ДОН ЖУНАЙ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

“Гол тоглогч” цуврал номын зохиогч, сэтгүүлч, нийтлэлч Д.Дамдинжавын 2007 онд анх бичсэн “Дон Жунай” нийтлэл тухайн үедээ өдөр тутмын Нийгмийн толь, Зууны мэдээ сонинуудад нийтлэгдэж, авторыг нь уг нийтлэлтэй холбогдуулан цагдаагийн газраас удаа дараа дуудан шалгаж байсан гэдэг. 

Д.Дамдинжавын бичсэн Монголын томоохон улстөрчдийн хөрөг памфлетууд 2016 оноос эхлэн Зиндаа сэтгүүлийн “Гол тоглогч” буланд цувралаар нийтлэгдэн дуулиан тарьж эхэлсэн. Улмаар “Гол тоглогч” гурван цуврал номыг 2018-2020 онд эрхлэн гаргахад “Дон Жунай” нийтлэл 2019 оны “Гол тоглогч-2” номд хэвлэгдсэн билээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Т.Бадамжунайг (2023.04.05) “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсад саатуулан Монголд авчирч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбогдуулан уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


 

ДОН ЖУНАЙ

 

“Дон” гэдэг нь асар их нэр нөлөө, сүр хүч, далд айдас гэсэн үг. Мафийн нэршил л дээ. “Загалмайлсан эцэг” киноноос бид “Дон Корлеони”, “Дон Зино” гээд л цөөнгүй хүнийг “Дон” гэж өргөмжлөн дуудахыг сонссон. Тэгэхээр “Дон” бол цол хэргэм. Маш их нөлөөтэй, том бүлэглэлтэй, хэлхээ холбоотой, сүр хүчтэй болсон толгойлогчийг л мафид “Дон” гэж авгайлдаг.

Мафи Монголд байдаг эсэх тухай энд ярих гэсэнгүй. “Хотын мафи” гэж дуулдаж л байдаг ч энэ тухай чухалчлахгүй. Гагцхүү далд эрх мэдэл, чимээгүй нэр нөлөө, том зангаргаар нь “Дон” гэж адилтгамаар Монголын нэгэн улстөрчийн тухай ярина. Энэ яриа их л түгшүүртэй үргэлжлэх болов уу. Далд айдас энд дурдагдах үг бүхний судсаар гүйх болно. Яагаад гэж үү. Яагаад гэвэл, энд жинхэнэ “Дон” шиг нэгний тухай өгүүлэх учраас.

Хэний талаар ийн сүржигнэнэ вэ гэх асуултын хариу Т.Бадамжунай болохыг сонссон гэнэн зарим нь эндүүрэл гарчээ гэж магад. Үнэхээр ч эндүүрмээр нь Т.Бадамжунай гаднаасаа энгийн даруухан нь дэндүү, хиргүй тунгалаг нь хэтэрхий гэж харагддаг хүн. Үг дуу ч цөөтэй. Гэм хор ч үл цухуйна. Өмсөж зүүсэн хийгээд биеэ авч яваа байдал нь бүр ч сүргүй. Нурмагар, нунж дорой ч гэж андуурмаар. Бага зэрэг өөлсөн хүнд бол бурхи шиг хашир тархи байх л гэж анзаарагдахаас хэтрэхгүй болов уу.

Гэвч гэмгүй номхон, төлөв энгийн дүр төрхийн цаана жинхэнэ юм юм бий дээ. Т.Бадамжунай нэр цэвэр улстөрч биш. Гэвч юунд ч орооцолдож, нэр холбогдсон түүнээсээ сугараад л гараад ирдэг. Түүнийг өнөөгийн улс төр, бизнесийн хүрээнд акулуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэр энэ өндөрлөгт хүрэхэд ердөө арав ч хүрэхгүй жилийг зарцуулсан гарамгай нэгэн. Улс төрд байтугай, бизнесийн салбарт ч гарт баригдаж, нүдэнд харагдчихаар бодитой бүтээл түүнд байхгүй. “Меркури” захыг эс тооцвол гардан хөдөлгөж байсан наймааны түүхгүй. Тэгсэн атал түүнийг бүгд л асар их мөнгөтэй, улс төрийн нэр нөлөөтэй гэж мэднэ. Ямар замаар энэ бүхэнд хүрсэн бэ. Хариулт нь мөнгөнд, бас Миеэгомбын Энхболд хоёрт бий. Мөнгийг тэр М.Энхболдод морь нохой мэт зүтгэж, хамаг л хар бор ажлыг нь хийж гүйцэтгэх замаар бий болгосон гэхэд болно. Нэг нь хотын дарга, нөгөө нь хотын ерөнхий менежерийн албан тушаалд байх үеэс эхлэн энэ хоёрын ганзага ч нийлсэн, халаас ч нийлсэн түүхтэй.

