Х.Баярмаа: "Хиртээгүй сарнай" киногоор нийгэмд тулгараад буй асуудлыг хөндсөн

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

“Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Галзуу зугаалга”, “Замбуулин дуусах болоогүй” зэрэг кинонд дүр бүтээж, тайз, дэлгэцийн урлагт авьяас чадвараа харуулж яваа жүжигчин Х.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр “Хиртээгүй сарнай” киноны гол дүрд тоглож, тун удахгүй киноны нээлтээ хийх  гэж байгаа билээ.


-Тун удахгүй “Хиртээгүй сарнай” уран сайхны киноны нээлтээ хийх гэж байна. Чухам энэ киноны зохиолыг хэн бичсэн бэ, хүнд өгөх сэтгэлийн тээш нь юу байх бол?

-Киноны бүхий л зохиолыг аав маань өөрөө бичдэг. Нэг киноны зохиолыг хэдэн жилээр бодож явдаг. Зохиол нь цаасан дээр буугаад ирэхээр аавтайгаа би ярилцаж санаа оноо дэвшүүлдэг юм. Ер нь кино гэдэг олон хүний бодол сэтгэлээр жинхэнэ төгс санаагаа олж биеждэг юм шиг ээ. “Өнгөт инээд”-ээс эхлээд тайзны бүхий л бүтээлийнхээ зохиолыг аав өөрөө бичдэг байсан. Би АНУ-ын Missouri State University-д дөрвөн жил суралцаж, кино зохиолч, найруулагч, продюсер мэргэжлээр төгссөн.

Төгссөн мэр­гэжил маань аавтайгаа хамтарч ажиллахад маш их дөхөм болж байна. “Хиртээгүй сарнай” кино одоо­гийн нийгэмд болж буй, тулгараад буй асуудлыг хөндсөн. Энэ тайлал нь киноны дундаасаа гарч ирэх бөгөөд энэ хүртэл яагаад гэдэг асуулт хүмүүст төрөх байх. Киноны дараа шүүмжлэлтэй ч хандах хүн гарах байх. Киноны утгыг нь ярьчих юм бол сонирхолгүй шүү дээ. Одоогоор нууцалмаар байна. Ямар ч байсан үзсэн хүн харамсахгүй, нэгийг бодогдуулсан бүтээл болно.

Бүтэн жилийн хугацаанд дөрвөн улирал дамнан киноны зураг авалт боллоо. Зураг авалтын үеэр  киноны группээрээ корона тусаж өвдөж багагүй бэрхшээлийг туулсан. Кино бүтээнэ гэдэг маш нүсэр ажил байдаг л даа. Кино маань трейллэр жанрын, уянгын романтик, мэлодрам талын бүтээл болсон. Энэ киноны зохиолын нэр нь эхэндээ “Гэгээн сэтгэл” нэртэй байж байгаад эцэстээ киноныхоо агуулгад нийцүүлж “Хиртээгүй сарнай” гэж нэр өгсөн дөө.

-“Хиртээгүй сарнай” кинонд ямар, ямар жүжигчид дүр бүтээсэн бэ?

-Жүжигчин О.Амгаланбаатар эрэгтэй гол дүрд би эмэгтэй гол дүрд тоглосон. Гавьяат жүжигчин С.Өлзийхүү, Г.Золбоот, Б.Эрдэнэцэцэг, Д.Цэрэн­дарьзав зэрэг жүжигчид өөр, өөрийн гэсэн онцлогтой дахин давтагдашгүй дүрүүдийг бүтээсэн. Мөн залуу жүжигчдээс Ч.Болд, Э.Пүрэв­жаргал, Б.Болдбаатар, Б.Баяр­жавхлан, Х.Сумъяадорж зэрэг олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан.

-Та англи хэлийг хэрхэн сурсан бэ. Хэдэн хэлээр ярьдаг вэ. Хэл сурахаар зорьж хүмүүст зөвлөгөө өгнө үү?

-Би “Эрэл” дунд сургуулийг  унаган орос хэлтэй төгссөн. Нэг хэлийг сурчихвал, дахин өөр хэл сурахад дөхөм юм шиг санагддаг. Мөн арван жилд байхдаа хятад хэл сурч байсан. Цаашдаа аль болох олон хэл сурмаар байна. Хүмүүс TOЕFL, IELTS-ийн оноотой болчихвол болно гэж боддог. АНУ-ын их дээд сургуульд суралцана гэдэг маш өндөр шалгуур байдаг юм билээ. Хэлний бэлтгэлд ормогц түвшин тогтоох шалгалт авна. Өөрийн түвшиндээ сууж, түвшингээ ахиулах шалгалт өгнө. Заримдаа шалгалтандаа унах ч үе байна. Гадаад оюутнууд байтугай америк оюутнууд хүртэл тав, зургаан удаа шалгалт өгч байж тэнцэх тохиолдол ч бий. Гэхдээ хувь хүний оролдлого маш чухал шүү дээ.

