнөөдөр 11.00 цагийн орчимд ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж “Монгол шуудан” ТӨХК-ийн байранд очсон ч ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч, буцжээ. Түүнийг “Монгол шуудан”-гийн даргаар томилогдох гэж байгааг компанийн ажилчид эсэргүүцэж, “Мэргэжлийн бус хүнээр удирдуулахгүй" гэх тайлбарыг тавьсаар байна.

Шинээр томилогдохоор нэр нь дуулдаж буй Т.Дуламдоржийг ирэх үеэр “Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Ц.Батсайхан хамт байсан ч түүнийг мөн дотогш оруулаагүй байна. Харин 12.30 цагийн үед Ц.Батсайхан ганцаараа эргэн ирж, ажилчдадаа хандан “Шуудангийн ажлыг нэг минут ч цалгардуулж болохгүй” гэдгийг сануулсан бөгөөд ажилчдын төлөөллийн мэдэгдсэнээр "Монгол шуудан" компанийн бүх ажил хэвийн үргэлжилж байгаа ажээ.

Дөнгөж сая авсан мэдээллээр бол “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын Түр хорооны дарга Д.Ганболд, Ц.Нямдаш нараас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас байцаалт авч дуусчээ. Тэд өнөөдөр бусад ажилчдын хамт ТӨХ-ны удирдлагуудад захирал Ц.Батсайханыг нь хууль бусаар ажлаас халлаа гэж үзэн, шаардах бичиг гардуулахаар жагссан юм.

Эх сурвалжаас авсан мэдээллээр дөнгөж сая байцаалт дуусч, Д.Ганболд, Ц.Нямдаш нарт эрүү үүсгэн, Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүх рүү авч явсан бөгөөд цагдан хориулах шийдвэр гаргуулах гэж байгаа бололтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top