Энэ долоо хоногийн зурхай

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

Хонь: Сонирхолтой долоо хоног. Ангараг хонины ордонд айлчилснаар таны амьдралд шинэчлэлт, өөрчлөлт авчирна. Авъяас мэдлэгээ дайчлан албан тушаалаа ахиулахыг хичээгээрэй. Гадаад дүр төрхөндөө анхаарч, хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Урин дулаан хаврын улирал айлчлан ирж буйгаас сэтгэл хөдлөл ихтэй байх болно. Удаан хугацааны бизнес эхлэхээр зэхэж буй бол зуныг хүртэл хойшлуулаарай. Мөнгө, санхүүтэй холбоотой маргаан гарч магадгүй.

Үхэр: Сэтгэл хөдлөл, эрч хүчээр дүүрэн байна. Гэнэтийн баярт үйл явдал тохиох мэт санагдаж, сэтгэл тань хөнгөн догдлол, хүлээлтэнд автах бололтой. Баасан гаригт сайн мэдээ дуулна. Санаа зовоосон төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэж чадсанаар амар амгалан, аз жаргалыг мэдэрч чадна. Таны санхүүгийн байдал сайжирч эхлэх төлөвтэй байна. Хуйсагнуур хаврын улиралд амин дэмтэй илчлэг хүнс хэрэглэж, эрүүл мэнддээ анхаараарай.

Ихэр: Шинэ найзтай болох юмуу хуучин нөхөрлөлөө сэргээнэ. Олон хүн цугласан арга хэмжээнд оролцох бололтой. Гэр бүлийн хосууд эв эеийг эрхэмлэх хэрэгтэй. Санхүүгийн асуудлаас үүдсэн үл ойлголцол, маргаан гарч болзошгүй. Бие даасан, хараат бус байх хүслээ зөв илэрхийлж,  хайртдаа хар төрүүлэх хэрэггүй.  Амьдралдаа өөрчлөлт хиймээр санагдвал ажлаа солиод үзэхийг зөвлөж байна. Ядаргаанд орохоос сэрэмжлээрэй.

Мэлхий: Таны амжилт таны зан чанар, хувь хүний онцлогтой салшгүй холбоотой. Та хайр дурлалд умбаж, эргэн тойрны бүхнийг умартаж магадгүй. Таны урам зориг, хүсэл тэмүүлэл сэргэж, шинэ хүн болсон мэт санагдана. Дотоод сэтгэлийн өнгөө гадаад дүр төрх, хувцаслалтандаа тусгахыг зөвлөж байна. Бизнес эрхлэгчдэд өөртөө итгэлтэй, шийдэмгий байдал амжилт авчирна. Санхүүгийн хувьд санаа зовох хэрэггүй. Харин эрүүл мэнддээ анхаараарай.

Арслан: Аз, амжилт таны гарт байна. Хийх ажлаа ач холбогдолоор нь дугаарласнаар ашиггүй зүйлд цаг үрэхээс сэргийлж чадна. Баасан гаригт гэнэтийн баярт үйл явдал тохиож магадгүй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тааламжтай. Бизнесийн шинэ санаагаа бусдад дэлгэрэнгүй тайлагнах хэрэггүй. Санхүүгийн хувьд хямрал, хүндрэлтэй үе дуусах болоогүй байна.

Охин: Мөнгөний өр, авлагатай холбоотой олон асуудал үүснэ. Санхүүгийн байдал тань сайнгүй байх бололтой. Санааг тань зовоосон асуудлыг гэр бүлийнхэндээ хэлж, зөвлөлдөх хэрэгтэй. Таны хувьд энэ долоо хоногт баригдмал, хүлэгдсэн мэт хэцүү санагдах  ч эрх чөлөөг мэдрэхийн тулд хуумгай загинах хэрэггүй. Сэтгэл санааны тавгүй байдал эрүүл мэндэд чинь нөлөөлж, бие тавгүйрхэх вий.

