Нохой шуугиулсан БААТАР

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

"Зиндаа" сэтгүүлийн VIII дугаарын "Гол тоглогч" буланд тун сонирхолтой, шуугиантай нэгэн эрхмийг онцолсон юм. Түүний "Hero" гэж дууддаг. Тэр улстөрч биш. Эрх мэдэл, их эд хөрөнгөтэй нэгэн биш. Гэвч "Зиндаа" сэтгүүл түүнийг юуны учир онцолсныг та бүхэн энэхүү баримтат хөрөг нийтлэлээс уншаарай. Таны таалал орших болтугай. 


“Hero” буюу “Баатар”. Нэр нь ч Баатар, хоч нь ч Баатар. Тэр уг нь ердөө л нэг дүрс бичлэгийн студийн захирал, найруулагч залуу. Студийнх нь нэр “Hero entertainment”. Өөрийнх нь нэр Бат-Өлзийн Баатар. Тэр өөрийгөө “Би жирийн л уран бүтээлч. Миний ажил бол нэвтрүүлэг, кино, клип хийх” гэж тодорхойлдог.

Харин бид түүнийг шал өөрөөр тодорхойлдог. Тэр бол жинхэнэ нохой шувуу шуугиулагч. Дөнгөж 40 хүрэх гэж байгаа энэ залуу ерөөсөө баатар болохын одонд төрчихсөн аятай л байдаг. Хэвлэлийн баатар, хүүхнүүдийн баатар, улстөрчдийн баатар, уран  бүтээлчдийн баатар гээд баатрын алдраар дутсангүй. Үүний цаана мэдээж энэ хүний хөдөлмөрч, сэтгэгч, бүтээлч чанар нуугдахын зэрэгцээ пиарын хар технологи, хүн чанаргүй цэвдэг арга барил ч оршиж байгаа. Тэр сайн талын баатар байж болох ч, бас эсрэгээрээ муу талын ч баатар гэж нэрлэгдэх эрхтэй нэгэн.

Монголын кино урлаг, нэвтрүүлгийн салбарт уран бүтээлээрээ тэргүүлж яваа нь үнэн. Эсрэгээрээ улстөрчдийн хамаг л бохир нууц, хар пиарыг нэвтрүүлэг болгон дэглэж, нийгмийн оюун санааг удирдан залахад ашиглаж байгаа нь ч бодитой билээ.

Б.Баатар тэртээ 20 гаруй жилийн өмнө үндэсний телевизэд ажиллаж байхдаа дүрсээр өгүүлэх урлагийн хамаг л нарийн ширийн, амт шимтийг мэдэрсэн гэдэг. Харин хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач мэргэжлээр ДУДС-ийг төгссөнийх нь дараа “Боролдой” студийн захирал С.Мягмар түүнд найруулагчаар ажиллах санал тавьжээ. Ингэж Монголд Б.Баатар гэх маш нарийн торгон мэдрэмжтэй, сэтгэн бодох гайхалтай чадамжтай “шинэ үеийн хэв загвар” бүхий уран бүтээлч мэндэлсэн хэрэг. Харин хожмоо ямар гээч “уран бүтээл” бий болгохыг нь тэр үед хэн ч төсөөлөөгүй нь лавтай.  

“Hero Entertainment” студи нь 2004 онд байгуулагдаж, өнөөг хүртэл хамтлаг дуучдын 100 гаруй клип, 250 гаруй реклам, 10 бүрэн хэмжээний баримтат кино, гурван бүрэн хэмжээний уран сайхны кино, 20 гаруй шоу тоглолтыг амжилттай зохион байгуулжээ. Энэ бол түүний уран бүтээлийн түүх.

Харин Монголын пиарын ертөнцөд хэрхэн хөл тавьсан түүхээс хүүрнэе. “Камертон”-ы Д.Болдын соло карьераа эхлүүлсэн тэр мөч бол Б.Баатар гэх ирээдүйн “пиар мангас” төрөх эхний агшин байв. Тухайн үед “Камертон” хамтлагийн залуус 30 дөхөж байсан ч урлагийн тайзан дээр гандан буурах цаг болоогүй байв. Энэ үед хамтлагийн ахлагч Д.Болд гэнэт л тус тусдаа уран бүтээл хийхийг санал болгосон гэдэг. Өөрөөр хэлбэл, “Би цаашаа дөрвүүлээ биш, ганцаараа явмаар байна” гэдгээ илэрхийлсэн нь тэр байлаа.

Энэ бол түүний өөрөө л “амьд үлдэх” гэсэн амиа бодсон шийдвэр байсан гэдгийг хожим бүгд ойлгосон юм. Уг нь “Камертон” хамтлагийг дөрвүүлээ бүтээж, “Камертон” хамтлаг Болдыг бүтээсэн. Тэр Мээдээ, Ганаа, Эба гурвыгаа жишим ч үгүй гишгэлж хаясан юм. Рок попын ертөнцөд Ширэнгийн хууль үйлчилсэн нь энэ бөгөөд Д.Болд өөрөө л урлагийн тайзан дээр амьд үлдэж, нөгөө гурав нь мартагдсан юм. Нэг нь тариачин, нэг нь телевизийн хөтлөгч, нэг нь шоу менежер болоод дуусав.

Ингээд Д.Болд Монголын цорын ганц “мегастар” болох хүсэл шуналаа гүйцээхээр ажиллаж эхэлсэн. Ард нь хэн байсан гээч. Нөгөө “Hero” байсан юм. Чухам Болд түүн дээр санал тавьж очсон уу, эсвэл Баатар анхнаас нь Болдын замыг заасан уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Энэхүү нууцыг Болд, Баатар хоёроос гадна Бурхан л мэдэх байх. Рок попынхон дундаас цөөнгүй хүн “Энэ бол Болд, Баатар хоёрын хуйвалдаан” гэж хэлж байхыг сонссон. Алин боловч, энэ хоёр залууд хүн чанараа арилжиж олж авсан хоёр өөр төрлийн шунал тачаал байсан нь л тодорхой юм. Б.Баатарт Монголыг байлдан дагуулсан “мегастар” буюу том од төрүүлэх тэмүүлэл байсан бол Д.Болдод тэр хүн нь болох хүсэл байсан хэрэг. Ингээд энэ хоёр хүн нийлснээр монголчууд ёстой л дуучин Болдоор амьсгалсан билээ.

