Баянхонгорт ханиаднаас болж нярай хүүхдүүд сэхээнд орж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

Баянхонгор аймгийн цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хаагаад байгаа. Тус аймгийн цэцэрлэгүүдийг ханиад, томуу ихэссэнээс энэ сарын 7-20-ны хооронд түр хугацаагаар хаах шийдвэр гарсан. Гэсэн ч нөхцөл байдал дээрдэхгүй байгаа аж. Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгө, мэдрэлийн эмчилгээний тасгийг султгаж, ханиадтай хүүхдүүдээ хэвтүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Мөн хэд хэдэн хүүхэд ханиад  нь хүндэрснээс сэхээний тасагт шилжсэн байна. Энэ ханиад нь хамгийн их өртөмтгий, хүндэрч байгаа нь 0-1 насны нярай хүүхдүүд байгаа аж.

Хамгийн сүүлийн мэдээллээр Нэгдсэн эмнэлэгт томуу, томуу төсөт өвчний улмаас 100 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гэж тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Эдгээрээс ихэнхи нь буюу 91,8 хувь нь 0-1 насны нярай хүүхдүүд байгаа аж. Харин Баянхонгор аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 17,3%- ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Үүнээс 0-1 насны хүүхдүүд 53,4%- ийг эзэлж байгаа юм. Сумдын хувьд ч ханиад хүрсэн хүүхдүүдийн 69,7 хувь нь  нярай байна. 

Томуу, томуу төст өвчний тархалт Шаргалжуут сумд хамгийн их буюу 92,8 хувь байна. Харин бусад сумдын хувьд Жаргалант 23%, Баацагаан 15,0%, Баянлиг38,5%, Шинэжинст 46,2%, Баянцагаан 27,5%, Бууцагаан 21,3%, Гурванбулаг 60,9%, Баянбулаг 17,5%, Өлзийт 61,5%, Заг 59 хувьтай байгаа гэж Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна. 

Харин сургуулийн насны хүүхдүүдийн хувьд ханиадны тархалт харьцангуй бага байна. Өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар тус аймгийн 4446 хүүхдээс 175 нь өвчтэй гэж хичээлээсээ чөлөө авчээ.

Баянхонгор аймгийн захиргаанаас ханиадны тархалт болон эмчилгээнд анхаарч шуурхай арга хэмжээ авч байгаа ч нөхцөл байдал сайжрахгүй байна. 

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top