М.Энхболдын талаар тун дэлгэрэнгүй өгүүлсэн атлаа яагаад Т.Бадамжунайг хамтад нь зүйж, голлон онцлох болов гэвээс, тэр хоёрын хоршлыг салгаж ойлгохын аргагүй юм. М.Энхболд нь зөвхөн Т.Бадамжунайгаа зарцалж, эрх ашигтаа үйлчлүүлдэг юм биш. Т.Бадамжунай нь эсрэгээрээ М.Энхболдынхоо бүх л нарийн хэлхээ холбоо, нээнтэг шаантгийг гартаа гогцооруулан атгаж суудаг. Эрх ашгийн нягт нямбай сүлжээсээр хоорондоо хамааралтай учраас тэдний мандал буурлыг зөвхөн нэгээр нь төсөөлж, эсвэл төлөөлүүлж боломгүй.

Т.Бадамжунайгийн түүх бол мөнөөх “Нянгар хаданд гарсан нь” гэдэг киноны үйл явдалтай ихэд төстэй дөө. Төрийн албаар дамжуулан хэрхэн баяжиж хөлжиж болохын бэлээхэн жишээ бөгөөд хэрвээ зохион байгуулалтад орж чадвал хэр тааруухан нөхөр ч “дийлдэшгүй мангас” болж болдгийн бодит төлөөлөгч бол Жунай юм. Тэрбээр 1978 онд Төмөр замын техникумыг техникч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Политехникийн дээд сургууль (ШУТИС)-ийг тээврийн инженер-эдийн засагч мэргэжлээр дүүргээд, улмаар техникийн ухааны магистр цол хамгаалжээ. Ажил амьдралын гараагаа авто тээврийн салбараас эхэлсэн. Ачаа тээврийн удирдах газарт диспетчер, тус газрын хэлтсийн дарга, I баазад намын хорооны дарга, Монгол Дизель комбинатын дарга, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байжээ. 1996-2000 онд “Меркури” группийн дэд ерөнхийлөгч хийж байсан.
 

"Чингис хаан" нисэх буудал, 2023.04.05


Ингээд 2000 онд шууд л хотын ерөнхий менежер болоод, мандаж эхэлсэн түүхтэй. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга агсан Л.Энэбиш гуай “Т.Бадамжунайг хэрхэвч нам руу ойртуулж болохгүй хүн шүү. Ялангуяа хотын менежер болгож болохгүй” гэж эсэргүүцээд дийлээгүй юм гэнэ лээ. Шалтгаан нь хотын ерөнхий менежер болохоосоо өмнө ч бас авлигын хэрэг мандааж явсан нөхөр аж.

Авто тээврийн газрын дарга байхдаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудаас ахиухан мөнгө цохидог байсан гэдэг. Мөн 1990-ээд оны үеэр барьж эхэлсэн спорт цогцолборын барилгыг (өнөөгийн UB Palace) 400 гаруй сая төгрөгийн авлига авч өгсөн хэрэгт шалгагдаж байжээ. Гэтэл Т.Бадамжунай биш, хахууль авсныг гэрчилсэн хүн нь Ганцхудагт хоригдож байгаад, эцэстээ өргөдлөө татаж авсан гэж байгаа. “Ноёнтой заргалдвал толгойгүй” гэгч болох нь гээд бууж өгсөн ч байж магад.

