Д.Цогтбаатар: Зуншлага сайтай ч тэмцэл ихтэй жил болно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 17

"Галзууруулагч" хэмээх хөх хонин жилийн өнгө төрх болон шинэлэх ёсны талаар Монголын Бурхан Шашинтны Төв, Гандан Тэгчилэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай ярилцлаа. 

-Зурхайн номд согтууруулагч, галзууруулагч хэмээх хөх хонь жил гэж тодотгож байна. Энэ нэршлийн яг аль нь жилийн өнгийг тодорхойлж байна вэ?Үүнийг тайлбарлахгүй юу?

- Ерөнхийдөө согтууруулагч, галзууруулагч гэдэг нь утга ойролцоо үг. Төвд хэлний “ёжжид” гэсэн нэрнээс буулгахад согтууруулагч, галзууруулагч хэмээх хоёр утгыг илтгэдэг. Гэхдээ үгийн үндсээр нь “согтоогч” хэмээх гэдгээр явах нь илүү зохилтой.  

- Энэ жилийн цагийн байдал зурхайн толинд хэрхэн бууж байна вэ? Ямар жил болох шинжтэй байна вэ?

- Модон хонь жил гарч байна. Байгаль  цагийн байдал  ерөнхийдөө сайн. Зуншлага сайтай, элбэг жил болно. Жилийн өнгийг ёгт нэрнээс гадна зурхайд “Халуун тэргүүтний эх болоод хүмүүн нугууд үл зохилдоно” гэж буусан байгаа нь өвчин гарч болзошгүй, хоорондоо тэмцэл ихтэй жил болно гэж байна. Төрийн дээд эрхэнд, эсвэл хүмүүний хооронд тэмцэлтэй байж болох талтай. Зурхайн гол утга учир нь болох гэж буй муу зүйлийг урьдчилан хараад, сэргийлээд засч залруулаад явахад оршиж байгаа юм.

- 12 жилтний засал ном хэрхэн буув?

- 12-100 нас хүртэл хүн бүр өөр, өөрсдийн засалтай байдаг. Хонь бол жил орсны засал, үхэр жил дүнсэр буюу их харш жилийн засал, нохой, шишид буюу бага харш жилийн засал,  бар, туулай жилтэн өвчингүй байх засал. Мөн эр жил болох хулгана, бар, морь, луу бич, нохой нь суудал өнцөгдөж байна. Энэ мэтээр зурхайгаа хараад тухайн жилийнхээ өнгийг урьдчилж хараад заслаа хийлгэхэд тэр жилдээ сайн сайхан байна. 

Битүүлэх ёс: Хотол олон бүгдээр урьд жилийн алдаа оноогоо ярилцан, хэрвээ хэн нэгнээ гомдоосон бол уучлалт гуйн эвлэрч, ирэх ондоо сайн сайхан, ажил үйлс бүтэмжтэй дүүрэн байж, эв эетэй байхыг бэлгэдэн битүүртлээ иддэг. 

-Битүүлэх, шинэлэх ёсны утга учрын талаар тайлбарлахгүй юу?

- Битүүн гэдэг нь сар гардаггүй өдрийг хэлнэ. Энэ өдөр өнгөрсөн жилийнхээ цээрийг арилгадаг. Ингэхдээ тусгайлан бэлтгэсэн идээ будааг гэр бүл, хамаатан саднаараа нийлэн тойрч суугаад зооглоно. Хотол олон бүгдээр урьд жилийн алдаа оноогоо ярилцан, хэрвээ хэн нэгнээ гомдоосон бол уучлалт гуйн эвлэрч, ирэх ондоо сайн сайхан, ажил үйлс бүтэмжтэй, эв эетэй байхыг бэлгэдэн битүүртлээ иддэг. Энэ нь ирэх жил дүүрэн баяр баясгалантай, аз жаргалтай байхыг бэлгэшээж буй явдал юм.  Ерөнхийдөө малчны цагаан сар буюу сар шинэ гэдэг нь монголчуудын хувьд нэг оноо үдэж нөгөө онтой золгож буй өлзий дэмбэрэлтэй их баярын өдөр юм. Настан буурлуудындаа зочилж, удаан уулзаагүй төрөл, садантайгаа нийлж нэгнээ хүндэтгэн, нэгнээ ерөөдөг эрхэм баяр юм.

-Цагаан сар бол монгол үндэстний баяр биш, гаднаас орж ирсэн гэж үзэх хүмүүс байдаг. Хятад болоод Монголын цагаан сарын ялгаа нь юу вэ?

- Улс орон бүрийн соёл асар том ялгаатай. Бурхан багшийн номд аливаа шашин, номыг шүтэхээр шийдсэн бол сургаал номыг нь судла. Хэрвээ тэр үнэхээр сэтгэлд чинь хүрч байвал түүнийгээ шүт гэдэг. Эрт цагаас малчны цагаан сар хэмээн Тусгаар тогтнолын баяртай дүйцэхүйцээр тэмдэглэж ирсэн. Тиймээс Сар шинийн баярын талаар эсрэг буруу ойлголттой хүмүүс өвөг дээдсийнхээ түүх соёлыг судлаад үзэх хэрэгтэй.

-Бурхан шашинтны газар Сар шинийг хэрхэн угтдаг юм бол?

- Хүрээ хийдийн газар битүүнд ном хурж хонодог. Энэ нь нэгдүгээрт хуучин оноо үдэж буй хоёрдугаарт улс орон ирэх жил түвшин амгалан байг, ард түмэн эрүүл энх байхыг даатгаж буй явдал юм. 

-Ярилцсанд баярлалаа. 

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top