”Хүрээлэн” төслийн байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

Өнөөдөр Монголын уран зургийн галлерейд “Нэг жил 40 мянган км” нэртэй үзэсгэлэн боллоо. Киноны найруулагч, зохиолч, гэрэл зурагчин, сэтгүүлчид нийлж “Байгаль зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг” ТББ байгуулан “Таньж мэдэе, хайрлая, хамгаалая” уриан дор хүрээлэн буй орчноор аялал хийсэн юм. Энэхүү үзэсгэлэнд аялалын турш авсан байгалийн сонин сайхан газар болоод ан амьтан, ургамлын дүрсийг буулгасан 50 гаруй бүтээлийг дэлгэн тавьсан байна.

“Хүрээлэн төсөл”-ийн удирдагч, санаачлагч, байгалийн гэрэл зурагчин, фото сэтгүүлч У.Ганбаяр “Төслийн маань гол зорилго нь байгалийн түүхийн сан хөмрөгийг өөрсдөө бүтээж, залуу хойч үедээ таниулан сурталчилах явдал юм. Үзэсгэлэнгийн нэрний утга нь бид нэг жилийн хугацаанд 40 мянган км аялалыг хийсэн бөгөөд биологийн олон янзын зэрлэг амьтад болоод ургамлын гуравны нэгийг хальсандаа буулгаж чадсан байна. Эдгээр нь 487 зүйл шувууны 130, 138 зүйл хөхтөн амьтны 58 төрлийн зургийг авч, дүрс бичлэг хийсэн юм. Цаашдаа гурван жилийн дараа эх орныхоо дөрвөн бүсээр аялан дөрвөн бүс баримтат кино хийж, дөрвөн бүлэг гэрэл зургийн ном хийнэ. Мөн аялалын туршид хэрхэн зураг авч буй зэрлэг амьтдыг хайж зураг авахад гаргаж буй амьтдын зан араншин гээд энэ талаар Хүрээлэн амьд ертөнцийн цуврал” нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн байна. Ингээд нийтдээ жилийн хугацаанд 26 бүлэг нэвтрүүлгийг олон нийтийн болоод арилжааны телевизүүдээр гаргасан байна” гэв.

Тус үзэсгэлэнгийн нээлтээр “Хүрээлэн төсөл”-өөс санаачилсан гэрэл зургийн уралдаанд оролцогсдын дундаас байр эзлэх магадлалтай 20 гаруй зургийг үзэгч олонд сонирхуулсан юм. Уралдаанд 70 гаруй хүн оролцсон бөгөөд эхний дөрвөн хүнийг шагнаж урамшууллаа. Энэхүү уралдааны тэргүүн байрыг “Студи-11”-ийн гэрэл зурагчин Б. Эрдэнэ-Булган эзэлсэн юм. Түүнээс уралдааны талаарх сэтгэгдэл, тэргүүн байр эзэлсэн зургийн талаар тодрууллаа.

-Шагнал авсан сэтгэгдэлээ хуваалцахгүй юу. Уралдааны тухай мэдээллийг хаанаас авсан бэ?

-Үнэхээр баяртай байна. Хүрээлэн төслийн аялалын фэйсбүүк хуудсыг байнга үздэг байсан. Уралдааны мэдээллийг фэйсбүүкээс аваад зарлагдсан өдөр нь бүтээлээ явуулсан.

-Уралдаанд ямар бүтээлээ явуулсан бэ. Ямар чиглэлээр зураг авдаг вэ?

-Ерөөсөө дан байгалийн зураг дагнаж аваад дөрвөн жил болж байна. Уралдаанд “Цасан давалгаа”, “Алтай таван богд”, “Хяргас нуур” гээд нийтдээ таван зургаар оролцсон.

-Аль бүтээл тань тэргүүн байр эзэлсэн бэ. Уралдаанд зориулж зургаа авсан уу?

-“Цасан давалгаа” гэх зургаараа тэрүүн байр эзэлсэн байх. Өөрт байсан зургаараа уралдаанд оролцсон.

-Зургийнхаа талаар сонирхуулахгүй юу. Байгалийн зураг болоод энгийн фото зураг хоёрын ялгаа нь юу бол?

-“Цасан давалгаа” зургийг авахад өвлийн агшин нь сайхан таарсан. Нар жаргах үед уур манан савссан, нилээн ховор мөчийг буулгаж чадсан. Байгалийн зураг гэрэл зурагчнаас илүү их мэдрэмж шаарддаг. Байгалийн зураг  авахдаа гэрэл сүүдрийг  тухай орчиндоо тааруулж авдаг. Нэг газар 20 удаа ирэхэд тухай газрын байгалийн зураг 20 өөр янзаар гардаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.120.206) 2015 оны 02 сарын 14

ih goyo nevtruuleg.daanch reclam nevtruulegn medegdehgui holildod utgaa aldsan

0  |  0
Top