ДЭМБ: Ковидын улмаас 100 мянга гаруй эмч, ажилтан алтан амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

2020 оны нэгдүгээр сараас энэ оны тавдугаар сарын хооронд 100 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан коронавирусний халдварын улмаас алтан амиа алдаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Тэрбээр ДЭМБ түнш байгууллагуудынхаа хамтаар гаргасан хамтарсан тайланд эмч, эмнэлгийн ажилтнуудыг коронавирусний халдвараас хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэхийг уриалсан байна. ДЭМБ-ын мэдээллээр, өнгөрсөн хугацаанд нийт 115 мянган эмнэлгийн ажилтан ковидын улмаас энджээ. Тийм учраас эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд вакцинд хамруулах нь чухал байна гэж ДЭМБ-ын тэргүүн онцолсон байна.

Түүний мэдээлснээр, дэлхийн 119 орноос авсан мэдээллээс үзвэл дэлхий дахинд таван эмч, эмнэлгийн ажилтан тутмын дөнгөж хоёр нь вакцины бүрэн тунгаа авчээ. Эл дундаж үзүүлэлтийн ард бүс нутаг, эдийн засгаас хамаарсан асар их ялгаа бий гэж Гебрейесус тодруулжээ. Тухайлбал, Африкт эмч, эмнэлгийн ажилтнуудын вакцинжуулалт туйлын бага байгаа бол өндөр орлоготой улс орнуудад эмнэлгийн ажилтнуудын 80 гаруй хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top