“Орос 3” өөрийн хөрөнгөөр сургуулийнхаа өргөтгөлийг барьж ашиглалтад орууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль өөрийн хөрөнгөөр өргөтгөлийн гуравдугаар давхарыг бариулан ашиглалтад орууллаа. Олон нийтийн дунд “Орос 3” гэсэн нэрээр алдаршсан тус сургууль нь өнөөдөр хамгийн эрэлт хэрэгцээтэй сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг билээ. Тиймээс тус эрэлтэд тулгуурласан зөв менежментийг олон жилийн турш хийсний үр дүнд ийнхүү төсвөөс давсан хөрөнгийн эх үүсвэрийг бий болгож сургуулийнхаа өргөтгөлийг бариулжээ. Өргөтгөлийн нээлтийн үеэр бид тус сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш Ж.Соронзонтой уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

-Сургууль өргөтгөлөө өөрийн хөрөнгөөр барилаа гэдэг ойрд сонсогдоогүй сайхан мэдээ байна. Хэдий хэрийн хугацаанд энэ өргөтгөлийг бариулж ашиглалтад оруулав?

-Сургууль өөрийн орлогоор, зохих шийдвэрүүдийн дагуу нээлттэй тендер зарлаж, сургуулийн өргөлтгөлийн гуравдугаар давхарыг бариулж ашиглалтад орууллаа. Өргөтгөл барих ажил намар есдүгээр сард эхэлсэн. Үндсэндээ таван сарын хугацаанд ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

-Ийм хэмжээний санхүүжилтийг босгоно гэдэг бас л амаргүй даваа. Тэр дундаа улсын статустай сургууль өргөтгөл барих хэмжээний хөрөнгийг хуримтлуулна гэдэг олон жилийн үр ашигтай менежментийн үр дүн биз?

-Манай сургуулийн хувьд өндөр эрэлт хэрэгцээтэй сургуулийн тоонд сүүлийн 15, зургаан жилийн турш багтаж байна. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүдийн энэ сургуульд өгсөн олон жилийн хандив тусламж байна. Дээрээс нь сургууль өөрөө хариуцлагын өндөр тогтолцоотой менежмент явуулдаг. Хүүхдийн сургалтын чанар, хүмүүжил төлөвшилд оруулсан багшийн хувь нэмрийн үзүүлэлтээр багшийн цалинг тогтоодог. Тийм учраас бид гадны багш нартай гэрээ байгуулахдаа өөрийнхөө өгч болох хамгийн өндөр цалингаар гэрээ байгуулдаг. Тэгэхдээ цалинг олгох шалгуур үзүүлэлтийг маш нарийн тавьж өгсөн. Энэ шалгуур үзүүлэлтийн дагуу цалинг олгоход шалгуурыг бүрэн хангаагүйн улмаас цалин хасагдах нь бий. Энэ хасагдсан цалингийн олон жилийн мөнгөний хэмнэлтийг эцэг, эхчүүдийн хандив тусламж дээр нэмсэнээр сургуулийн өргөтгөлийг барих мөнгөн хуримтлалыг бий болгосон. Мөн эцэг, эхчүүдийн өгдөг сургалтын төлбөр гэж бий. Тэр төлбөрийн хүү, хүүгийн хүү бодогдоод явдаг. Тэдгээрийн олон жилийн үлдэгдэл нийлснээр энэ өргөтгөлийг барилгыг барилаа.

-Энэ бүхнийг хийхэд БСШУЯ-наас зохих зөвшөөрлийг авна биз?

-Тэгэлгүй яахав. Гантөмөр сайд биднийг ажлыг маш сайн дэмжиж, эрхзүйн бүх туслалцааг үзүүлсэн. Бас манай сургуулийн Удирдах зөвлөлийн улсуудын хол хараа байхгүй юү. Энэ хүмүүс энэ мөнгийг сургуулийн өргөтгөлийг бариулахад зарцуул гэсэн шийдвэрийг гаргаж байж энэ ажил хийгдэж байгаа юм. Бид өргөлтгөлөө барьж дуусаад эцэг, эхчүүдийн төлөөлөлд танилцуулсан. Бүгд маш сэтгэл хангалуун байлаа. Эцэг, эхчүүдийн өгсөн мөнгө, сургуулийн үйл ажиллагаанаас хэмнэсэн бүх мөнгө энд шингэсэн гэдгийг бүгд ойлгож байгаа.