30 хүрч байгаа залуу гэнэт л “В” гэсэн том хүзүүний зүүлт зүүгээд л, булчингаа чангалж харуулаад л, уранхай жийнс, кейт өмсөж солиороод л, “Зөвхөн чам руу” гэж жоохон банди шиг орилоод л... Энэ бүхэн Баатарын тавилт байлаа. Ингэснээрээ “Камертон”-ы Болд гэх уран бүтээлчийн од байх насжилтыг дор хаяж 15 жилээр уртасгаж өгсөн. 13-18 насныхны жинхэнэ шүтээн болж, хит парадын 10 дууны эхний таван байрыг түүний дуу эзэмшдэг байв шүү дээ.

10 жилийн өмнө Болдын дууг сонсож байсан 15-тай хүү одоо 25-тай болсон түүний фэн хэвээр байна. Дуучин Болд тайзан дээр ингэж удаан амьдарсан нь Херо Баатарын гавьяа.

Энэ үеэс л Баатарт “Нийгмийн оюун санааг удирдаж болох юм байна, олон нийтийг яаж ч эргүүлж болох юм байна” гэсэн адын хүсэл, сэрэл мэдрэмж төрсөн байх. Тэгээд тэр мэдрэмж нь улс төрийн хар хүч болсон юм. Өнөөдөр энэ хүн улс төрд хэн гол тоглогч болж тодрохыг шийддэг болох хэмжээнд хүрчээ. Түүний уран бүтээл зөвхөн нэг дуучныг од болгохоос хальж, улс төр, эрх мэдлийн том машинуудыг үйлдвэрлэж эхлэв. Хэнийг алдаршуулж, хэнийг адгийн новш болгохыг тэр л мэддэг болсон байна.

ЗУУН ЭРХЭМ

Монголчуудыг байлдан дагуулсаар буй “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн гол гүйцэтгэгч нь Б.Баатар. Энэ бол түүний уран бүтээлүүдийн нэг. Магадгүй хамгийн цуутай, хамгийн дуулиантай нь байх. Тус нэвтрүүлгээс уран бүтээлчийн сэтгэлгээ, мэдрэмж, хүсэл тэмүүлэл, зорилго цөм нэвт үнэртдэг. Тиймдээ ч Монголын телевизийн нэвтрүүлгүүдийн өнгө төрх, хийц чанарыг хэдэн алхмаар урагш чирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй ээ.

Монголын эрхэм хүмүүсийг оролцуулан, дотоод сэтгэлийнх нь эд эс бүхнийг тэмтэрч, өөрийнх нь тухай үнэнийг өөрөөр нь баталгаажуулан авч үлдэх гэсэн асар сайхан зорилго, холч ухааны авшиг шингэсэн нэвтрүүлэг. Үндэстний сод хүмүүсийг тухайлан хадгалж үлдэх ийм нүсэр ажлыг эхлүүлсэн нь л өөрөө том гавьяа. Тэр тусмаа ур чадвар болоод ур хийцийн ийм төгс хэмжээнд бүтээж, урлаж, дүрсэлж бусдад үзүүлнэ, өв болгож хадгалж үлдээнэ гэдэг нэгэн хүний үйл гэхээсээ илүү нэгэн үеийнхний бардамнал юм.

Одоогоор нэвтрүүлгийн 50 гаруй дугаар бэлтгэж үзэгчиддээ өргөн бариад байгаа. Нэг ёсондоо Баатар амьд баатруудын дуу хоолой, үзэл бодол, дотоод ертөнцийг тэр чигт нь үлдээхийг зорьжээ. Зорьсноо ч биелүүлж явна. Нэвтрүүлэгт оролцсон эрхмүүдийнхээ талаар бичиж авсан бүхий л дүрс, хар материалыг тэр чигт нь улсын архивт өгч байгаа нь нэг талаар сайхан, нөгөө талаар жийрхмээр мэдээлэл. Тэрхүү хар материал буюу нэвтрүүлэгт ороогүй хасагдсан, танагдсан хэсгүүдэд 100 эрхмийн маань ямар ч бичлэг хадгалагдан үлдсэн байх боломжтой гэдгийг бид Н.Энхбаяр болоод түүний гэргий О.Цолмонгийн алдагдсан бичлэгээс хангалттай мэдэж авсан. Бас жихүүцэн, жигшин хүлээж авсан.

Бид Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг үзээд түүнийг тахин шүтэж, дээдлэн хүндэлж байсан бол нэвтрүүлэгт ороогүй хар материал буюу алдагдсан бичлэгийг хараад Н.Энхбаяр болон түүний гэргий О.Цолмон нар нь тийм ч ариун цагаан нэгэн биш гэдгийг мэдээд, урам хугарч, ой гутаж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Б.Баатарын гарт 100 эрхэм болгосон алдар суут хүмүүсийг магадгүй 100 новш болгож ч мэдэх аюултай баримт, дүрс бичлэг хуримтлагдан үлджээ гэсэн мессеж нийгэмд тархсан юм. Гэвч бид эндээс илүү том, гэгээтэй шалтгааныг олж харах ёстой гэдгийг хойно өгүүлэх болно.

