ДЭМБ: Долоо хоногт ковидоос үүдэлтэй нас баралт 43 хувиар өсөв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Өнгөрсөн долоо хоногт /03.21-03.27/ дэлхийн хэмжээнд нийт 10 805 132 хүн коронавирусний халдвар авч, 45 711 хүн нас баржээ. Өмнөх долоо хоногтой /03.14-03.20/ харьцуулахад халдварын тоо 14 хувиар буурсан ч нас баралт 43 хувиар өссөн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын бүх зургаан бүс нутагт халдварын тархалт буурсан байна. Тухайлбал, халдварын тархалт Зүүн Газар дундын тэнгисийн бүс нутагт 32 хувь, Африкт 29 хувь, Баруун Номхон далайн бүс нутагт 24 хувиар тус тус буурчээ.

Халдварын шинэ тохиолдлуудын 49 хувь нь Европт ногдож байгаа ч халдварын тархалт дөрвөн хувиар буурсан байна. Ковидоос үүдэлтэй нас баралт Америк тивд 182 хувь, Зүүн өмнөд Азид 116 хувиар нэмэгджээ. Бусад бүс нутагт нас баралт буурсан байна. Тухайлбал, Африкт 30 хувь, Зүүн Газар дундын тэнгисийн бүс нутагт 22 хувь, Европт 17 хувиар буурчээ.

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д халдварын нийт 2 442 195 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Германд 1 576 261, Вьетнамд 1 127 716, Франц улсад 845 119 болон Италид 503 932 тохиолдол тус тус батлагджээ. Хамгийн өндөр нас баралт Чилид бүртгэгдсэн байна. Тус улсад өнгөрсөн долоо хоногт халдварын улмаас 11858 хүн энджээ. АНУ-д 5 367, Энэтхэгт 4 525, ОХУ-д 2 859 болон БНСУ 2 471 нас баралт бүртгэгджээ.

ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий дахинд нийт 481 756 671 хүн коронавирусний халдвар авснаас 6 127 981 өвчтөн энджээ. Өнгөрсөн 24 цагт халдварын тоо 1 342 231, нас баралт 2841-ээр тус тус нэмэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top