ЗАСГИЙН ГАЗАР: Цагаандэл-Уул боомтыг байгуулах тогтоолыг түдгэлзүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл маргааш /2022.06.01/ буюу лхагва гарагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Эл өдөр олон нийтийн амралтын өдөр таарч байгаа юм.

Тиймээс Засгийн газар өнөөдөр /2022.05.31/ ээлжит бусаар хуралдаж байна. 

Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Цагаандэл-Уул боомтыг байгуулах Засгийн газрын 46 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргана.

Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажилласан. Энэ үеэрээ Цагаандэл-Уул боомтыг нээх 2014 оны Засгийн газрын 46 дугаар тогтоолыг түдгэлзүүлэхээ мэдэгдсэн юм. 

Тэрбээр "Би Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын дараагийн хуралдаанаар 2014 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар тоот тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргая. Гэхдээ энэ тогтоолыг цуцалсан гэж нөгөө талд хэлэхийг хүсэхгүй байна. Хоёр зүйл дээр зарчмын хувьд та нартай санал нэг байна. Эхлээд Гашуунсухайн болон Шивээхүрэнгийн боомтоо төмөр замаар холбох нь зүйтэй. Үр дүнг нь хамтдаа үзье. Хэдүүлээ 14 жил Гашуунсухайтаа холбож чадаагүй. Гашуунсухайтын хил, холболтын цэгийг тохирсон нь сайн асуудал. Нүүрсийг төмөр замаар холбох тусам авто замаар тээвэрлэх нүүрс одоо байх ч гэсэн яваандаа төмөр зам руугаа л шилжинэ гэсэн үг. Төмөр замаар нүүрс тээвэрлэх нь нэг талаараа байгалиа хамгаалах бодлогын нэг хэсэг юм. Та бүхэн хамтарсан Ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Хэзээ та нар ойлголцолд хүрнэ тэр цагт асуудлыг эргэж харах шийдвэрийг гаргая. Компани болон бусад удирдлагуудад нь энэ асуудлыг би зөвөөр ойлгуулж, тайлбарлана. Тэр хүмүүсийн хувьд ч гэсэн санхүүжилт зэргээ гаргачихсан, амаргүй нөхцөл байдалтай байгаа байх. Та нар хамтдаа уулз, сайн ярилц" гэж ярьсан билээ. 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top