Б.Баатар “Ирээдүй цагт үлдэх энэ түүхэн баримтыг дан ганцаараа танах эрх надад байхгүй” гэж хэлээд бүх дүрсийг хадгалдаг гэдгээ ил тод хэлсэн. Монголын сор болсон эрхмүүдийн талаарх бүх сайн сайхан хийгээд муу муухай бичлэг түүний архивт бий. Энэ нэвтрүүлгийн өөр нэг бараан өнцөг нь төлбөртэй нэвтрүүлэг гэх шүүмж байдаг. Баатар хэлэхдээ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нэг ч дугаарыг бэлтгэхдээ хэнээс ч мөнгө авч байгаагүй гэж ярьдаг. Би бол үүн шиг үлгэр байхгүй гэж хэлнэ. Ийм хэмжээний нэвтрүүлгийг хийхэд хэдий хэмжээний зардал гарахыг төсөөлөхөд тийм ч төвөггүй. Зарим зураг авалт нь бүтэн жилийн турш үргэлжилсэн байдаг. Нөгөөтэйгүүр, Баатар хамгийн өндөр үнэтэй уран бүтээлч. Ганцхан жишээ хэлэхэд “Hero entertainment” студи 30-хан секунд үргэлжлэх рекламны шторкийг 15 саяар хийдэг. Сонгуулийн сурталчилгаанд зориулсан хэн нэгэн улстөрчийн нэвтрүүлгийг 200 сая төгрөгөөр хийдэг. Энэ хэмжээний мөнгийг өгч чадахгүй л бол Б.Баатарыг өөртөө үйлчлүүлж чадахгүй гэсэн үг. Түүний үнэ цэнэ ийм.

Гэтэл ийм өртөг өндөртэй уран бүтээлч зөвхөн монголчуудын сайн сайхны төлөө 50 гаруй нэвтрүүлгийг өөрийн зардлаар хийсэн гэдэг бол үнэмшилгүй сонсогдож байгаа юм. Түүний нэвтрүүлэгт мөнгө төлсөн байж болзошгүй олон улстөрч бий. Хамгийн анхны дугаарт “MCS”-ийн Ж.Оджаргал, дараагийн дугаарт “Женко” Х.Баттулга, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Ц.Элбэгдорж гээд эргэлзээ төрүүлэх цөөнгүй дугаар байдаг.

Гэхдээ бизнесийн болон улс төрийн томчуудыг оруулахдаа нэвтрүүлгийн өнцөг, чиг шугамыг алдаагүй байдаг нь мөнгөнд биш, бүтээлдээ илүү хайртай хандсан аяс харагддаг. Төлбөр авдаг, эс авдагаас үл хамаарах зөвтгөлөөр энэ нэвтрүүлгийг шагнах шалтгаан Монголын ард түмэнд бий. Өнөөдрийг хүртэл хийсэн дугааруудын 70 хувь нь төлбөргүй, 30 хувь нь төлбөртэй бүтсэн байг, хамаагүй ээ. Энэ том төслийг санхүүжүүлэхэд оруулсан ганц зоос бүр Монголын дүрсээр өгүүлэх урлагийн сод бүтээлийг бүтээхэд, өв болон үлдээхэд зарцуулагдаж чадсан гэж цагаатгах ёстой. Б.Баатар энэ нэвтрүүлгийг хийхийн тулд хэнээс хэдэн төгрөг авсан нь чухал биш. “Монгол тулгатны 100 эрхэм” гэх сайхан уран бүтээлийг хийж чадсанд нь уран бүтээлчийнх нь хувьд монгол түмний өмнөөс талархах учиртай.

АНХААР! - БААТАР!

“Баатар явсан газар балагтай”. Ийм хэлц хүртэл гарсан. Эсвэл бүр “Болгоомжтой. Баатар орондоо ч, машиндаа ч, утсандаа ч, камертаа ч бичнэ шүү” гэх сануулга тарсан. Олон нийтийн сүлжээгээр ийм л будлианы эзэн байдлаар байнга адлагдах болсон шалтгаан нь түүний алдагдсан бичлэгүүдээс үүдэлтэй. Б.Баатарын санаатай болон санамсаргүй зорилгоор цацагдсан гэх бичлэгүүдийг жагсаагаад үзэцгээе.

1. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн архиваас МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний гэргий О.Цолмонгийн ёс бус үг, хэллэг бүхий бичлэг алдагдсан.

2. П.Анужинтай ярьж буй гар утасны яриа

3. Ч.Ундрал, П.Анужин нарын хэрүүл хийж буй бичлэг

4. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэн нэгэнтэй ярьж буй гар утасны яриа

5. Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярьсан гар утасны яриа

6. Хуучин эхнэр Ч.Ундралын найз Дэлгэржаргалтай ярьсан гар утасны яриа

Эдгээрээр зогсохгүй, нууц амрагтайгаа унтаж байгаагаа хүртэл бичиж авч, тэр нь мөн алдагдсан гэх дуулианд нэр холбогдож явсан. Шил шилээ даран задарсан Б.Баатартай холбоотой нууц бичлэгүүдийн эцсийн бай тэгвэл юу вэ. Яг үнэндээ Баатар энэ бичлэгүүдийг гэр бүлийн шалтгаан, улс төрийн захиалга, бизнесийн сэдлээр нийгэмд цацаад байгаа юм шиг харагдуулах ашиг сонирхол орж ирсэн. Үүний обьект нь Баатар өөрөө байв. Баатар өөрөө хар технологи, пиарынхаа гол судас нь болсон гэдгээ өөрөө ойлгоогүй, хохирогч болсныхоо дараа л ойлгосон байх.

