Хүүхдүүд парацетамолд хордох нь ихэсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 08

Сүүлийн үед 0-3 насны хүүхдүүд парацетамол эмэнд ихээр хордох болсон талаар албаныхан ярьж байна. Энэ талаар Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн их эмч Б.Солонго “Эцэг, эхийн буруугаас болж хүүхдүүд парацетамолд хордож ирэх нь их боллоо. 0-3 насны хүүхдүүд парацетамол авч уудаггүй. Парацетамол нь Панодол, Талинол, Парацетамол, Пара-Денк гээд маш олон нэршлээр ороод ирэхээр эцэг, эхчүүд анзаарахгүй панодолыг сиропоор нь хүүхдэдээ уулгачихдаг, Пара-Денкийг шулуун гэдсээр нь хийчихдэг. Мөн парацетамол хэрэглэчихээд 1-2 цагийн дараа хүүхэд нь дахиад халуурахад парацетамол уулгадаг. Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ халууныг хурдан буулгахын тулд маш өндөр тунгаар уулгасан ч байдаг. Энэ мэт байдлаас болж хүүхэд парацетамолд хордож их ирж байна. Хүүхэд парацетамол болон аспиринд хордох маш аюултайг эцэг, эхчүүд мэдэх хэрэгтэй. Ер нь 0-3 хүртэлх насны хүүхдэд өвчний дагуу эмчийн заавраар парацетамолыг том хүний таблеткийг дөрөвний нэгээр, парацетамолын лааг 125 миллограммаар, 3-5 хүртэлх насны хүүхдэд хоёрны нэгээр, харин парацетамолын лааг 250 миллограммаар өгөх ёстой. Хүүхдэдээ парацетамол уулгах гэж байгаа бол өрхийн эмч болон түргэн тусламжийн 103-аас зөвлөгөө авч байхыг эцэг, эхчүүдэд зөвлөмөөр байна” гэлээ.

Энэ оны эхний есөн сарын байдлаар эм, химийн бодисын хордолт, тун хэтрүүлсний улмаас Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжаар 252 хүүхэд үйлчлүүлсэн байна. Өдөрт дунджаар хоёр хүүхэд эмэнд хордож эмнэлэгт ханддаг болжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top