Морин хуур ба МОНГОЛ БАХАРХАЛ

2023 оны 11 сарын 15

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархалын өдрөөр Монгол төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн нь чухам нүдээ олсон үйл явдал байлаа. Морин хуур, монгол бахархал хоёр хэзээд салшгүй юм. Дэлхийн сонорыг морин толгойт хуурын аялгуугаар мялааж, ихийг үзсэн гаднын ихэмсэг үзэгчдийг суудал дээрээс нь өндөлзүүлж чадсан монгол түмний бахархалт чуулга Чингис хааны одон хүртэх нь чухам цаг хугацааны хэрэг байсан билээ. Тэдний тоглолтоос Монголын зэрлэг хөх салхи хүүгэж, морин туурай нижигнэж, монгол хүний хийморь “ханхалж”, очиж үзээгүй хүнийг ч Монголд урин даллах мэт мэдрэмж төрүүлдэг нь үнэн.

Нэрт жүжигчин агсан Дагийранз гуайн гайхам­шигтайгаар аялгуулан хэлж хуурддаг асан “Хөхөө Намжилын домог”-оор морин хуур бүтсэн түүхийг монголчууд төсөөлдөг.

Түмнийг уяраам уянгат хоолойтой сайхан залуу Намжил, түүний цэргийн алба хааж асан хязгаарын үзэсгэлэнт бүсгүй хоёрын хайр сэтгэл, Намжил цэргээс халагдан нутагтаа харихад хайртай бүсгүйнх нь бэлэглэсэн холын газрыг хормоор товчлох шидтэй, жигүүр далавчтай гуурст Жонон хар морь. Намжилын нутгийн хар ихтэй ховч бүсгүй морины нууцыг мэдэж, гуурсыг нь хайчлан Жонон харыг үхүүлэхэд Хөхөө Намжил эмгэнэн гашуудаж, мориныхоо дэл сүүлний хялгасаар хуурын чавхдас хийж, арьсаар нь хөгжмийн цар бүтээж, эгшиг аялгуу төгс морин хуурыг урласан гэх домог монгол хүн бүрийн цээжинд бий.

“Хорвоогийн бүх аялгууг хоёрхон чавхдаст багтаадаг Хосгүй нэгэн түмэн Азийн цээжинд оршдог” хэмээн бид морин хуураараа бахархсаар ирсэн түмэн.

“Монгол төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Морин хуурын чуулга” хэмээн үүнээс хойш зарлагдах энэ газрын үндэс суурийг 1992 онд тавьж, анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр  Дуурь бүжгийн академик театрт толилуулж байв. Энэ цагаас хойш зөвхөн арлын Японд л гэхэд 33 удаа айлчлан тоглож 200 гаруй концерт, арга хэмжээнд уригдан оролцсон билээ. Монгол Улс, Японы найрамдалт харилцаа, соёл урлагт үзүүлсэн хувь нэмрийг үнэлж 2018 онд Наран улсын Гадаад Хэргийн сайдын өргөмжлөл хүртээж, 2022 онд “Монгол Улсын Соёлын элч” болгож байлаа. Ганцхан оронтой холбоотой жишээ гэвэл энэ.

Монгол төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Морин хуурын чуулга өнгөрсөн 31 жилийн хугацаанд 30 гаруй оронд 650 илүү тоглолт хийжээ.  Монгол Улсын Соёлын элч тус чуулгын уран бүтээлчид зөвхөн 2023 онд л гэхэд Австралийн "Сидней опера хаус", Францын Нант хот, Парисын Версалын ордны Хааны дуурийн театрт тоглолтоо үзүүлж  алдарт Н. Жанцанноровын" Цагаан суварга", Б.Шаравын "Сэтгэлийн эгшиг ", Монголын их эрчмийг хуурын чавхдасаар “сийлсэн”  “Сэрсэн тал”-аараа үзэгчдийн сэтгэлийг ховсодсон билээ. Эдгээр бол наад захын жишээ.

Тус чуулгын анхны гадаад тоглолт ОХУ-ын Улаан-Үд хотоос эхэлж, Санкт-Петербургийн Мариинский театр, Эрмитаж музейн Капелла концертын танхим, АНУ-д НҮБ-ын төв байр, Нью-Йорк хотын “Карнеги холл”,  Парис хотод ЮНЕСКО-ийн төв байр, Австрийн Вена хотын филармони, Москвагийн алдарт Их театр, БНХАУ-ын Сувдан  хэмээх Үндэсний их театр, Японы NHK телевизийн концертын их танхим, Хойд Солонгосын Үндэсний театр  гээд дэлхийн хэмжээний орон зайд морин хуурын яруу сонсголонт эгшгийг цуурайтуулж байв.

Францын Нант хотод энэ онд хийсэн тоглолт нь л гэхэд “Чингис хаан, монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнтэй хослон Бретанийн гүнгийн ордон Chateau des ducs de Bretagne музейд дуурьсан буурал тивийн үзэгчдийн сэтгэлийг эзэмдсэнийг гайхамшиг гэхээс өөр юу гэх билээ.

Үүгээрээ Монгол Улсын нэр сүр, морин хуурын гайхамшиг, монгол аялгуу эгшгийн шидийг дэлхийн энд толилуулан олон орны нэр хүндтэй тайзан дээр монголын болоод дэлхийн сонгодог аялгууг дуурьсгаж үзэгч олныг суудлаас нь өндөлзүүлж, Монголоор бахархуулж, монгол аясаар баясгаж ирсэн түүх буй. Морин туурайгаар дэлхийн талыг тамгалж явсан өвгөд дээдсийн удам ингэж морин хуурын увидаст аялгуугаар дэлхийг эзэгнэж явна.

Морин хуурын чуулгаа Чингисийн одонгоор мялаасан Монгол бахархалын эл өдрүүдэд эрхэм их хүн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Лондон хотыг доргиож, буурал Европын алдарт хот, хосгүй авьяаст Уильям Шекспирийн жүжгүүдээ туурвиж байсан эл газрын Колизей театрыг морьтон монголын, морин хуурын эгшгэнд бүүвэйлүүлж өссөн монгол жүжигчид эзэгнэж, суут эзэн богд Чингис хаанаа магтаж, морин туурайгаар Будант Лондоны гудамжийг тамгалж яваа нь бас нэг бахархал.  Монгол бахархалын өдөр Монгол их хааны нэр хүнд Англид мандаж буй цаг үетэй энэ удаа ийнхүү таарлаа.

Уильям Шекспирийн алдарт “Ромео, Жульетта хоёр”, "Гамлет", "Отелло", "Лир ван", "Макбет", "Антони, Клеопатра хоёр"-оор амьсгалж, Даниел Дефо, Уильям Сомерсет Моэм, Жорж Гордон Байрон тэргүүт дэлхийн олон сонгодог зохиолчдыг төрүүлсэн Будант Албионы эрт дээрээс хэр баргийг тоодоггүй хээнцэр, эрхэмсгээрээ алдартай  үзэгчид Лондон хотноо 800 жилийн туршид болж ирсэн түүхт Lord Mayor's Show баярын жагсаалд монголчууд үндэсний сүрдэм хувцсаа өмсөж морь унан оролцсоныг шагшин харж, даган явцгаав. “Монгол хаан” жүжиг Колизей театрын тайзыг эзэгнэн,15 удаа тоглох "The Mongol Khan" жүжгийн тасалбар тоглолт эхлэхээс аль эрт хэдийнэ дууссан нь мөн л Монгол бахархлыг төрүүлсэн үйл явдал мөнөөсөө мөн билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top