“Баатар нууц бичлэг хийдэг, түүнийгээ цацдаг” гэсэн мессежийг нийгэмд түгээх хэрэгцээ хэн нэгэнд үүсчээ. Чухам хэнд, юуны учир үүссэн ямар гээч хэрэгцээ шаардлага вэ. Үр дүнд нь хэн, хэрхэн, юу хожих вэ. Эдгээрийн хариулт нь ердөө л PR гэх хоёр үсгээс бүрдсэн хорлонт үйл ажиллагаа юм. Б.Баатар өөрөө PR гэгчийг урнаар бүтээгч хийгээд ялгаагүй түүнийхээ хохирогч нь болсон гэж хэлж болно. Тэрбээр уран бүтээл, ур чадвараа улс төрд зориулах болсон тэр цагаас эхлэн өөртөө олон дайсан бэлтгэсэн нь хэнд ч ойлгомжтой. Түүний дэмжиж буй улстөрчийг унагахын тулд эхлээд гол пиарчийг нь үнэгүй, хүндгүй, сүргүй, сүлдгүй, сүнсгүй болгох хэрэгтэй. “Энэ чинь л чиний сонгосон улс төр шүү дээ, уран бүтээлч минь” гэж Баатарт эрхгүй мад тавимаар, маг маг инээмээр, бүр тавламаар санагддагаа нуух юун.

БААТАР ШИГ БАЙ

Эцсийн эцэст нэг л үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. “Hero” хочит Б.Баатар бол шалгарсан пиарчин юм байна гэдгийг. Яагаад ингэж хэлэх болов гэдгийг тайлбарлахын өмнө PR гэдэг ойлголтын талаар цухас ярилцъя. Сергей Карамузов “Мэдээлэл – энэ бол сейфэнд байдаг зүйл. Харин бусад нь бүгдээрээ PR” гэж хэлсэн байдаг аж. Танил сценари байгаа биз. Б.Баатарын бичлэг сейф, эсвэл компьютерийн “хард диск”-энд байдаг хэрнээ алдагдаж, цацагдахаараа PR болдог гэсэн үг.

PR гэдэг нь Public Relation буюу хүмүүсийг удирдах болон зорилтот мэдээллийг бүтээх гэсэн үг юм. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийгмийн “анхаарлын төвд” хувь хүн болон аливаа бүтээгдэхүүнийг аваачиж, улмаар сонголтонд нөлөөлөх нөхцөлийг зориудаар бүрдүүлэх гэсэн үг юм. “Пиар”-ын тусламжтайгаар олон нийтийн ухамсрыг удирдаж, залуурдаж зорилгодоо хүрдэг. Үүний тулд цагаан, саарал, шар, ягаан, хар, вируст пиар гээд олон арга хэрэглэдэг.

Ягаан пиарын хамгийн төгс хувилбар нь “Монгол тулгатны 100 эрхэм” болоод буй. Өөрөөр хэлбэл, хувь хүн амжилтанд хүрэхийн тулд хэрхэн хүнд зам туулсан талаарх сэтгэл хөдөлгөм, сорчилсон түүхийг хүмүүст хүргэдэг байна. Хар пиар нь гэхэд дотроо олон аргыг агуулна. Шүгэлдэх, дэгээ тавих, магтан матах, олны дургүйцлийг төрүүлэх гэх зэргийг нэрлэж болно. Нийгмийн хамгийн дургүй сэдвүүдийг барьж сөрөг мэдээлэл болгон ашиглахыг олны дургүйцлийг төрүүлэх, шүгэлдэх гэх мэтээр тодорхойлдог ажээ.

Энэ бүх аргын тухай зориуд дурдсан нь учиртай. Манай өгүүллийн баатар бол эдгээр аргыг төгс хэрэгжүүлдэг учраас тэр. Монголд улстөрчдийн PR-ыг хийдэг цөөхөн хүн байдгаас Б.Баатар бол сүүлийн жилүүдэд бусдаасаа тасрах маягтай болж яваа нөхөр.

“Нирун фильм” студийн захирал Р.Батсайхан, Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан А.Ганбаатар, МАН-ын Н.Дэмбэрэл, сэтгүүлч М.Буянбадрах, Д.Болдхуяг, “Монгол масс медиа” группийн захирал А.Амундра гээд улстөрчдийн пиарыг дагнан хариуцдаг луугарууд олон. Тэгвэл тэд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Баатарыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Зарим нь түүнд бүр тахим өгсөн гэж болно доо.

Ц.Элбэгдоржийн пиарыг хариуцаж, хоёр дахин ялалт байгуулахад нөлөөлсөн А.Ганбаатар, М.Буянбадрах, Д.Болдхуяг, А.Амундра нар өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын пиарыг хариуцаж ажилласан билээ. А.Ганбаатар “Ц.Элбэгдоржийг хоёр удаа ялуулахдаа 2009 онд “Бэрсний гамбит”, 2013 онд “Сицилл хамгаалалт” гэх арга тактик хэрэглэсэн” хэмээн ярьж байсан лут амьтан. Гэтэл “Анхнаасаа л бооцоогоо цэнхэр дээр тавьж ирсэн” мань нөхөр энэ удаа улаан дээр тавиад алдав. Эсрэг талд нь улс төрийн пиарын тайзан дээр нэгэн “баатар” тодорсон нь мөнөөх “Hero” байлаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ ТҮҮНИЙ БҮТЭЭЛ

Ерөнхийлөгчийн сонгуулиар үнэндээ төрийн мөнгө, төрийн машин, маш том PR-ын багийн эсрэг Х.Баттулга “Нero” Б.Баатар, Асашёорюү Д.Дагвадорж, яруу найрагч Ц.Хулан, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан гэсэн ядмагхан багтайгаар ялалт байгуулчихсан юм. Нууц нь Б.Баатарын цагийг нь олж цацсан бичлэгүүд, болхидуухан бодож олсон “Монгол ялна” гэдэг уриа, өрсөлдөгч талын азаартаж алдагдсан бичлэг сэлт байсан билээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч бол Б.Баатарын уран бүтээл гээд хэлчихэд үнэнээс нэг их хол зөрөхгүй.

