“Тамын тогоо” буюу Улаанбадрах суманд ураны олборлолт эхэлжээ-I

2021 оны 09 сарын 29

Догшин хутагт Д.Данзанравжаагийн төрсөн бууринаас энэ удаагийнхаа  сурвалжилгыг эхэлж байна. Дэлхийн энергийн төв болсон говийн онгон дагшин энэ л бүс нутгийг долоон үеэрээ хамгаалж, үр хойчдоо өвлүүлж үлдээсэн домогт хутагтын тэр их зүтгэлийг өнөө цагт үнэгүйдүүлж буй өр өвтгөм дүр зургийг эндээс харж болно. Түүх дурсгалын өлгий нутаг төдийгүй Монгол хэмээх бүхний толь болж өгсөн говийн бүс нутгийн гол амин судсуудыг таслах “Тамын тогоо” буй болоод эхэлжээ, энд. Д.Данзанравжаа хутагтын төрсөн бууринаас холгүйхэн уран олборлолтын уурхай үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Монголчуудын дунд Францын “Арева” нэрээр танигдсан Орана группийн охин компани “Бадрах энержи” ХХК уран олборлох ажилдаа уухайлан орсныг орон нутгийн малчид төдийгүй Сумын Засаг дарга нь  учирлаж байна. Хамгийн гол нь уран гэх ашигт малтмалыг зүгээр нэг ил уурхайн аргаар олборлочихдоггүй. Газар доор уусган олборлох аргаар буюу хөрсөнд хүхрийн хүчил болон хэд, хэдэн төрлийн химийн уусмалтай шингэн шахаж, ураныг ялган авдаг арга юм. Өөрөөр хэлбэл, уран олборлолтын улмаас говийн хөрс, ус, ургамал, хүн мал амьтны эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй юм. Иймээс ч бидний сурвалжлах баг Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаянгийн нутгийн зорин ирээд буй нь энэ юм.
 


Ц.Сарангэрэл: Үйл ажиллагаагаа эхлүүлсэн талаар Энхжаргал захирал нь яриад явж байна лээ

Уурхайн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн эсэхийг тодруулахаар “Бадрах энержи”-ийг зорин явах замд нэгэн айл таарсан нь Сайн малчин н.Ариунболд гуайнх байлаа. Биднийг очиход гэрийн эзэн малдаа явсан байв. Харин монгол хүний зочломтгой зангаар цай унд болон тосон авсан гэрийн эзэгтэй Ц.Сарангэрэл дараах зүйлийг ярьж байна.


-Танайхаас “Бадрах энержи” ХХК-ийн үйлдвэр холгүйхэн харагдаж байна. Яг хэдэн километрийн зайтай амьдарч байна вэ?

-Манайх энэ нутагтаа үе удмаараа амьдарч ирсэн малчин өрх. Таван хошуу малаа толгой тутамд нь өсгөж ч явлаа. Төр засгаас “Улсын сайн малчин” цол тэмдгээр ч шагнаж байв. Харин сүүлийн жилүүдэд бага мал өсгөхөө больсон Одоо адуу, тэмээтэй л үлдлээ. Манай энэ бууцны хажууханд ураны компани үйл ажиллагаа явуулах болоод цөөнгүй жил болж байна. Компанийн кемп, үйлдвэр нь манайхаас гурав, дөрөвхэн километрт бий.

-Ураны компани одоо ажиллаж байгаа юу?

-Өнгөрөгч наймдугаар сарын 20-доор энэ компани үндсэн ажлаа эхэлнэ гэж байсан. Ажлаа эхлээд уранаа олборлоод эхэлнэ гэдэг чинь ундны усанд маань нөлөөлөх нь тодорхой. Тийм болохоор хэрэндээ холоос буюу талдаа 33 километрээс усаа зөөж, ундандаа хэрэглэж байна.

-Та бүхэн уурхайн ойр орчмын уснаас уухгүйг хичээж байгаа гэлээ. Ер нь ямар эрсдэлтэй гэж боддог вэ?

-Мал дээр гарч байгаа олон янзын өвчлөлөөр бол хэцүү л юм байна шүү дээ. Хүн нь ялгаагүй л болж байгаа байх. Малын дотор гэдэс бол авах юмгүй болсон. Уушиг, элэг, бөөр гээд таван цулын өвчлөл дийлдэхээ байсан шүү. Хүн дээрээ ч илэрч байна. Өвгөн бид хоёр хоёулаа элэг өвчтэй. Манайд ч ганцхан дайраад байгаа зовлон биш. Улаанбадрах, Зүүнбаянгийн айлуудаар яваад асуугаад үзээрэй. Адилхан л юм ярина.

-Өнөө жилийн мал төллөлт хэр байв?

-Ингэ бэрхжихээс гадна ботго нь дотроо үхсэн байдаг. Унага бол үс хялгасгүй гардаг. Ноднин бол манайхаас маш олон унага үхсэндээ. Хээл хаялт их байсан. Хөлгүй унага гарч байлаа. Ер нь чанга чанга. Манай энүүгээр бага малын нүд л их сохордог.

