“Уран Хас” контемпрари балет МОНГОЛД АНХ УДАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ)-өөс санаачлан нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” сонгодог бүжгийн жүжгийг толилуулахад бэлэн болжээ. 

Энэ жил тус хөтөлбөрийнхөн “Чулуун” сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Уран Хас” контемпрари балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан “Моушн Монголия” контемпрари бүжгийн олон улсын II-р наадамд зориулан бүтээж эхэлсэн ба цар тахлын улмаас хойшилсон боловч энэ ондоо багтаан танилцуулах боломж нээгдэв. 

Бүжгэн жүжгийг хөгжмийн продюсер, хөгжимчин, дижэй Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг залуу дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, МКБХ-ийн бүжигчид амилуулжээ. 

Орчин үеийн, контемпрари балетын гол санаа нь өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсээс хамаарахгүйгээр зорьсон ажлаа хийгээд урагшлах нь зөв зүйтэй гэсэн санааг залуу уран бүтээлчид өнөөдрийн нийгэмд хүргэж байгаад оршино.

Бүжигт орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж байгаа, дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж амжилтад хүрч буй тухай өгүүлнэ. Хас бол өнөөдөр бидний дунд ажиллаж, амьдарч, дэлхийн төвшнөөс халин, даван сэтгэж байгаа шинийг санаачлагч, оюуныг бүтээгч залуучуудын төлөөлөл юм. 
 


Өөрсдийгөө хайрцаглаж бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай байгаа нь бидний толгойд л байдаг юм байна гэдгийг Хас, Хандармаа хоёр ухаарна. Энэ асуудал нь бидний дунд аль хэдийнэ бугшиж аливаа салбарын хөгжил дэвшлийг уяж хязгаарлаж байгааг уран бүтээлч залуус олж харж, бусдад хандан өөртөө илүү итгэлтэй, зоригтой, хүчтэй, хөдөлмөрч байхад ард нь амжилт угтаж авна гэдгийг ойлгуулахыг хичээжээ. 

Шинэ уран бүтээлийн хувцсыг “Жей Зозо” брэндийн дизайнер Х.Батзориг, тайзны декорацийг медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нар бүтээсэн байна. 

Монголын урлагийн зөвлөл, “Лиссом” балет студи болон MARS-V төслийн хамт олон шинэ бүтээлийг дэмжин ажиллажээ. 

Монголын контемпрари балетын хөтөлбөр нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс контемпрари бүжгийн урлагийн бүжигчдэд дэмжлэг үзүүлэх, бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд боловсрол олгох чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм. Ялангуяа, байгаль орчны олон нийтийн боловсролд хувь нэмрээ оруулж ус хамгаалалтын ач холбогдол, агаарын бохирдлын хор уршгийн тухай орчин үеийн бүжгийн жүжиг бүтээж, үзэгч олны таашаал хүртэж байв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top