Мэдээж бид гудамжинд зүгээр явж байгаа хүнийг “Чи манай сургуульд хандив тусламж өгч, хүүхдээ сургуульд оруул” гэхгүй шүү дээ. Энэ бол манай сургуулийн менежментийн үр дүнд үүссэн өндөр эрэлт хэрэгцээ. Өнөөдөр манай сургуульд 120 хүүхэд элсэх орон тоон дээр 700 хол гаруй хүүхэд өрсөлдөж байна. Дээрээс нь сургуулийн зүгээс эцэг, эхчүүдтэй маш ойр хамтарч ажилладаг. Манай зарим эцэг, эхчүүд сургуульд мөнгөө төлөөд хүүхдээ оруулчихсан л бол боллоо, бусад нь сургуулийн асуудал гэж боддог. Тэгвэл энэ их том андуурал. Хүүхдийн сурлагад гарах ахиц, хүмүүжил төлөвшилд эцэг, эх, багш нар хамтарч ажиллаж байж үр дүн гардаг гэдгийг жинхэнэ амьд үлгэр жишээгээр үзүүлж байгаа газар бол энэ сургууль гэж хэлж болно.

-Танай сургуулийн төгсөгчид ОХУ-ын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсдөг нь өндөр эрэлтийг үүсгэдэг юм болов уу?

-Хэрвээ сургуулиудыг шалгуур үзүүлэлтээр байр эзлүүлдэг бол төгссөн төгсөгчид нь дараагийн шатны их дээд сургуульд ороход яаж өрсөлдөж байна гэдэг хамгийн том шалгуур байх ёстой. Энэ утгаараа манай сургуулийн төгсөгчид ОХУ болоод бусад гадаад орнуудын их дээд сургуулиудад өндөр хувьтайгаар элсэн суралцдаг. Нөгөөтэйгүүр манай сургуулийг төгсөгчид ОХУ-ын ерөнхий шалгалтыг өгч бүрэн дунд боловсролын гэрчилгээг авдаг. ОХУ-ын Ерөнхий шалгалт гэдэг бол сургуулиа төгсөх болоод их, дээд сургуульд орох шалгалтыг хамт авдаг шалгалт. Оросын боловсролын боссон гол зүйл нь хариуцлагын энэ тогтолцоотой холбоотой. Манайд бол сургууль нь шалгалт аваад бүрэн дунд боловсролын гэрчилгээ бичиж өгөөд, дараа нь их, дээд сургуулийн элсэлийн шалгалт явагддаг бол Орост тийм биш. Энэ хоёр шалгалтыг цугт нь авч, сургуулиа төгсөх, их, дээд сургуульд элсэх эсэхийг шийддэг. Энэ шалгалтыг Оросын Боловсролын хяналтын хороо гэж тэс хөндлөнгийн байгууллага нь авдаг. Нэг ёсондоо хөндлөнгийн үнэлэгээгээр сургуулиа төгсч чадах эсэх нь шийдэгдэж байна гэсэн үг. Ингээд ирэхээр сургууль, багшийн хариуцлага шууд дээрээс яригдаад явчихаж байгаа юм.

-Багшийн хариуцлага гэснээс та дээр багшийн цалинг хүүхдийн сурлагын чанар, хүмүүжил төлөвшилтэй уяж өгснөөр цалингийн хэмнэлт гаргасан гэсэн. Энэ талаараа тодруулж өгөхгүй юү?

-ОХУ болон бусад улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллаж байгаа ихэнх багш нар сэтгэлзүйн хувьд хоёр онцлогтой байдаг. Нэгдүгээрт материаллаг сонирхол их, өөрөөр хэлбэл өндөр цалин авах хүсэлтэй. Хоёрдугаарт бага ажиллаж, их хөлс авах “чемоданы” сэтгэлгээтэй байдаг. Тиймээс эдгээр багш нарыг чанартай сайн ажиллуулах хөшүүрэг байх хэрэгтэй байсан. Энэ хөшүүрэг нь багшийн ажлын үр дүнгээс шууд хамааруулан цалинжуулах зарчим гэж үзээд хийснээр цалинжуулах зарчмыг бий болгож, ажлынх нь үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг бий болгосон юм. Ингэснээр хариуцлагатай сайн ажилласан багш дээд хэмжээний цалинг авах боломжтой. Ажил үүрэг бүрэн биелэгдээгүй, хөдөлмөрийн сахилга батын зөрчил гаргасан тохиолдолд цалингаас нь хариуцлага тооцогдоод явна.

