Цэргийн хувцас ашигласан хамгаалалтын албанд ШААРДЛАГА хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

"Шинэ Соёмбо" гэх компанийн хамгаалалтын ажилчид Монгол Улсын Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн алба хаагчдын өмсөж хэрэглэдэг хувцас, хэрэглэлийг өмссөн талаар мэдээлэл гарсан.

Энэхүү асуудалтай холбогдуулан ЗХЖШ-ын Материал техникийн газрын холбогдох мэргэжилтнүүд Багатэнгэрийн амны харуул хамгаалалтыг хариуцдаг “Шинэ соёмбо” хамгаалалтын алба болон “Төв гандан хийд”-ийн харуул, хамгаалалтад гарч байгаа энгийн иргэдтэй уулзаж, Монгол Улсын холбогдох хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол болон ЗХЖШ-ын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн холбогдох хэсгүүдийг танилцуулж мэдэгдсэн ба зөрчил арилгуулах үүднээс дараах газруудад албан бичгийг хүргүүлжээ.

Уг албан бичигт “Танай байгууллагын харуул хамгаалалтын бүрэлдэхүүн нь цэргийн дүрэмт хувцас, хэрэглэл өмсөх, тэр дундаа батлагдсан загварын цэргийн хээрийн дүрэмт хувцас, цол, цэргийн байгууллагын бэлгэ тэмдгийн загварыг өөрчлөх, энгийн хувцастай хольж өмсөх зэргээр Монгол Улсын холбогдох хууль, эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлдэг захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байна.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, ЗХЖШ-ын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллага, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын болон Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, хугацаат цэргийн алба хаагч болон цэргийн гэрээт албаны алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загварын цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, цол, ялгах тэмдгийг дүрэмд заасны дагуу хэрэглэдэг.
Цэргийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт /цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг.
Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамаарах бөгөөд тэдгээр нь зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцас өмсөж хэрэглэдэг тул цэргийн албаны нэр хүнд, цэргийн албанд зүтгэж байгаа бүрэлдэхүүний итгэл үнэмшил, цэргийн албаны мөн чанар, үнэ цэнийг алдагдуулах, цэргийн албаны нэр хүндийг гутаан доромжлох шинж чанартай үйлдэл гаргахгүй байх тал дээр анхааран зөрчлийг нэн яаралтай арилгаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв цэргийн дүрэмт хувцсыг зориулалтын бусаар өмсөх буюу хэрэглэх эрхгүй этгээдүүд цаашид дахин өмсөж, хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэг “Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандаж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна” гэжээ.

Хяналт шалгалт цаашид ч үргэлжлэх бөгөөд Цэргийн дүрэмт хувцас хэрэглэсэн, үйлдвэрлэсэн хэн бүхэнтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцуулах болно гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (43.228.130.188) 2022 оны 11 сарын 18

ккккк НаранТуулаар дүүрэг ийм өнгөтэй ийм хэлбэртэй Дамбаалууд зарж байгаа, машины бүтээлэг ч ийм өнгөтэй байгаа ....Тэрийг хориглох боломжгүй ...манай төрийнхөн мөн ч тэнэгүүд шүү КККК\n

0  |  0
Top