Сонгуулийн үеэр цацагдсан дүрс бичлэгүүд л “Женко”-гийн ялалтад маш том нөлөө үзүүлсэн. Үүнийг олон хүн хар технологи гэж нэрлэж байна. Ц.Нямдорж “Энэ сонгуульд хоёр шинэ элемент нэмэгдсэний нэг нь хар пиар. Нөгөө нь гүйцэтгэх ажил” гэж хэлсэн нь үнэний ортой. Ингэж хар технологийг нэвт ашигласнаараа өнгөрсөн сонгууль түүхэнд үлдэж мэднэ. Харин Б.Баатар түүхэнд чухам баатрын дүрээр үлдэх үү гэдэг нь эргэлзээтэй.

Зарим хүн түүнд “Тод манлай уяач” цол олгоё гэж хүртэл санал гаргаж байгаа. Улс төрд түүн шиг тодорсон уяач алга гэж ярьж байна. Сойсон морио төрийн сонгуульд түрүүлж ирэхийг харж, одоо тэр мориныхоо орон тооны бус зөвлөх хийгээд явж байна гэдэг нэг бодлын бахдам амжилт.

Тэр өөрийгөө ч сод авьяастай уяач гэж боддог нь наадмын үеэр тухайн үед Шадар сайд байсан У.Хүрэлсүхтэй ярьсан ярианаас нь тодорхой болсон. Тэрбээр яриандаа “Би Женког дэмжээд Ерөнхийлөгч болгочихлоо. Одоо таныг сойж, түрүүлгэмээр байна” хэмээн ярьсан байдаг.

Б.Баатар өмнө нь рок поп дуучдын клип хийж, түүгээрээ дамжуулан урлагийн “шинэ од” төрүүлдэг байсан бол өдгөө улс төрийн “шинэ од” төрүүлдэг болсон байна. Улстөрчид бол түүний уран бүтээл болж хувирчээ. Баатар ийнхүү мэргэшлээ урвуулан ашиглах болсонд зарим хүн эгдүүцэж, зарим нь “Монголын урлаг нэгэн сайн уран бүтээлчээ улс төрд алдлаа” гэж харамсдаг.

Б.Баатар харин үүнийгээ “Надад гунигтай байна ш дээ. Энэ улстөрчдийн байгаа байдал, эх орондоо хайргүй хүйтэн хандлагууд, энэ их холион бантан уран бүтээлчийн хувьд намайг өвтгөж байна. Миний ажил бол нэвтрүүлэг, кино, клип хийх. Энэ боломжоо улс төрд ашигласнаас өөр юм байхгүй” гэж тайлбарлажээ. Гэвч тэр боломжоо зүгээр ч нэг ашиглаагүй гэдгийг бид мэднэ. Хэтрүүлэн, хэтийдүүлэн, эсвэл бүр өө сэвгүй төгс ашиглаж байгаа. Улс төрийн тайзан дээр ихэнхдээ түүний найруулсан жүжгүүд л тавигддаг болсон нь үүний нотолгоо. Үзэгчээ ч цэнгүүлж чаддаг, гол дүрээ ч тодруулж, товойлгож чаддаг нь түүний ур чадвартай холбоотой.

Жүжигчин Б.Амарсайханы “Намайг Амараа гэдэг” гэх богино хэмжээний бичлэгийг тэр 2012 онд хийгээд сонгуулийн хувь заяаг шийдэж байсан. Тэгвэл үүний хоёрдугаар анги “Би юу хийчихэв ээ” бичлэг 2016 оны сонгуулийг орвонгоор нь эргүүлж байлаа.

Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг тэр одоо гол дүрдээ тоглуулж, энэ жүжгийг нь бид ирэх дөрвөн жилийн турш лав үзэж таарна. Нэгийг нь өөрийн шууднайруулгаар Ерөнхийлөгч болгож, нөгөөг нь Ерөнхий сайдын рольд  тоглуулж байна.

Энэ хэсэгт У.Хүрэлсүхтэй хийсэн утасны ярианаас нь иш татъя.

Б.Баатар: Одоо тан руу оръё оо. Таныг бас уралдуулмаар байх юм, одоо.

У.Хүрэлсүх: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуулъя гэж ярьсан. За яахав, нэг нь ч уралдаад түрүүлчих шиг боллоо.

Б.Баатар: Яваад л байгаа биз дээ. Одоо таныг түрүүлүүлнэ ээ.

У.Хүрэлсүх: Тэр ч одоо ер нь их ойрхон болчихоод байгаа шдээ. За тэгье, тэгээд уулзаж байгаад ярья.

Ийм яриа болсон цаг мөч нь анхаарал татна. У.Хүрэлсүх нам дамжсан бүлэглэл, 60 тэрбумынхантай сөргөлдөж, хэдийгээр Шадар сайд нэртэй боловч бусдын Засгийн газарт толгой хоргодож байлаа. МАН-ын Удирдах зөвлөлд багтдагаас өөр улс төрийн албан тушаал, эрх мэдэл У.Хүрэлсүхэд байгаагүй үед дээрх яриа өрнөсөн билээ. Гэтэл энэ ярианаас ердөө гуравхан сарын дараа У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, улмаар МАН-ын дарга болжихуй.

Энүүхэндээ гэж хэлэхэд, “Эрлийз морьдыг монгол төрийн наадамд уралдуулахгүй” гэдэг зохиолын найруулагч нь мань “Hero” ч байж магадгүй. Өөрөө бол үүнийг цэвэр тохиолдол гэж ярьдаг юм билээ. М.Энхболдыг Ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс мулталсан гол акц бол энэхүү “эрлийз морь” гэх тавилт шүү дээ. “Монгол ялна” гэсэн уриа ч үүнд л зориулагдсан найруулагчийн мэргэн шийдэл мэт харагдана. Гэхдээ “эрлийз морьд”-ын тухай Шадар сайдын унагасан үгийг овжиноор ашигласан ч байж болох л доо. Сийрэг сэтгэж, овжин ажилласны үр дүн.