-Дөрвөн жил өндөр хөгжил­тэй оронд суралцаж байхдаа хувь хүнийхээ хувьд хэрхэн өсөж дэвжсэн бэ?

-Маш их өөрчлөгдсөн гэж боддог. Америк оюутнаас суралцах зүйл маш их байдаг. Тэд насанд хүрмэгц эцэг, эхээсээ тусдаа гарч, бие даадаг. Их, дээд сургуульд орсон бол өөрөө ажил хийж, мөнгө олно. Ингэснээр хувь хүн илүү бие даасан, хариуцлагатай болж төлөвшдөг юм билээ. Харин монголчууд нас биед хүрсэн ч, гэр бүл зохиосон ч ээж аавынхаа гараас гардаггүй. Энэ нь биднийг илүү дотно болгодог ч нөгөө талдаа амьдралд хариуцлага үүрэх чадваргүй болгоод байх шиг санагддаг. Хүн ямар ч мэргэжилтэй байсан санхүүгийн мэдлэгтэй байх ёстойг Америкт байхдаа ойлгосон доо.

-Та Европын улс оронд сурал­­­цаж байхдаа хувийн карьертаа ямар болом­жуу­дыг олж харсан бэ, мон­гол жүжигчид эхнээсээ хол­ливуудад гараад байна шүү дээ?

-Би 2019 онд АНУ-д суралцаж байхдаа “Miss Asia USA” тэмцээний “First runner” өргөмжлөлийг хүртсэн. Азиудын дунд болдог тэмцээн л дээ. Тэндээс маш их боломжийг харсан. Төгсөөд тэндээ ажиллаж, амьдраад мэргэжлээрээ карьераа өсгөе гэсэн бодолтой байсан. Ажил эхлэхээс өмнө эх орондоо ирээд хэсэг амарчихаад буцах бодолтой байсан боловч цар тахал гарчихсан. Ирсний дараа киноны ажлууд ар араасаа гараад тун завгүй байлаа. Ер нь цаашид Америк руу явж доктор хамгаалах хүсэлтэй байгаа.

-“Бурхны авралаар чи ирлээ” шоу нь дэлгэцийн болоод тайзны бүтээлийн шинэ­­лэг үзэг­дэл болсон л доо. Энэ шоунд та оролцож байлдан дагуулсан гэхэд болно. Жүжигчдийн сэтгэн бодох чадвар, шийдэл, гарц, жүжиглэх ур чадварыг нэлээн сорьсон. Энэ шоунаас та юу сурсан бэ?

-Энэ бол Орос шоуны албан ёсны эрхтэйгээр Монголд хийсэн шоу. Энэ шоунд оролцсоноороо бүхэл бүтэн их сургууль төгссөн мэт мэдрэмж, мэдлэг, туршлага олж авсан. Шууд лайваар явж байгаа учраас  маш өндөр хариуцлага шаарддаг. Нэг л хүн алдах юм бол тэр үзэгдэл шууд нурах аюултай. Анхаарлаа 100 хувь төвлөрүүлж, төсөөлөөгүй, гэнэтийн, эргэлттэй, бас инээдтэй, сургамжтай, шинэлэг санаануудыг багтаах ёстой шүү дээ. Тэрхүү шоунд уригдан оролцсон жүжигчдээсээ ч их зүйл суралцсан. Энэ нь комеди төрлийг мэргэжлийн түвшинд аваачсан гэж бодож байна. Тус шоуны үргэлжлэл гарвал би дуртай яа оролцох болно.

-Дэлгэцийн жүжиглэлт, тайзны жүжиглэлт ялгаатай байдаг гэж жүжигчид ярьдаг л даа. Энэ хоёрын хооронд хэр зөрүү байна вэ?

-Тайзны жүжиглэлт нь үзэгч­тэйгээ амьд харилцаа үүсгээд явдаг учраас үзэгчдийн сэтгэл хөдлөлөөс шалтгаалж тоглолтын арга барил өөрчлөгдөж болдог. Энэ хэсэг дээр хүмүүсийг гайхшруулна даа гэж төсөөлж байтал хүмүүс огт таалахгүй байвал өөрийгөө илүү хөгжүүлээд тоглоод явчихна. Тайзнаас жүжигчин тэгж хөгждөг. Тайзны онцлог нь тоглолт нь далайцтай, хэтрүүлэгтэй, хэтрүүлэн будалттай байдаг л даа. Тэгвэл дэлгэцийн урлаг нь үнэн байхыг шаарддаг. Бас бүх зүйлийг тайзныхаас бууруулж байж үзэгчдэд үнэн хүрдэг. Хув­цас­лалт, будалт, тоглолт нь хүр­тэл үнэн, энгийн байхыг шаарддаг.

