"Монгол орноо хогноос салгая" хүрээнд 1,185.3 тонн хог цэвэрлэжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн албан даалгаврын хүрээнд усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор усны сан бүхий газрын, хамгаалалтын бүс, түүний орчмын газрын хог хаягдлыг бүрэн цэвэрлэж дуусгав.

Уг ажлын хүрээнд 6,873.6 га талбайг хамруулан 798 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчид, сайн дурын иргэд, залуучуудыг оролцуулан нийт 1,185.3 тн хог хаягдлыг цэвэрлэлээ. Их цэвэрлэгээг 17,349 хүн, 350 орчим машин, техник хэрэгсэл ашигласан бөгөөд хуванцар, архи, ундааны шил сав, гялгар уут, ахуйн хог хаягдал, малын сэг зэм ихэнх хувийг эзэлж байна.

Гол мөрөн, нуур, рашаан, булаг шандын хамгаалалтын бүсэд нийт 351 тэмдэгжүүлэлт шинээр байршуулж, 103 тэмдэгжүүлэлтийг сэргээн засварласан.

Усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр 116 удаагийн хяналт шалгалт хийж, стандартын шаардлага хангаагүй 63 энгийн нүхэн жорлон, 2 хогийн цэгийг дарж булж, зөрчлийг арилгасан байна.

Гол, нуур, булаг, шандыг бохирдуулахгүй, хог хаягдалгүй байлгах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлэх талаар мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг нийт 131,293 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top