Ингэхдээ сурагчдын мэдлэгийн түвшинг хөндлөнгийн шалгалтаар үнэлж, багшийн сургасан түвшинг тогтоох шалгуурыг нэвтрүүлсэн. Үүнийг нь багш нарын цалинтай нь уяж өгсөн. Хэрвээ хөндлөнгийн шалгалтаар сурагч нь муу үнэлгээ авсан бол тухайн хичээлийг заасан багшийн цалингаас хасна. Ингээд ирэхээр тухайн багш хүүхдүүдээ хичээлээ сайн заахын тулд, юм сургахын тулд байнга шинийг эрэлхийлдэг болсон. Зүгээр суугаад байхаа больсон. Анх энэ тогтолцоонд нэвтрүүлэхэд багш нар маш их эсэргүүцэж байсан. Тэр үед нийт эцэг, эхчүүдийн хурал зарлаад “за ийм тогтолцоонд шилжинэ. Сургуулийн зүгээс энэ шийдвэрээсээ ухрахгүй. Та бүхний хүүхдүүдийг сайн сургахын тулд ингэх хэрэгтэй байна. Үүнд нийцэж ажиллаж чадахгүй багш нарыг явуулна. Хүүхдийн маань багшийг ингэлээ тэглээ гэсэн асуудал хүлээж авахгүй” гэж шууд хэлээд л ажлаа эхлүүлж байлаа. Тэр үед эцэг, эхчүүд энэ саналыг дэмжсэн. Багш нар эсэргүүцэж байсан ч одоо шалгуурын дагуу ажиллаж чадна гэсэн багш нар ажиллаж байна. Харин хэдэн жилийн өмнөөс ОХУ яг энэ тогтолцоог боловсролын салбартаа нэвтрүүлсэн. Тэгэхэд багш нар нь мөн л маш их эсэргүүцэл гаргаж байсан ч тэд шийдвэрээсээ ухарч няцаагүй. Тэгснээрээ манайтай л адилхан уначихсан байсан боловсролын салбар нь одоо өндийгөөд ирлээ шүү дээ.

-Тэгэхээр та тухайн үед ОХУ-д ч хэрэгжүүлж байгаа тогтолцоог олж хэрэгжүүлсэн юм байна. Хаанаас ийм зүйл байж болох юм гэдгийг олсон юм бэ?

-Япон, Турк хоёроос. Надад хоёр удаа Японд очиж мэргэжил дээшлүүлэх боломж олдсон юм. Тэгэхэд тэндхийн сургуулиуд хөндлөнгийн шалгалтаар сурагчийн сурлагын түвшинг тогтоодог, багш нар нь тэрийгээ мэддэг байсан. Дараа Турк явж нэг хувийн сургууль дээр 14 хоносон. Тэгсэн тэр сургуулийнхан бас л яг ингэж хөндлөнгийн шалгалтаар үнэлгээ өгдөг байсан. Тус сургууль олон улсын 18 олимпиадад тэргүүлсэн мундаг сургууль байсан. Тэгээд л энэ хөндлөнгийн шалгалтаар дүгнэх тогтолцоонд шилжих нь зөв байна гээд л хийсэн дээ.

Түүнчлэн хөндлөнгийн шалгалтыг хийхдээ ОХУ-ын мэдээллийн технологийн INDIGO компанийн боловсруулсан тестийг програмыг үнэлгээний 100 баллын системд шилжүүлэн авч сургалтад нэвтрүүлсэн. Энэ програм яадаг вэ гэхээр тестийн санд байршуулсан асуултуудыг автоматаар олон хувилбартайгаар боловсруулж, сурагч даалгавраа хийж гүйцэтгэнгүүт үнэлгээ шууд гарч, алдааны товчоо, багшид зориулсан анализ давхар хийгддэг давуу талтай. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.170.69.194) 2015 оны 02 сарын 16

3-5 sayaiin tulbur avhc baij iimerxuu zuil xiilgui de.

0  |  0
etseg(203.91.118.178) 2015 оны 02 сарын 16

ene surguulid xuuxdee ugux umsan, ene bagshiig bolovsroliin said bolgoj bux surguulid shinechlelt xiilgex umsan, nadad iim 2 xusel bna

0  |  0
Top