-Өнгөрсөн хугацаанд багагүй бүтээлд тоглолоо шүү дээ. Таны дүрүүдээс энэ л намайг их чилээ­сэн дээ гэхээр өөриймсөж хайр­ламаар ямар дүр байдаг вэ?

-Жүжигчин хүн насаараа суралцаж байдаг. Багш маань “Чи өөрийгөө жүжигчин болчихлоо гэж бодсон үеэс эхлээд чи жүжигчин биш болно шүү” гэж хэлж байсан. Өнөөг хүртэл суралцаж л явна даа. Миний ажиллаж байсан дүрүүдээс “Хүйтэн бороо” жүжгийн Алдармаа намайг их задалж өгсөн. “Замбуулин дуусах болоогүй” олон ангит киноны Ягаанаагаас маш их зүйл суралцсан. “Аюул­тай харилцаа” киноны эхнэрийн дүрээс ур чадвараа хөгжүүлсэн. Анх энэ киноны зохиолыг нь уншихад ойлгомжгүй мэт санагд­сан.

Урлагийнхан “Дүр цэнхэртэнэ” гэж ярьдаг. Дүр цэнхэр байх тусмаа жүжигч­нээс ур чадвар шаарддаг. Одоо Ф.Достоевскийн “Гэм зэм” жүжигт Дунягийн дүрд тоглох гээд сургуулилтаа хийгээд явж байна. Дүр бүхэн л өөрийн гэсэн онцлогтой байдаг даа. Тайзны жүжигт тэр тусмаа сонгодог жүжигт тоглох бол миний мөрөөдөл юм. Мөрөөдөл минь биелж байгаад баяртай байна.

-“Гэм зэм” жүжгээ хэзээ толи­луулах вэ, Дунягийн дүрээр юу илэрхийлэхийг зорьсон бэ?

-Тус жүжгийн гол дүр Расколь­никовын төрсөн дүү Дуня нь туульсын баатарлаг шинжтэй дүр л дээ. Өнөө цагийн бие даасан эмэгтэйчүүдийн хүчирхэг чанарыг Дунягаас харж болохоор. Энэ дүр нь миний зан араншинтай ч төстэй санагдсан. 200 жилийн өмнө Орост болж байсан үйл явдал одоо цагт Монголд болж байгаагаар тусгаж авч болохуйц найруулсан. Хүний амьдралд бэрхшээл, айдас, өвдөлт, зовуурь, шаналгаа, бие даасан байдал, хүчирхэг чанар, гомдол, хорсол гээд бүхий л зүйлс амьд халуунаараа оршин тогтносоор байна шүү дээ. Жүжгээ энэ сарын дундуур тайзнаа тоглоно.

-Та түрүүнд багшийнхаа тухай цухасхан дурдаад өнгөр­лөө шүү дээ. Таны багш ямар хүн байсан бэ. Багшийнхаа тухай дурсан ярина уу?

-Би СУИС төгссөн. Миний багш С.Сугар гэдэг бурхан шиг хүн байсан. Жүжигчин Болд-Эрдэнийн аав шүү дээ. Амьдралын минь гэрэлт цамхаг болсон хүн дээ. Багш маань Монголын сор болсон жүжигчдийг төрүүлсэн. Би багшийнхаа отгон шавь нь, хайртай шавь нь байсан юм болов уу. Хүн бүхний онцлогт тааруулж харилцдаг, хэнийг нь ч ялгаж харьцдаггүй хүн байлаа.

Багш маань “Өөрийгөө л ялсан хүнийг баатар гэдэг юм” гэж хэлдэг байв. Энэ үгийг нь одоо хүртэл мөрдөж, өөрийгөө ялахаар тэмцэж, хичээж явна даа. “Магтаалыг сонсоод өөртөө ханасан тэр цэгээс эхлээд чи доошоо унана шүү” гэж багш маань хэлдэг байсан юм. Энэ бүхнийг нь үргэлж санаж явдаг даа. Манай ангийнхнаас Г.Дөлгөөн-Аюуш, “Фантастик” продакшны н.Баярмагнай, н.Гантулга гээд бүгд л урлагийн салбартаа ажиллаж байна даа.