БААТАР БОЛ НОВШ

Гэвч Монголын ард түмэн Баатарын чадварт итгэж болох ч хувь хүний мөн чанар, хүн чанарт нь эргэлзэх болсон нь үнэн. “Баатар бол туйлын найдваргүй этгээд. Ялангуяа улстөрчид болоод эмс хүүхнүүд түүнээс нэн болгоомжилбол зохилтой. Баатар бүх яриа, үйл хөдлөлөө баримт болгож бичиж авдаг бөгөөд хэзээ ч цацаж мэднэ” гэх нэр төрийн оромжинд тэр өнөөдөр ч амьдарсаар явна.

Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийсэн утасны ярианаас бас нэгэн хэсгийг ишлэе.

У.Хүрэлсүх: Бичлэг хийгээгүй биз дээ.

Б.Баатар: За яршиг бичлэгээ унтраачихая. Рекорд пауз авчихая.

У.Хүрэлсүх: Чи бичлэг хийсэн байж магадгүй шүү.

Б.Баатар: Ямар аймаар юм бэ, ийм нэр хүндтэй ч болчих гэж.

Тийм ээ, манай “Hero” ийм л нэр хүндтэй болж хоцорсон. Эхнэрийнх нь найз Дэлгэржаргал гэх бүсгүйтэй ярьсан бичлэг цацагдахад цаадах нь мөн л дахин дахин “Чи бичлэг хийгээд байгаа юм уу” гэж лавлаад байгаа нь анхаарал татаж байлаа. Өөрөөр хэлбэл, хүн бүр түүнд эргэлзэж, зарим нь түүнийг новш гэж боддог.

“Би хэн нэгнийг чагнаж тагнаж мөшгөх зорилгоор, бичлэг хийж байгаагүй, олон нийтийн сүлжээнд цацаж байсангүй. Энэ амьдралынхаа туршид шүү” гэж өөрөө хэчнээн тайлбарлаад ч түүнд наалдсан энэ шошго салсангүй.

Ээж нь хүртэл түүнд эргэлзсэн тухай Баатар өөрөө ярьсан. У.Хүрэлсүх сайдтай ярьсан яриа цацагдсаны дараа ээж нь утасдаад “Миний хүү одоо элдэв янзын бичлэг хийхээ боль. Энэ юу болоод байгаа юм бэ” гэсэн гэдэг.

Энэ бол “Hero”-гийн хамгийн том хохирол байсан юм. Тэр уран бүтээлч гэхээсээ илүү гаж донтон шиг харагдаж эхэлсэн нь нэгэн бодлын харамсалтай. Б.Баатар “Үнэнийг нь хэлье. Би золиос болсон. Наад зах нь, над шиг дэврүүн уран бүтээлчид энэ улс төрд чанагдсан хүмүүст байдаг шиг өөрийгөө хамгаалах дархлаа суугаагүй, гэнэн байдаг юм байна. Маш том бүлэглэлийн махны машинд хэрчүүлж яваа жирийн нэг иргэн. Саяын сонгуулиар тэр араа шүдний яг гол руу нь өөрийн эрхгүй яваад орчихсон, өөр арга байгаагүй” гэж ярьсан нь ялсан хүний биш, хохирсон цөхөрсөн хүний үг шиг сонстох нь хачин.

Бас Баатар бол зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхэд бэлэн араатны зөнтэй пиарчин юм. Үүнд ганцхан жишээг л уншигчдад сануулахад хангалттай. Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс өмнө гэнэтхэн л Чингис хааны хөргийн өмнө ёс бус үйлдэл үзүүлж буй хятад залуугийн зураг, монгол адууг машинаараа дайрч алж байгаа хүний үнэргүй хятадууд, охид эмэгтэйчүүдийг биеийг нь үнэлүүлж, эзэмдэн эзэрхийлж байгаа хятад залуучуудын зугаа цэнгэл гээд хятадтай холбоотой бүх л муу муухай зураг, бичлэгүүд цацагдсан. Нийгмээрээ, нийтээрээ бид өөр юуны ч тухай ярихаа болих хүртлээ хятадуудыг үзэн ядах давалгаанд автсан. Энэ бүхний дараа сонгууль эхлэхэд “Монгол ялна” гэсэн уриатай нэр дэвшигч тайзан дээр гарч ирсэн. Түүний өрсөлдөгч нь тэгэхээр хэн байж таарах вэ. “Хятадын эрлийз”. Ийм л технологийг Б.Баатарын найруулгаар улс төрийн тайзан дээр бид үзсэн. Эцэст нь Монгол ялсан. Үүний дараа бидэнд алга ташихаас өөр сонголт үлдээгүй билээ.

ЛАА БАРЬСАН ХҮН

Уран бүтээлчийн хувьд Б.Баатар маш соргог, сэргэг, задгай сэтгэлгээтэй гэдэг нь маргаангүй. Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Би чамд хайртай” киноны II ангийг хийнэ гэж түүнээс өөр хэн зориглох байсан бэ. Тэгэхдээ бүр гол дүрд нь нэг ч удаа жүжиглэж үзээгүй “Камертон”-ы Д.Болдыг тоглуулна гэж хэн бодож зүрхлэх вэ.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн өтөл найрагч Бавуугийн Лхагвасүрэнг үзэсгэлэнт бүсгүйтэй хамт хөтлүүлнэ гэх зураглал хүний бодолд бууна гэдэг маш их уран сэтгэмж шаардаж таарна. Аливаа нэвтрүүлгийг мэргэжлийн хөтлөгч, эсвэл сэтгүүлчээр л хөтлүүлэхгүй бол тухайн нэвтрүүлэг унаж мэднэ гэсэн хэвшмэл сэтгэлгээнд тэр хүлэгдээгүй.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг ур хийц, чадал чансааны хувьд телевизийн урлагт хөгжил авчирсан шиг “100 чухал сэдэв”, “Бүрэн зураглал” нэвтрүүлгүүд ч санаа болон гүйцэтгэлээрээ бусад нэвтрүүлгийг хол орхисон гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө.

