НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комла тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Хүүхдийн Сан нь дэлхийн 190 орон тэдгээрийн дотор Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд тэргүүлэгч дэлхий хэмжээний байгууллага юм. Тус байгууллага нь манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 50 гаруй жил өнгөрч байна.

Уулзалтаар талууд дотоод, гадаад агаарын чанар, түүний хяналтын систем болон Монгол гэрийн дулаалга-Чип төсөл, хүүхэд ба эрүүл мэнд, байгаль орчны зорилтод хөтөлбөрт хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал солилцлоо.

Өнөөдрийн уулзалтыг талууд цаг хугацааны хувьд чухал ач холбогдолтойг онцлоод, өнгөрсөн хугацаанд тус байгууллагаас гурван аймагт хэрэгжүүлж ирсэн ус, ариун цэврийн байгууламж, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг цаашид Монгол Улсын 21 аймагт хэрэгжүүлэхээр зорьж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Мөн тус байгууллагаас БОАЖЯ-ны харьяа Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран агаарын чанарыг урьдчилан тооцоолох загварыг боловсруулж байгааг дурдаад, цаашид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нэн ялангуяа дотоод орчны бохирдлыг бууруулах, хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллана гэдгээ НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комла илэрхийллээ.

Түүнээс гадна сургууль, цэцэрлэгийн орчинд дотоод агаарын чанарын үзүүлэлтийг бүрэн хянах боломжтой төхөөрөмжийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гардууллаа. Уг төхөөрөмж нь тухайн сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдлыг тодорхой үзүүлэлтээр харуулахаас гадна агаар сэлгэх давтамж, цаг зэргийг заадаг байна. Энэхүү төхөөрөмжийг одоогийн байдлаар БЗД-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх улсын цэцэрлэгүүдэд байршуулаад байгаа бөгөөд ойрын хугацаанд СХД-ийн улсын цэцэрлэгүүдэд байршуулахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн уулзалтад хоёр талын албаны төлөөллөөс гадна өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд залуучууд” чуулганы оролцогч хүүхэд залуусын төлөөлөл болох Говьсүмбэр аймгийн дунд сургуулийн 11-р ангийн сурагч н.Мөнгөнзул, М.Гарьд нар оролцож, тус чуулганаас гарсан санал зөвлөмжийн хүрээнд хүүхэд, залуусын оролцоог илэрхийлсэн гарын үсэг бүхий дурсгалын самбарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд гардуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top