-Оюутан насаа дурссаных, “Дэлхийн мисс” тэмцээнд орсон тухайгаа дурсвал?

-Би 2012 онд их сургуулиа дөнгөж төгсөөд  “Дэлхийн мисс” тэмцээнд орж байлаа. Хятадын Ордос хотод болж байсан. Шинэлэг, сонин ертөнцөд хөл тавьж ёстой л нүд нээгдэх шиг болсон доо. Анх сандарч эмээж байхад ээж минь намайг зоригжуулж байлаа. Энэ тэмцээнд оролцсоноор өөрийгөө эмэгтэй хүн байхын урлагийг, гоо сайхныг ойлгож мэдэрч авсан даа. Өмнө нь эв хавгүй, ичимхий охин байсан бол арай өөрөөр биеэ авч явдаг болж эмэгтэйлэг байхад суралцсан даа.

-Таныг анх жүжигчин болно гэхэд аав, ээж нь яаж хүлээж авсан бэ?

-Нэг их таатай байгаагүй. Харин ч эдийн засаг, бизнес, олон улсын харилцаа, хэлний тал руу сургах сонирхолтой байсан. Тэгээд би СУИС-д нууцаар очиж шалгалт өгч тэнцсэн байдаг юм. 600-гаад шалгуулагчаас эхний тавд орж байлаа. Оюутан болоод л урлагийн хүн байхын, завгүй байхын, мэргэжилдээ дурлахын сайхныг мэдэрсэн дээ. Одоо бол аав, ээж хоёр минь намайг дэмждэг болсон. Бас дэргэд нь шантрах эрхгүй санагддаг шүү. Хүний эзэмшсэн мэргэжил гэдэг амьдралын 80 хувь байдаг шиг. Дуртай зүйлээ хийнэ гэдэг хамгийн сайхан шүү дээ.

-Тэгвэл Баярмаа маань гэр бүлийн сонголт нь хүний амьд­ралын хэдэн хувь гэж үздэг вэ, хань ижилтэй болох тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Тэр тал дээр сонголт нойл байна. Хэтэрхий амбицтай учраас ажил­даа хамаг анхаар­лаа төвлөрүүлж байгаа байх. Одоохондоо хань ижил, найз залуутай болоход яараад, санд­раад байгаа юм байхгүй. Амьдрал, карьераа боломжийн түвшинд аваачиж байна гэр бүлийн талаар бодно. Америкт хүмүүс 40 нас гарчихаад хүнтэй суугаагүй, жинхэнэ ид залуу насан дээрээ л явж байна гэдэг болохоор миний хувьд дөнгөж амьдрал цэцэглэж буй нас гэж бодож байна.

-Та бол урлагийн гэр бүлд өссөн хүн. Таны ээж гавьяат жүжигчин С.Өлзийхүү гэдэг хүний жүжиглэх арга барил, хүнд өгөх шидээвэр нь юундаа байдаг гэж боддог вэ. Та хоёр хэд хэдэн уран бүтээл дээр хамтарч ажиллалаа шүү дээ?

-Ээж маань урлагийн салбарт 30-аад жил ажилласан хүн. Миний том багш бол аав, ээж хоёр маань байдаг. Маш үнэтэй зөвлөгөө өгдөг. Туршлага гэдэг зүйл хамгийн чухал юм байна. Туршлагагүй, туршлагатай хоёр уран бүтээлч маш тодорхой ялгарч харагддаг шүү дээ. Би ээжийгээ ээж биш жүжигчдийн акул гэж хардаг. Яагаад гэвэл, миний сэтгээгүйг сэтгэж, хараагүйг харах чадвартай.

-Та нэгэнтээ түүхэн киноны эсрэг дүрд тоглохыг хүсдэг гэсэн байсан. Танд тийм дүрийн санал ирж байна уу?

-Намайг Америкт байхад  “Хотулун гүнж” түүхэн киноны Фатима гүнж хэмээх эсрэг дүрд тоглох санал ирж байсан. Гадаа­дад байсан учраас тоглож чадаагүй. Түүхэн кинонд тоглох мөрөөдлөө биелүүлнэ гэж бодож байна. Эсрэг дүр хэдий чанга байх тусмаа эерэг дүрээ тодотгодог. Бас эсрэг дүр жүжигчний ур чадварыг ч сайн гаргаж чаддаг онцлогтой. Би өөрөө монголжингоо төрхтэй биш байхгүй юу. Найруулагч нар ч тэгж хэлдэг. Тиймээс л Фатимад тохирно гэж сонгосон шиг байгаа юм. Манай студийн төсөл нь дараа жилээс нэг ангитай түүхэн кино хийхээр төлөвлөж байна. Болохгүй бол өөрөө зохиолыг нь бичээд тоглочихно доо /инээв/.