“Бүрэн зураглал” нэвтрүүлгийг жишээ татъя. Х.Баттулга, Э.Бат- Үүл, М.Энхболд, З.Энхболд нараар нэвтрүүлэг хөтлүүлэх агуу том санааг “Hero”-гийн Баатараас өөр хэдэн хүн бодож чадах бол. Бодлоо гэхэд тэдний хэд нь бодит ажил болгож, хийж чадах бол оо. Олигтой ярьж ч чаддаггүй гэх шүүмжлэлд өртөж, өөрөө ч түүнийгээ мэдээд нэвтрүүлгүүдэд оролцдоггүй топ модель Э.Одгэрэлээр цаг агаарын мэдээ уншуулаад зогсоож чадах хүн түүнээс өөр бий гэж үү. Өчнөөн оны туршид бие биедээ төдий л элгэмсэж байгаагүй хоёр их аваргыг нэгэнд нь эвлэрлийн цагаан хадаг бариулж, нөгөөтэй нь золгуулах ийм найруулгыг Б.Баатараас өөр хэн өмнө нь хийсэн бэ.

Дүрийг яаж бий болгох, тэр дүрээр дамжуулж хэлэх гэсэн санаагаа үзэгчдийн тархинд хэрхэн хадаж өгөх вэ гэдгээ дэндүү сайн мэддэг найруулагч юм байна, Баатар. Хэн ч хэзээ ч түүний дүр болчихсон явж байж мэднэ.

Сэтгүүлч Го.Бадарч түүний нэвтрүүлэгт ороод “Эрлийз хурлийз улстөрчид Монголын төрийг муухай харагдуулж байна” гээд яриад л сууж байсан. Эрлийз хүнийг нэвтрүүлэгтээ оролцуулж, эрлийзүүдийнх нь эсрэг ийм үг хэлүүлж чадаж байгаа нь яах аргагүй ур юм.

Олон улсын тоймч Ш.Гантулгын “200 хүний толгойг тасдах хэрэгтэй” гэж ярьсан хэсгийг нэвтрүүлэгтээ оруулсан нь явж явж найруулагчийн л шийдэл. Энэ нэвтрүүлэг цацагдсаны дараа нийгэмд эмзэглэл үүссэн. Гэм буруутай хүнийг хууль шүүх ялладаг болохоос бус жирийн нэг найруулагч залуу нэвтрүүлгээрээ яллаад байж болохгүй.

Гэхдээ урьд өмнө хэзээ ч сонсогдож, харагдаж байгаагүй санаа, хурц шийдлүүдийг Б.Баатар нэвтрүүлэгтээ заавал ашигладаг. Тэр нь хэлэх гэсэн санаа, зорилгоо яс, тархинд ян хийтэл хадаж өгнө. Уутанд элс хийгээд долоон газар цоолж, доош нь асгаж харуулснаараа хэрвээ нарийн царигтай төмөр зам баригдвал Монголын баялаг олон сувгаар урд хөрш рүү урсах болно гэдэг санааг ярьснаас илүү ойлгуулж, сэнхрүүлж чадсан. Дээр өгүүлсэн “200 хүний толгойг тасдаад, түүнийгээ тойроод бүжиглэх хэрэгтэй” гэсэн үгийг нэвтрүүлэгтээ оруулсан нь авилгачид бол ийм адгийн юм гэдэг үзэн ядалтын дээд илэрхийлэл болгож шигтгэж өгсөн хэрэг. “Авилгачдыг цээрлүүлэх ёстой” гэж улиг болсон үг хэлүүлэх нь Б.Баатарт дэндүү ядмагдаж, хэтэрхий жулдана.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг шүүмжлэх хүмүүс ч бий. У.Хүрэлсүхийг энэ нэвтрүүлэгт оролцуулах болоогүй байсан, Ц.Элбэгдоржийн сонгуулийн өмнөхөн мөнгөөр оролцуулсан, оролцогчдоо хоосон магтаалаар булдаг зэрэг олон шүүмж өрнөдөг л дөө. Сэтгүүлч З.Батхуяг гэгч “Энэ нэвтрүүлэг бол мөнгөөр зодож хар пиарыг яаж хийж болдгийг яруу тодоор харуулсан нэвтрүүлэг. Энд ямар ч уран бүтээлийн шинж байхгүй. Үнэний үнэр ч байхгүй. Хоосон магтаал, долигонол, бялдуучлал, бөгс долоолт...” гэх мэтээр муулсан нь бий. Гэхдээ Б.Баатар өөрийгөө лаа барьсан хүн гэж тодорхойлдог. “Би уг нь гэрэлтүүлэх гэж л лаа бариад байгаа. Гэтэл сүүдэр нь томроод байна” гэж тэр хэлжээ. Магадгүй л юм.

"СҮҮДЭР ДАГУУЛСАН" ХҮН

Лаа барьсан хүн маань өдгөө олон хүний айдас, хар дарсан зүүд нь болжээ. Чухам хэзээнээс гэдгийг мэдэхгүй, Баатар өөрөө гүйцэтгэх ажиллагааны хамгийн том обьект болж хувирсан байна. Баатар өөртөө дурласан хүүхний бичлэгийг хийдэг гаж донтон, өөрийн бүх харилцаа, үйлдэл бүхнээ баримтжуулан хадгалдаг санаа муут, ер нь хэн ч байлаа гэсэн өөрийгөө “матарлах” маанаг бол биш. Н.Энхбаярын бичлэг, У.Хүрэлсүхийн утасны ярианы бичлэг хоёр алдагдсан, цацагдсан тухайд Б.Баатарын үгэнд үнэний илтэс бий гэж боддог. Энэ бол их дээрээс шидсэн чулуу байжээ гэдэг нь өнөөдөр илүү тодорч байна.

