”Хүүхдийн төлөө” гэж хоосон хашгирч байхаар тэднийг хамгаалсан хууль батлая

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том хохирогч хүүхэд гэдэгтэй эвлэрдэг ч өдрөөс өдөрт гэр бүлийн дарамт, айлган сүрдүүлэлт зогсох нь бүү хэл улам бүр зэрлэгжиж байна. Дэлхийн ихэнх оронд хүүхдийг хүчирхийлэл, эрүүл мэнд амь насанд нь халдах явдлыг таслан зогсоохын тулд хатуу хууль, нийгмийн янз бүрийн арга хэмжээ, туршилт судалгаануудыг хийж ирсэн байдаг. Хэрэв та АНУ-д 5-аас доош насны хүүхдээ харгалзах хүнгүй 30 минут орхин явбал 3-аас дээш жил шоронд сууна. Шведийн хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар таны хүүхэд өдөрт 4-өөс дээш удаа уйлбал танд эрүү үүсгэх эрх зүйн орчин бүрэлддэг.

Мөн Их Британийн хуульд захирагдан амьдарч буй хэн бүхэн хүүхдэд гар хүрсэн л бол насан туршдаа эцэг, эх асран хамгаалагч байх эрхээ алдана. Хүүхдийн эрх зөрчигдөх бүрт  дэлхийн аль сайхан хүүхдийн эрхийг өмгөөлсөн хууль ярьж онолдоцгооно. Одоо тэгвэл зүгээр ярихын оронд эх орныхоо хөрсөнд шингэх эрх зүйт орчин бүрдүүлье. Ялангуяа төрд суудалтай эмэгтэй гишүүд иймэрхүү хуулийн төсөл өргөн баривал нийгэм хүлээн авах реакц нь хүчтэй тусна. Тэгвэл энэ нийтлэлээр их хуралд суудалтай нийт эмэгтэй гишүүдэд уриалж байна. Та бүхэн өөрийнхөө үр хүүхдээс ялгаагүй ч амьдрах орчин, эдлэх зовлон тэс өөр орчны тэдгээр бяцхан үрсийн төлөө шийдвэр гаргахын төлөө тэмцээч. Эрхэм гишүүд янз бүрийн хууль баталж, засч, унагаж, хэрэгтэй хэрэггүй дүрэм журам батлахаар энэ дөрвөн жилд эх орныхоо ирээдүй, хүүхэд залуусынхаа төлөө ганцхан хэрэгтэй хууль баталчихаач.

Европын өндөр хөгжилтэй орнууд хүн-соёлт нийгмээ цогцлоосон тул өдгөө илүү нарийн боловсронгуй хүүхэд рүү цогц чиглэсэн хуулийн бодлогуудыг барьдаг. Тиймдээ ч ард түмэн нь хүүхдийнхээ эрүүл энх өсөн бойжих бүхий л нөхцлийг дээд зэргээр хангахыг зорьдог юм. Баруунд амьдрал сайхан. Гэхдээ л тэнд хүүхдийн хүчирхийлэл огт байхгүй гэж хэлж болохгүй. Зүгээр л хүүхэд хүчирхийлсэн этгээдийг сайн хууль сайтар хашраадаг тул эрс цөөрсөн. Бас нийгмийн хангамж сайн тул үр хүүхдээ хоногийн хоолгүй амьдруулах эцэг эхчүүд цөөхөн. Хангалттай цалинтай, орлоготой учраас өрх толгойлсон эхчүүд заавал хойд эцгийн гар дээр хүүхдээ өсгөх шаардлагагүй. Тэдэнд сонголт бий. Харин Монголд?

Манай орон эдгээр соёлт нийгэм цогцолсон гүрнүүдийн дэргэд хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр алга урвуулсан мэт ялгаатай. 2013 онд Олон улсын хүний эрхийн байгууллагын судалгаагаар Монгол Улс хүүхдийн эрхийг дээдлэгч орны жагсаалтад 189 дүгээр байранд оржээ. Хүүхэд гэдэг сэдэв хоцрогдсон гэдгийг харж болох энэ үзүүлэлтийн ард хэчнээн балчир зүрх нулимст зовлонд тарчлан байна вэ. Хойд эцгээ шоронгоос гарч байгааг сонссон 10 настай жаал амиа хорлов. Түүнийг эцэг нь яаж хашраадаг байсныг бяцхан зүрх үхэл сонгох хүртлээ арга мухардсанаас харж болох.