Хотын шинэхэн ерөнхий менежер эхэндээ ердөө л Сүхбаатарын талбайг мөсөн урлал хийх зориулалтаар түрээслэх хэлбэрээр мөнгө олдог байсан ч тун удалгүй газрын бизнесээр дагнан хөлжив. Ер нь Т.Бадамжунайн хутгасан будлиан, худалдсан газар, худалдаж авсан эрх мэдлийг тоочих аргагүй. Хотын томоохон хувьчлалуудад ихэнхэд нь оролцсон, ашиг сонирхлын зөрчлөөр олонхыг нь өөрийн талын хүмүүстээ өгсөн гэх хэл ам ч түүнээс салдаггүй. Төрийн ордны зүүнтэйх Хэвлэх үйлдвэрийн хувьчлалын асуудал түүнтэй шууд холбоотой. Энэ хувьчлал М.Энхболдыг хотын мэр байх үед эхэлсэн. Сүхбаатарын талбай тойрсон том том барилгуудын газар цөм түүний гараар дамжсан гэж хэлэлцдэг нь бараг л үнэн байх.

Тэр ер нь чимээгүйгээр их юм амжуулна. Тодорч товойгоод, үзэгдэж харагдаад гийгүүлэхгүй атлаа бүхий л мөнгө төгрөг, ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд байнга нэр гарч явдаг цуутай нэгэн. Түүнийг Зоос банкны  дампууралд ч холбоотой гэдэг. Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй нь. Олны салхинд л туугдаж явсан үг. Ер нь олны салхинд “Архангай аймгийн Засаг даргын суудлыг 100 саяар худалдаж авсан”, “Мэнэнгийн талыг солонгосчуудад зарсан”, “Хотын газрыг зарж барж дуусаад, одоо хөдөө орон нутгийн газруудыг зарж үрэх гэж ХХААХҮ-ийн сайд болсон” гээд л жижиг жиргээ шиг хэрнээ онц ноцтой мэдээллүүд мөн ч их хийссэн дээ. Харамсалтай нь, хууль хяналтынхан олны үг ортой гээд шалгах нь байтугай зүрхэлж хөндөх ч үгүй өнгөрөөнө. “Шударга байцгаая”, “Зөвхөн үнэнийг хэлнэ” гэж хэлдэг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүртэл түүний талаар мэдсэн ч мэдээгүй дүртэй өнгөрч байхыг харах бас л сонин.  Дорнодын Мэнэнгийн талд 27000 га газрыг Өмнөд Солонгосчуудад ногоо тариулахаар өгчээ. Тухайн үед төрийн тэргүүн байсан Ц.Элбэгдоржоос асуухад “Т.Бадамжунайгаас асуугаарай” гэж хариулсан байдаг. Эндээс харахад дээрх “Мэнэнгийн талыг зарсан” гэх үг дэмий салхиар туугдаж ирээгүй л үг бололтой.

Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг босож ирэхэд мөнөөх л Дон Жунай дунд нь нэр цохиж явлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр казинодсон нь баригдсан ч бас л нэр бүхий гишүүдийн хамтаар мултраад гараад ирсэн. Солонгосын казиногоос тоглож алдсан мөнгөнийх нь жагсаалтыг хүртэл гаргаж өгөөд байхад Монголын төр хүнээ шийтгэж чадаагүй л өнгөрсөн.

ХХААҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгатай хамтран тендерийн будилаанаас ихээхэн ашиг олж байгаа тухай хэвлэлээр мөн л гарч байв. Үр хадгалах сав, малын чипний тендер гээд мөнгө босгосон юм их бий гэсэн яриа ч байдаг. Атрын аян эхлүүлэх нэрээр тариалангийн газруудыг хувьдаа авч, С.Баяртай хамтран баахан идэж уусан тухай сураг дуулддаг. Малын вакцины наймааны хар мөр ч тэндээс эхэлсэн гэх.

Бас түүнийг АТГ-ын дарга Б.Дангаасүрэн агсны үхэлтэй холбоотой байж магадгүй гэсэн хардлага амь бөхтэй оршдог. Тэрбээр Жунай тэргүүтэй хэсэг нөхдийг УИХ-ын гишүүн байх үед нь шалгах шаардлагатай гэж үзэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг удаа дараа гаргаж байсан ч эцэстээ гадаадад учир битүүлгээр амь насаа алдсан.

Мөн 2012 онд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ЖДҮХС-гаас 500 гаруй сая төгрөг завшиж, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байв. Мөрдөн шалгалт дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэж сонсогдсон ч удалгүй мөн л чимээ тасран, хэрэг дарагдсан билээ.