-Манай уншигчдад өөрийн­хөө өдөр тутамдаа мөрддөг хэвшил бо­лоод гоо сайхны нууцаасаа ху­ваал­цаана уу?

-Би өдөр тутамдаа гурван зарчим хэрэгжүүлдэг. Хувийн зохион байгуулалт, хүсэл тэмүүлэл, тууштай байдал гэсэн гурван зорилгоо бодоод сэрдэг. Хувийн зохион байгуулалт тал дээр өмнө нь дутмаг байсан бол Америк явж ирээд өөрчлөгдсөн. Өдөр бүр орой  21 цагт орондоо ордог. Орондоо орохоосоо өмнө маргааш өмсөх хувцсаа, идэх хоолоо бэлдэж тавьдаг. Би 05.30 цагт тогтмол сэрдэг. Өглөө босонгуутаа гар утсаараа оролддоггүй, энэ нь өдрийн бүтээмжийн тал хувийг алдагдуулдаг юм билээ. Энэ нь дараагийн олон ажлыг амжуулах алхам болдог. Фитнестээ яваад,  дараа нь боксоор хичээллэдэг, дараа нь гэртээ ирж усанд орох, хувцсаа солих, жүжгийн бэлтгэлээ хийх, бизнес төлөвлөгөөнүүдээ амжуулдаг. Өдөр нь хүмүүстэй уулзах ажлуудаа амжуулаад, орой нь бүжгийн хичээлдээ явдаг. Энэ бүхнийг зохицуулахад маш хэцүү боловч цагийн төлөвлөлттэй байхад маш амархан ажил. Хүмүүс шантраад дундаас нь хаячихдаг, энэ нь маш буруу, тууштай л бай гэж зөвлөе дөө.

-Та “Playboy” сэтгүүлийн ковер болж хагас нүцгэн зургаа авахуулж байсан шүү дээ. Дахиад “нүцгэлэх” үү?

-Залуу хүн л юм чинь, бай­гаа бие цогцос, гоо сайхнаа гоо зүйтэйгээр харуулж яагаад болохгүй гэж. Бид чинь урлагийн хүмүүс шүү дээ. Ямар бүрэн нүцгэлж шалдалж байгаа биш дээ. Ямар бид мөнхийн залуу явах биш дээ. Цагтаа гэрэлтэж буй гоо сайхныг цагт нь л гэрэлтүүлэх хэрэгтэй. Манай бүсгүйчүүд зори­мог, өөртөө итгэлтэй, уран бүтээлч сэт­гэлгээтэй, тэмүүлэлтэй, гоо сайхан болж байгаад нь бахархаж явдаг.

-Урлагийн ч гэлтгүй бүсгүй­чүүд гоо сайхандаа анхаарч янз бүрийн косметик үйлчилгээ их авдаг болжээ. Энэ тал дээр таны бодол?

-Би тэр тал дээр дэмждэг. Би өөрөө ч нүүрэндээ ботокс хийлгүүлдэг. Ээждээ ч нүүрэндээ утас гүйлгэх, арьс чангалах гэх мэт үйлчилгээг зөвлөж, дэмждэг. Энэ бол өөртөө арчаатай чанар гэж бодож байна. Хүн үнэтэй машин авчихаад жаахан сэв суу­хад яаж зовниж бөөн мөнгө зарж өнгөлдөг билээ дээ. Үүн шиг үрчлээтэй, тарган яваад байх тийм сайхан гэж үү. Хүн үргэлж гоё ганган, өөртөө хайртай байх хэрэгтэй.

-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байна вэ. Киноныхоо төсөв зардлыг хэрхэн олдог вэ?

-“Аюултай харилцаа” киноны хоёр дугаар ангийг хийхээр төлөв­лөж байна. Мөн дээр дурдсан түүхэн киногоо хийнэ. Аав маань манай гэрийнхээ хамгийн эртэч нь шүү дээ. Өглөө босоод л киноныхоо зохиол дээр суудаг. Хамгийн их ном уншдаг нь. Аавын нөөцөнд маш их зохиол бий. Тэр дундаа олон ангит киноны ч сэдэв байгаа. Төсөв зардлыг өөрсдөө л гаргадаг. Манай урлагийнхан хэнд ч садаа болдоггүй, хэнээс ч мөнгө гуйдаггүй хүмүүс. Харин Соёлын яам байгуулагдаж киноны хууль гарсанд баяртай байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chen-bo(192.82.77.5) 2021 оны 11 сарын 11

saihan guunhen sho

0  |  0
Top