“Alibaba” компанийн удирдлагууд өөрчлөгдөв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 21

Хятадын “Alibaba” компани удирдлагын түвшинд өөрчлөлт хийсэн тухай мэдээлжээ. Тус компанийн ерөнхий захирал Дэниэл Жан албан тушаалаа өгч, тус группийн үүлэн бизнесийг тэргүүлэхээр болжээ. Түүний оронд тус группийн салбар болох “Taobao” компанийн одоогийн тэргүүн Эдди Юнмин Ву “Alibaba Group”-ын ерөнхий захирлаар томилогдож байна. Шинэ томилгоо есдүгээр сарын 10-нд хүчин төгөлдөр болно.

2023 оны гуравдугаар сард Дэниэл Жан “Alibaba” группийг үйл ажиллагааны чиглэлээр зургаан салбар болгон салгах тухай мэдэгдэж байсан билээ. Тухайлбал, үүлэн бизнесийн “Alibaba Cloud Intelligence”, цахим худалдааны “Taobao Tmall”, тоон бизнесийн “International Digital Commerce”, хоол хүргэлтийн “Local Life” бизнес, ложистикийн “Cainiao” болон дижитал медиа, энтертэймент “Dawen Entertainment” гэсэн зургаан салбар болгон салгахаар төлөвлөжээ. Эдгээр салбар компаниуд бие даан хөрөнгө татаж, IPO гаргах аж.

Энэ оны тавдугаар сард “Alibaba” ирэх 12 сард үүлэн бизнесийнхээ IPO-г гаргана хэмээн мэдээлж байсан. Тус компанийн үүлэн бизнесийн өртгийг шинжээчид 41-60 тэрбум ам.доллароор үнэлж байна. “Alibaba Group” компанийн зах зээлийн үнэлгээ нь 238 тэрбум ам.доллар.

Шинжээчдийн үзэж буйгаар, тус группийн удирдлагад өөрчлөлт орсон нь группийн стратегид томоохон өөрчлөлт гарсныг илтгэх бус харин тус групп хиймэл оюун ухаанд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top