Энэ бүхнээс Т.Бадамжунай дээрх хэргүүдийг үйлдсэн гэдгийг баталж чадахгүй ч түүний хүч нөлөө, зангарга ямар том цар хүрээтэй болсныг нотолно. Ядаж л ийм олон хавхнаас энгийн нэг харх мултарч чадахгүй, аль нэгэнд нь бяц тэвхдүүлэх байсан. Тухайн үед МАН-ын нэгэн эрхэм “Нам дамжсан ба хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид эн улс орныг хэдий болтол дарлаж, доромжлох вэ. Авлигачдад дайн зарлалаа гэсэн атлаа яагаад авлига, мафийн эзэд шоронд орохгүй байна вэ. Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, нийслэлийн удирдлагад МАН, АН дамжсан далд сүлжээ хэдийнэ хэрсэн” гэж мэдэгдэж байлаа.  

Бүр хожим буюу 2016 оноос л бид МАНАН гэж хашгирч эхэлсэн болохоос биш, Т.Бадамжунай гэх ганцхан хүн дээр фокуслахад л дүр зураг тодрох байсан ажээ. Тэр үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан М.Ганболдын өрөөнд улаан галзуу амьтан давхиж ороод, заамдаж авсан гэх яриа ч Т.Бадамжунайгийн ямархуу “том гар” байсны баталгаа юм. Ер нь “...Жунайгийн зөвшөөрөлгүй томилгоо, тендер, ер нь юу ч явахаа больсон” гэж амтай бүхэн ярьж, чихтэй бүхэн л сонсдог болчихсон байсан даа.

Ийн өндрөө авсан эрх мэдлийн нууц юунд оршиж байв аа. Мөнгө болон эрх ашгийн наймаа тохироонуудаар бий болгосон “Хотын фракц” гэх бүлэглэлд нь оршиж байлаа.  Ашиг сонирхлуудаар хэлхэгдсэн ийм бүлэглэлийн гишүүд нь бие биенийхээ хамааралд хэт гүн орчихсон байдаг. Нэг нэгнийхээ барьцаанд, эсвэл нэг нэгнийхээ нөөлөгт байх нь эрх ашгуудаа хангахад болон өөртөө хал бал хураахгүй байхад нь хэрэгтэй. “Хэрвээ чи энэ эрх ашигт үйлчлэхгүй бол чиний эрх ашиг гэж байхгүй болно”. Нэг нь талх хулгайлсан бол нөгөө нь хамт идэлцсэн хам хэрэгт унах гээд байдаг хошин шогорхуу л эд юм. Бүлэглэлээс нэг гишүүн нь л алдаа эндэгдэл гаргавал бүгдээрээ нуран унах ийм л эмзэг тогтолцоо нь эргээд бат бөхийнх нь чанар болдог ажээ. Гэмт хэргийн бүлэглэлээс нэг л гишүүн нь баригдвал бусдынх нь хэрэг илчлэгдэн чирэгддэгтэй адилтгаж болох юм. Жунайтны байгуулсан бүлэглэлд үүнтэй үзэгдлийн ялгаа байж болох ч чанарын ялгаа огт байхгүй.

Мафитай кинон дээр толгойлогчид нь байсхийгээд л хэрэг төвөгт холбогдон шалгагдаж, тэгснээ шүүхийг цагдаатай, төртэй, юутай хээтэй нь ялаад л гараад ирдгийг бид үздэг билээ. Энэ үзэгдлийг Жунайтантай адилтгаж болно. Жунайг “Дон”-уудтай адилтгаж болох бас нэг хэв шинж бий. Тэр нь казино. Казино тоглодоггүй, эсвэл хувьдаа казиногүй хүнийг ямар “Дон” гэх билээ. Мань Жунай тоглодог нь бол баараггүй батлагдсан зүйл.

Тоглох ч бага хэрэг ээ. Тэр бүр өөрийн хувийн казиног Монголд нээх гэж санаархаж байсан удаатай. Эдийн засгийн чөлөөт бүс болох Замын-Үүдэд казино нээхээр тохиролцоо хийж байна гэж их л баримттай, тод тодорхой юм сонсогдож байснаа сураг тасарсан. Түүний байгуулах казиногийн 10 хувийг Жо Флинн гэдэг америк эр, 20 хувийг нь Улаанбаатар хотын захиргаа, 20 хувийг МАН-ын хэсэг залуус, үлдсэн 50 хувийг нь Т.Бадамжунай, Д.Загджав нар хамтран эзэмшихээр ярьж байсан гэдэг билээ.