Жинлүүр: Долоо хоногийн эхээр бусдыг бишрүүлэм гайхам үйл хэргийг бүтээж чадна. Та өөр ч үүнд сэтгэл хангалуун, баяр хөөртэй байх болно. Таны амьдралд өрсөлдөгч, хуучин хамтрагчид тань үргэлж сорилт болсоор ирсэн ч та энэ бүхний учрыг олоод сурчихжээ. Амралтын өдрүүдэд сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөнө. Энэ нь таны эргэн тойрныхонд төвөг учруулж мэднэ. Ирэх гуравдугаар сард амьдралаас юу авахыг хүсч буйгаа тоочин бичиж, амжилтын төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.

Хилэнц: Амьдралын хэв маяг, ажлын нөхцөл байдалд өөрчлөлт гарна. Энэ нь таны эрүүл мэндэд нөлөөлөхийг анхаараарай. Та төсөөлснөөсөө ч ихийг бүтээж чадна гэдгийг ухаарч мэднэ. Удаан хугацаанд хөөцөлдсөн ажил тань бүтэмжтэй байна. Баасан гаригт хүч ухаан, тэвчээрээ зарах үйл хэрэг тохиохыг анхаараарай. Эрх чөлөөг хэт их хүсэмжилсэндээ хийх ёстой ажлаа цалгардуулах вий.

Нум: Энэ долоо хоногт үр хүүхэд, гэр бүлийн харилцаа эн тэргүүнд байна. Таны уян зөөлөн, хүлээцтэй зан чанар гэр бүлд тань амар тайвныг авчирч байгаа юм. Гэр бүл таны амьдралыг ямар баялаг болгож байгааг анзаарч мэдрэх нь бас нэгэн жаргал юм.  Эрүүл мэндийн байдал илтэд сайжирна. Санхүүгийн хүндрэлийг бусдын тусламжтайгаар шийдвэрлэж чадах бололтой.

Матар: Интроверт хандлагатай матрынхан энэ долоо хоногийн турш илүү нээлттэй болсон мэт санагдана. Энэ нь гэр бүл, найз нөхөд хамтран ажиллагсдынхаа дунд тааламжтай уур амьсгалыг авчирна. Таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, амьдралыг өөр өнцгөөс хардаг болно. Лхагва гаригт гэнэтийн сайхан мэдээ дуулна. Санхүүгийн хувьд бага зэргийн хүндрэл байгаа ч та үүнд тэгтлээ анхаарал хандуулахгүй байх болно.

Хумх: Эрх чөлөөг хүсэмжлэгч хумхынхан хараат бус, бие даасан байдлыг эрэлхийлсээр л байна. Бусдын дарамт, шахалтыг тэсвэрлэхдээ муу байдгаас сэтгэл санаагаар амархан унах хандлагатай. Энэ нь эрүүл мэндэд тань шууд нөлөөлнө. Тиймээс энэ долоо хоногтоо аль болох таарамжгүй хүмүүсээс зайгаа барихыг хичээгээрэй. Хайр дурлалын асуудалд сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдал тохионо.

Загас: Таны мөрөөдөл, хүсэл бүхэн хэн нэгэнтэй холбогдсон байдгаас биелэх магадлал үргэлж хомс байсаар иржээ. Бусдад өөрийгөө даатгахын оронд хөлс хүчээ гарган зүтгээд үзвэл та өөрийгөө олж нээж чадна. Шинэ ажил эхлэхээр шийдсэн бол өөртөө итгэлтэй байж бэлтгэлээ сайтар базаагаарай. Санхүүгийн хувьд ч хэн нэгнээс хараат байдлаас болж хямралд амархан өртөх хандлагатай. Үүнийг шийдвэрлэх ердөө ганцхан арга зам байна. Энэ бол та өөрөө хөдөлмөрлөж санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top