Сүүлийн жилүүдэд нийгэмд үйлдэгдсэн эдгээр хүүхдийн хүчирхийлэл олон нийтийн сүлжээний ачаар ил болж байна. Төрсөн хүүхдээ заазуурдан тамлагч аав, төрөөд удаагүй охиноо өдөржин зодсон харгис ээж, өсгөж төрүүлсэн хүүхдээ хөхөө өвлийн хүйтнээр модон амбаарт хорьсон балмад хүүхний үйлдэл сошиал ертөнцөд тарж байв. Тухай бүртээ амтай бүхний хараалыг барж, хүүхдийн хүчирхийллийг хэрхэн зогсоох тухай нийтээрээ хэлэлцэнэ. Тэгэсгээд л чимээгүй болчихно. Мэдээллийн хурд гүйцэгдэхээ больсон энэ цагт сэдэв хуучирсан л бол массаараа мартдаг явдал жам болжээ.

Нийтийн сэтгэл зүй, тэдний сэтгэл санааны оргил байдалд түр зуур анхааралд өртсөн эдгээр хүчирхийлэлд өртөгч хүүхдүүдийн төлөө хэн юу хийсэн юм бэ, юу хийдэг юм бэ. Хүүхэд рүү чиглэсэн жигшүүрт хэрэг бүрийн ард энэ асуултыг тавьсаар залхаж байна. Одоо ийм явдал дахин давтагдаад, бүр ил гарч ирэх тусам сэдэв нь хуучирч, ярих хэлэх нь цөөрчих гээд байна шүү дээ.

 

Яагаад хүүхдийн эрхийг хамгаалах хууль чухалд тооцогдох вэ?

 Дөрвөн настай охиноо балмадаар хөнөөсөн хойд эх, төрсөн аавын дотор юу бодогдож явсныг мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байна. Хамгийн гол нь тэд эрүүл үү? Яах аргагүй түүний мах цусны тасархай мөн боловч эрүүл бус ухаантай эсэх нь мэдэгдэхгүй түүнд хүүхдийг харж хандах эрх өгөх нь зөв үү? Цаазын ялгүй Монгол Улс энэрэнгүй имижээ энэ үед хадгалж чадах болов уу. Эдгээр дараалсан хүүхдийн хүчирхийлэл манай орны хууль эрх зүйн орчинд бага насны хүүхдийн эрхийг хамгаалж, тэднийг жинхэнэ утгаар нь эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцөлт боломжоор хангахыг хүчтэй шаардаж байна. Энэ шаардлага энгийн зүйл биш. Энэ бол цаг үеэ дагасан Монголын хүн хөгжилт нийгэм гараанаас гарах үгүйг шийдэх чухал шаардлага.

Энэ сэдвийг хөндөж, нэгэн үзүүрээс нь хөөх үед бас нэг эн асуудал урган гарна. Хүүхэддээ гар хүрсэн этгээдийг шоронд аваачаад хийчихээр ард нь үлдсэн хүүхдийг хэн харах вэ гэсэн асуулт хана мөргөнө. Хүүхдийн төлөө газрын тэргүүн И.Нарантуяа гэгч эмэгтэй, түүнтэй адил нэг хэвэнд цутгасан эдгээр “амьгүй” албатуудыг нийтээр нь буулгая. Ийм хүчирхийлэл нийгэм даяар ил болох үед И.Нарантуяа энд тэнд ярилцлага өгч, уснаас хуурай гарах арга замаа хайдаг нь нууц биш ээ. Тэр нийт хүүхдүүдийн төлөө ямар ажил хийсэн юм бэ?