Т.Бадамжунай төрд ороод, гэнэт баяжсан хүмүүсийн тоонд орно. Сайд байхдаа Швейцарийн алдарт “Ulysse Nardin” пүүсийн үйлдвэрлэдэг гар хийцийн хоёр ширхэг бугуйн цагийг тус бүрийг нь 800 мянган ам.доллараар захиалж, бэлээ гайхуулсан. Тухайн үеийн 1.6 сая доллар гэдэг нь 2 тэрбум гаруй төгрөг юм. Түүний эзэмшилд тариалангийн том том талбайнууд бий. Булган аймагт гэхэд л 2000 гаруй га тариалангийн талбайтай. Сэлэнгэ аймагт үүнээс хэд дахин том талбай бий л гэлцдэг.

Т.Бадамжунай улстөрчийн хувьд тийм ч гавьтай тоглогч биш. Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр дөрвөн жил ажиллаад 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2008 онд дахин сонгогдсон. Тэгэхдээ ХХААХҮ-ийн сайд болж, 2012 оныг хүртэл ажилласан.

Үүнээс хойш тэр төрийн ажил хийгээгүй. Бүлэглэлийн бүх нууц хөзрийг гартаа атгаж буй хүний хувьд олны өмнө хэт их үзэгдээд байх нь тийм зохимжгүй юм байна гэж шийдсэнээр Т.Бадамжунай “нуувчиндаа орсон” болов уу. Гэхдээ олны нүднээс далд, улс төрийн албан тушаал хашихгүй байлаа гээд Жунай ноён зэлээ хурааж, зодог тайлсан гэсэн үг биш. Харин ч үйл ажиллагааны хувьд улам нягт нямбай, далд хорон байдлаар ажиллаж эхэлсэн гэвэл илүү ононо. М.Энхболдыг МАН-ын дарга байхад Т.Бадамжунай албан бусаар тус намын санхүүг хариуцаж байлаа. Нам руу цутгах мөнгөний урсгал хийгээд гарч орох бүх крантыг тэр л нээж хаадаг байсан аж. Ямар сайндаа л 2013 онд МАН-ын генсекийн төлөө өрсөлдөөд ялагдсан Ж.Сүхбаатар “Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” гэж цахим сүлжээнд бухимдлаа илэрхийлж байв.

2012-2016 оны хооронд Ардчилсан нам олонх болж, засгийн эрхийг барьж байсан ч албан ёсоор оршин тогтнох болсон МАНАН гэгч бүлэглэлийн ерөнхий зохицуулагчийн үүргийг Т.Бадамжунай гүйцэтгэж байсан гэдэг. Тус хугацаанд Т.Бадамжунай ба түүний бүлэглэл улам идэвхтэй ажилласан дүр зураг харагддаг. Хэдийгээр өөрөө ил гарч, тамга атгаагүй ч гэлээ далдуур хэлхээ сүлбээгээ эрчимтэй тэлж, төрийн тэргүүнээсээ эхлээд сөрөг намтайгаа хүртэл эрх ашгийн нэг хөнжилд орж амжсан байна.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, Ч.Сайханбилэгийг дараагийн Ерөнхий сайдаар томилох захиалгыг МАН-ын талаас Т.Бадамжунай гардан хариуцаж, гавшгайлан хэрэгжүүлсэн гэдэг.