Ядаж л Баатарт Н.Энхбаярыг харлуулах шалтаг, өс хонзон байгаагүй. Харин ч Н.Энхбаяр бол түүний эзэн Женкотой улс төрийн нэлээн холын хоршил болж байсан хүн. У.Хүрэлсүхийн утасны яриа цацагдсанаар Баатарт ямар ч пиарын болоод нэр хүндийн давуу тал ирээгүй, харин ч энэ нь түүнийг болон түүний эзэн Женког багагүй хөөдсөн тул ийм аюултай тоглоомоор тэр наадахгүй байсан.

Б.Баатар гүйцэтгэх ажиллагааны золиос болсон гэдгийг Ц.Нямдорж сайд ч, ТЕГ-ын эх сурвалж ч батлаад буй. Гагцхүү энэ утасны цаад үзүүрт хэн байсан бэ. Н.Энхбаярын бичлэгийг задалсан ажиллагааны цаана тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурцын даалгавраар гүйцэтгэсэн гэж яригддаг. Харин Б.Хурцад Ц.Элбэгдорж захиалга өгсөн гэж олон эх сурвалжууд ил далд хэлсээр буй юм. Б.Баатарын студиэс Н.Энхбаярын бичлэгтэй хамт нэлээд материал алдагдсан гэдэг. Тухайн үед Б.Баатар С.Зоригийн аллагын талаар нэвтрүүлэг хийж байсан гэж ч яригддаг. Харамсалтай нь тэр нэвтрүүлэг өнөөдрийг хүртэл цацагдсангүй үлджээ.

Цаг хугацаа өнгөрөхөд Баатар гэх найруулагч залуу эрх мэдлийн асар том машинд хэрчүүлж тээрэмдүүлсэн нь нэгэнт илэрхий болж ирлээ. Б.Хурц гэх тагнуулч эрхэм УИХ-ын гишүүдийг хүртэл яаж айлгаж, атгаж байгааг бид харлаа. Тэр бүх алдагдсан, цацагдсан бичлэг Баатар дээр хийсэн гүйцэтгэх ажиллагаа байжээ гэдэг нь өнөөдөр төвөггүй уншигдаж байгаа юм.

Хөрөнгө мөнгө, эрх мэдлийн хувьд яг үнэндээ Баатар хэн ч биш. Гэтэл түүнийг яагаад ингэж тагнаж, хараа хяналт хийгээд сүүдэр дагалдуулах болов оо... Үүний нууц нь энгийн хүний ойлгож чадахгүй хүч, боломж Баатарын гарт төвлөрсөнд байж мэдэх юм. Херо өөрөө зүгээр нэг хувь хүн биш, хувийн продакшн төдий биш, бүр нийгэм, улс төрийн үзэгдэл болчихоод байна гэсэн үг. Херо өөрөө үнэн худлын дэнс, тархи угаалтын тайз болжээ. Нийгмийн сэтгэлзүйг хүссэнээрээ удирдах аймшигтай механизмыг өөрөө ч мэдэлгүй ажиллуулаад, түүнийхээ эд эс нь болж хувирсан байна. Тэгж бодох аваас лаа барьсан энэ хүнийг хэчнээн сүүдэр дагаж байсныг, одоо ч дагасаар байгааг ойлгоход төвөггүй юм.

Өнөөдөр Баатар хэдэн сүүдэртэй амьдарч байгаагаа өөрөө ч мэдэхгүй. Гэвч өөрөө бол маш том бүлэглэл л өөрийг нь агнахад бэлэн анаж байгаа гэдгийг эрхбиш мэдээд байх шиг. Маш том бүлэглэл гэж юу вэ гэдгийг Баатар өнөөдөр системийн түвшинд харж чадаж байгаа.

Мэдэж болохгүй маш том нууц, асар их мэдээллийг тэр мэдэж байж ч болно. Аль мэдээллийг аль сувгаар урсгах вэ гэдгээ ч мэдэж байна. Гагцхүү бүхнийг ил гаргаж цацах гэвэл өнөөх том машинд хэрчүүлнэ гэдэг айдаст хүлэгдсэн байхаас зайлахгүй. Өөрийг нь ямар ч үед хэрчиж, тасчиж хаяхад бэлэн хүчирхэг механизмын эсрэг байгаа бүхнээ дэнчин тавих баатар Монголд төрөхөд хэцүү. Бараг л боломжгүй. Б.Баатар ч ялгаагүй энэ механизмд хэрчүүлэхийн зовлонг амсаж яваа уран бүтээлч. Уран бүтээл рүү нь дайрах, хувь хүнийг нь гутаан доромжлох, гэр бүлийг нь оролдох аюул занал дундуур туучиж явна. Баатар өөрөө ийм болохыг чухам хүссэн үү, үгүй юу гэдэг нь сонин л доо. Дөнгөж дөч шүргэж буй энэ залуу өнөөдөр хэн Ерөнхийлөгч болохыг шийдэж байна. Тэгвэл маргаашийн Б.Баатар юу хийж, юу шийдэж чадах бол. Барьж буй лаагаараа энэ нийгмийг гэрэлтүүлэх үү. Эс бөгөөс сүүдэрт нөмрүүлж, харанхуйд уусан шингэх үү. Маргааш нар мандаасай.

Нийтлэлч Д.Дамдинжав

"Зиндаа" сэтгүүл 2018 он. №01(08/508) дугаарт нийтлэгдэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.250.126.130) 2019 оны 06 сарын 23

Хөгийн хогийн хүний мөс муутай залуу даа. Бичсэн сэтгэгдэл яагаад арилгаад байна аа.

0  |  0
Зочин(43.250.126.130) 2019 оны 06 сарын 23

Хөгийн хогийн муухай залуу даа. Авъяасаа буруу юманд ашигласан хүний мөс чанаргүй залуу.

0  |  0
Зочин(202.9.43.171) 2019 оны 06 сарын 22

мэддэг хүмүүс нь Баатрыг зүгээр л хүнд туслачхаар сэтгэлтэй хүн биш гэдгийг нь хэлээд өгнөл дөө бүх юмыг зоосны нүхээр хардаг баатар

0  |  1
Top