Манай эрх зүйн чадамжтай иргэд өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлье, хүүхдийн эрхийг яаж хамгаалах вэ, тэдэнд байнгын оршин суух эрүүл аюулгүй байр сууц хэрхэн бэлдэж өгөх вэ гэх зэрэг тулгамдсан асуудлуудад эрчимтэй гарц хайя. Асрамжийн газрууд тэртээ 1980-аад оны төрхөө, удирдлага бүтцээ хадгалсан хэвээр үлдсэн. Энэ газруудыг тэс өөрөөр бүтээн босгоё л доо. Засаг мөнгөтэй, хүний эрх, хүүхдийн төлөө ажиллах чин зүтгэлтэй хүмүүс цөөн биш болсон. Хүүхдийн төлөө хоосон популизм хийхийн оронд тууштай шийдвэрүүдийн төлөө цаг заваа зориулъя.

Т.Бат

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
immortal(68.147.44.47) 2015 оны 02 сарын 28

Mash ih demjij bn.

0  |  0
Эх хүн(112.72.13.81) 2015 оны 02 сарын 26

Тэр хүүхдийн төлөө газар юу ч хийхгүй байгаа нь ил байгаа шүү дээ! И.Нарантуяа дарга иймэрхүү хэрэг гарахаар сонин сайтууд дээр учиргүй гоё зурагтай ярилцлагаа тавиулаад өөрийгөө рекламдахаас өөр юм хийхгүй байна. Хэрэв тэд төсвөөс цалинждаг бол хариуцлага тооцож арга хэмжээ авмаар байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байхад хүчирхийлэгчээс гадна мэдсэн ч эс мэдэгч болон тусламж дуудаагүй хамгаалаагүй хүмүүст ч давхар хариуцлаг тооцдог болвол хүмүүс арай өөрөөр ханддаг болно гэж бодож байна

0  |  0
Уншигч(202.21.116.2) 2015 оны 02 сарын 26

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай ярихын өмнө тэдний эцэг эхийн хүмүүжлийг яаж дээшлүүлэх тухай бүр дунд сургуулийн хүүхдүүдийн хүмүүжил тэдний нийгмийн дунд биеэ яаж авч явж буйд гэр бүлийнх нь анги хамт олон нь анхаарч үзэх өөрөөр хэлвэл нийгэм бүхэлдээ хувь хүний хүмүүжлийг анхаарах хэрэгтэй.

0  |  0
Zochin(203.169.48.142) 2015 оны 02 сарын 26

Ene unexeer yarix estoi asuudal bolood bn. Ter bichig useg solino gej soliorch yavaa noxduud iimerxuu zuild tsag mongoo zartsuulaachaa.

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 02 сарын 26

yg zob neg l ix arxi tamxi yarican xuuli batalcan ix xurliin gishuud bac bie bienee noxoi met xemleldex um ter xoorond xuuxdiin erx ger buliin xuchirxiilel gazar abaad niigem ter acuudal deer buximdaj baixad nogool umaa yaricaarl baix er acuudliig yg zob shiidex xuuliig gargaj chadaxgui bolood l ter getel ajilgui mergejiliin ondor chadbartai ochoon xun amidarxiin tuld oor ajil xiigeed ybj baina.er ix xurliin gishuudiig ondor mergejiliin chadabxitai xumuuceer colimoor um

0  |  0
oyu(202.55.191.109) 2015 оны 02 сарын 26

uneheer demjij bna

0  |  0
shalguul, hariutslag(112.72.13.238) 2015 оны 02 сарын 26

ene baiguullaga bolon ter Narantuyag avilgaltai temtseh gazar shalgah nen shaardlagatai. yu hiideg ch medehdehgui uursdiin huuhed akh duugee tetgesen eruul bus uur amisgaltai iim gazar hichneen jil idej uusan bulhai bgaa. bidnii ur huuhded zoriulah yostoi hamag yumiig l hamaj idsen bulhaig n delgeh heregtei.

0  |  0
hadsg(123.246.211.82) 2015 оны 02 сарын 26

demjij baina

0  |  0
Top