Түүгээр ч зогсохгүй, “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Худалдаа хөгжлийн банк”-ны халаас руу гулсуулах “сонгодог луйвар”-ын хамаг хар бор ажлыг Дон Жунай гүйцэтгэсэн гэж ярьдаг. Түүнээс биш “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин гэх 28 настай залууд энэ бол ахадсан ажил байсан гэдэг нь хэнд ч илэрхий байсан. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг энэхүү том наймааны гол автороор нь нэрлэдэг ч гүйцэтгэгч нь хараахан биш гэж харагддаг. Маш нарийн сүлжээс, торгон нэхээс шаардсан тор сүлжих тал дээр Т.Бадамжунайг гүйцэх хүн байтугай, аалз ч байхгүй.  Тус үйл хэрэгт түүний оролцоо, гавьяа зүтгэл байсан гэдэг нь 2016 оны сонгуулийн дараахан хийгдэх шахсан нэг томилгоон дээр илчлэгддэг. М.Энхболд болон Д.Эрдэнэбилэгийн зүгээс "Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар Т.Бадамжунайг томилохоор зэхэж байсан мэдээ бий. Үеийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эрх баригч намын “Бодлогын хүн” очдог байсан. Тухайлбал, Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ өөрийн дотнын хүн Ч.Ганзоригийг, Ц.Элбэгдорж сонгуулийнхаа Ерөнхий менежерээр ажилласан итгэлт хүн Д.Дорлигжавыг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилж байсан. Энэ утгаараа М.Энхболд сонгуульд ялсныхаа дараа өөрийн хамгийн итгэлтэй хүнээ илгээх гэж байсан нь эргэлзээ байхгүй. Харин энэ томилгоо хийгдэж амжилгүй “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой маргаан дэгдэж, М.Энхболд ч өөрөө сандал суудлын хэрүүлд тэвдэж эхэлсэн билээ.

Одоо чухам Дон Жунай хаана, юу хийж явааг хэн ч мэдэхгүй. Хотын фракцаа мафи болтол өргөжүүлж, мафиа улс төрийн МАНАН бүлэглэл болтол цэцэглүүлж чадсан хүний толгойд ямар гээч адын төлөвлөгөө төрчихсөн яваа бол гэхээс чөтгөр хүртэл соотойж буй нь лавтай.  

Т.Бадамжунай, түүний эхнэр, гурван охин, хоёр хүргэний нэр дээр давхардсан тоогоор 28 ширхэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилга байдаг аж. Тэдгээр нь цөм хотын төв буюу Сонгинохайрхан дүүргээс бусад бүсэд байрлаж буйн ихэнх нь Зайсан, Туул голын хөвөө дагуух эзэмшлүүд юм. Т.Бадамжунайн охин Б.Гаваа 2016 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт газрын даргаар томилогдсон. 

Харин албан бус эх сурвалжуудын мэдээллээр Т.Бадамжунай Монголд байхгүй бололтой. Түүнийг 2018 оны сүүлчээр Замын-Үүдээр “УАЗ-469” машинд суугаад хилээр гарч явсан гэх мэдээлэл тархсан. Ингэж хил давахаасаа хэд хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Twin tower”-т байрлах өрөөндөө хоёр сая гаруй ам.доллар бэлнээр багцалж бэлтгэсэн гэж цуурсан. Дараа нь Сингапурт казино тоглож явааг нь харсан гэж нэг нь бурсан. Ямартай ч энэ бүхний эцэст нэг л үнэн тодорхой болж байна. Монголд мафи байдаг эсэхийг баттай хэлж мэдэхгүй ч “Дон” гэгдэгч нууцлаг эрхэм хүч нөлөө, аюул заналаа далдаас мэдрүүлэн амьдарч явна. Одоо сүүдэр түүний оромж болжээ. Гэвч сүүдэр бол хүч чадал. Сүүдэр бол айдас. Сүүдэр чимээгүй гэтсээр гэрлийг залгин, бүхнийг өршөөлгүйгээр нөмрөн авдгийг мэдэх болохоор тэр өөрөө сүүдэр болох замыг сонгожээ...

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.112) 2023 оны 04 сарын 10

Зургийг нь хар... Оронгутагь сармагчинтай маш адилхан харагдаж байна:

0  |  0
Г(192.82.75.229) 2023 оны 04 сарын 10

Хэдэн таамагаас өөр алга уу. Баримт нотолгоо байна уу.

0  |  0
тeneg yumdoo(103.212.118.104) 2023 оны 04 сарын 11

сү жунай гэсэн нөхдөөс салж хамаг юмы нь хураах хэрэгтэй

1  |  0
Зочин(103.26.194.146) 2023 оны 04 сарын 10

ЖУ аргагүй гарамгай диспетчер шүү.

0  |  0
zochin(192.82.85.216) 2023 оны 04 сарын 10

nogoo hoodni atman sanjmitab buleg alsan gedin

0  |  0
зочин(64.119.26.156) 2023 оны 04 сарын 10

одоо АТГ -ны залуусын чадвар хоёргүй сэтгэл маш чухал байна мафийг яаж дийлэхийг харуул тэгэхгүй бол ирээдүй бас л бүүдгэр болно шүү женко г суулгахгүй зугтуулаад байгаа нь хүмүүсийн дургүйг хүргэнэ угаасаа спиртийн наймааг яаж алга болж монголыг яаж шаварт унагасанг бүгд мэднэ дээ ингэж байхаар үхэж далд ороосой тэгвэл монгол амарна

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 04 сарын 11

Zavhai yanhan.S.Bayar.Tonuulch SVG.Batbold.Chutgur zarait Sartuul.N.Bagabanid.Hyatadiin tagnuul.Tsemdiin.Nyamdorj.Melhii Enhbold.Melhii hamart chutgurocherbat ohiniihoo hamt.Gonchigdorj.Sosorbaram.Aluurchin Batyyl.edgeer byged MAPUUD mash aimshagtai Mongoliin turd dahi udamshsan mapuud.Edgeer lalaruud byged Mongoliin tyyhend yyrd tonuulchid murvbagchidaaraa bichegdsen lalaruud.

2  |  0
бүгд(192.82.83.68) 2023 оны 04 сарын 10

ӨӨ ЗА ЗА НӨГӨӨ МАНАЙ СҮГСЭЛЗҮҮР ХАМГИЙН ТОП ТОМ АМЬТАНТАЙ НИЙЛЖ ХАДГАЛАМЖ БАНКНЫ 14 ТЭРБУМААР КАЗИНОДОЖ ЯВСАН ГЭХЭЭР БОДОХОД ЭНЭ ЭТГЭЭД ЯЛ ЗАВШИХ НЬ МЭДЭЭЖ ЮМ БАЙНАДОО ХАМГИЙН ДЭЭД ТАЛААС ТАТУУРГАААР НЬ ӨЛГӨӨД ЯЛААС ГАРГААД ЗУГААЛУУЛНА БИЗДЭЭ.

0  |  0
бөөн хамаатан юм бай(192.82.65.180) 2023 оны 04 сарын 11

ХХБ-ны босс Эрдэнэбилэгийн эхнэрийн аав ш дээ. Бас нэг охин нь төрд. Бас одоогийн ерөнхийлөгчтэй хамт какинодсон юм байна-найзуудын холбоо. Юу вэ, ингээд харахаар эх орондоо уригдаж ирсэн биш үү. юун баривчлагдах-хошин жүжигийг манай ЗГ тоглоно вэ. Ардчилсан намын бидон Ганбат гишүүний ярвсанаар хотын фракц Филиппиний Маниллад очоод ”Сонгууль боллоо. Та Монголдоо ирээ гээд -сөгдөөд” мал болтолоо хамт архиу уугаад л бөхөлзөөд.,,,, Хэвлэлээр болохоор барьж ирлээ-гээд л -жүжиг тоглоод ккк

2  |  0
irgen(119.40.103.3) 2023 оны 04 сарын 10

sain bichjee, setguulch nar ene humees suralts. 5 ug niiluulj, 2 uguulber zov bichij chaddaggui humuus ih bsn doo, hoorhii

4  |  0
Бузар хошного(192.82.74.101) 2023 оны 04 сарын 10

Үхэээч.

2  |  0
(76.105.223.57) 2023 оны 04 сарын 10

Odoo Enkoldiig barih heregtei tegehedee barahguildee ugaasaa ene shuvuu ajillagaanii gol nairuulagch uim hoino.

2  |  0
яая(64.119.23.12) 2023 оны 04 сарын 10

яг л байж

2  |  0
нямдоржид(103.111.68.3) 2023 оны 04 сарын 10

зургийг нь аваа л тэгээд гүйцээ юу????

1  |  0
Им(66.181.166.86) 2023 оны 04 сарын 10

Одоо загджав дараагын нүүдлээ яариад л сууж байгаа жунай ард түмнийг ингэж л амдруулах нөхцөлийг хийсэн

0  |  0
Им(66.181.166.86) 2023 оны 04 сарын 10

Одоо загджав дараагын нүүдлээ яариад л сууж байгаа жунай ард түмнийг ингэж л амдруулах нөхцөлийг хийсэн

0  |  0
Top