-Танайх ураны уурхайтай хамгийн ойрхон байгаа айл. Өөрсдөдөө тулгамдаад буй асуудлаа компанид учирлаж хэлж байсан уу?

-Байсан, байсан. Тэглээ гээд бидний үг хүрэхгүй. “Оготны дуу тэнгэрт хүрдэггүй” гэдэг шиг л байдалтай байна. Өнгөрсөн найман сарын 20-доор “Бадрах энержи”-гийн н.Энхжаргал гэдэг хүн манайд ирсэн.

-Ирээд юу гэж байв?

-Манай компанийн үйл ажиллагаа эхэлсэн л гэж хэлж явна лээ.

-Ураны олборлолтоос үүдэж говийн ундны ус бохирдож байгаа тухай орон нутгийнхан ярьж байна. Өнгөрсөн хугацаанд ураны компани та бүхэнд энэ асуудлаар ямар тайлбар өгч байв?

-Тийм ийм гэж юм хэлж байсангүй. Нэг удаа манайд хоёр литр орох уу, үгүй юу хэмжээтэй хуванцар ус шүүгч авчирч өгч байсан. Усны хатуулаг энэ тэрийг нь шүүдэг юм байлгүй дээ. Дэлгүүрт харагдаж л байдаг даа. Би өнгөрсөн намар Энхжаргал гэдэг эмэгтэй захиралд “Та нар манай усыг ундандаа хэрэглэдэг гэж худлаа ярьдаг юм билээ. Хэрвээ уудаг юм бол хамтдаа ууя. Харин өөр ус зөөж ууж байгаа бол тэрийг чинь бид хамтдаа ууя” гэж хэлж байсан. Мөн “Та нар манай эндээс мах иддэггүй.  Махаа байг гэхэд усаа хамт ууя. Танай уснаас ууя” гэж би хэлсэн. Тэгтэл “Та өргөдөл бичээд өгөөрэй” гэж байсан.  Би бичээд л өгсөн. Тэр чигтээ л алга болсон. Энэ компани манай эндээс ундны усаа, хоолны махаа ч авдаггүй. Дандаа хотоос зөөдөг гэж байгаа гэлээ.
 


Говьд ус ховор. Ховор дээрээ хордсон талаар ярих нутгийн малчид энэ нутагт цөөнгүй таарлаа. Олны хэлснээр уран олборлолтын “Бадрах энержи” ХХК үнэхээр үйл ажиллагаагаа эхэлсэн эсэхийг лавлахаар тус уурхайн кэмпийг зорин очлоо. Сараалжин төмрөөр тор татаж, гаднын хүн орохыг хориглосон санамж үүдэндээ тогтоожээ. Харуулын байрны харалдаа “Badrakh energy” гэсэн хаягаа хадсан байв. Хашаан дотор хэд, хэдэн хүлэмж, төмөр чингэлгүүд харагдах. Энэ зуур тус компанийн зүгээс мэдээлэл өгөх хүн гарч ирэхийг хүлээсэн ч компанийг төлөөлж, яриа өгчих хүн олдсонгүй. Ямартаа ч уурхайн кэмпээс холгүйхэн харагдах үйлдвэрийн орчим хөл хөдөлгөөнтэй байгаагаас үзвэл үйл ажиллагаа эрхэлж байгаа нь илт байлаа. Ингээд орон нутгийн албан ёсны эх сурвалжаас тус уурхайн талаар мэдээлэл авахаар Сумын Засаг Г.Ганбүрэнтэй даргатай холбогдсон юм.
 

Г.Ганбүрэн: Биднийг шалгалтаар очиход 167 кг ураны шар нунтгыг гаргаад авчихсан байсан

-Танай суманд ураны “Бадрах энержи”ХХК үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг мэдээлэл байна?

-“Бадрах энержи” ХХК бол манай сумын Аргалант багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн хувьд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хууль бусаар батлуулсан гэж бид үзэж байна. Учир нь  2020 оны  есдүгээр сарын 17-ны өдөр Аргалант багийн Иргэдийн нийтийн хурал болсон. Тэр хурал дээр “Бадрах энержи” ХХК-ийнхан ирээд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ танилцуулсан. Гэхдээ багийн иргэд дэмжээгүй. Нарийвчилсан үнэлгээ нь наад захын шаардлага хангахгүй байна гэх үүднээс л дээ. Гэтэл Багийн иргэдийн хурал нь дэмжээгүй байхад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал оруулсан. Тиймээс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Багийн иргэд дэмжээгүй тул энэ асуудлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх шаардлагагүй” гэсэн хариултыг “Бадрах энержи” ХХК-д өгсөн. Ингээд  сумын Иргэдийн төлөөгөгчдийн хурлаар хүлээн зөвшөөрөөгүй байхад тус компани сумын Засаг даргад албан бичгээр Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ явуулсан байдаг. “Та танилцаад энэ асуудал дээр танилцсан тухай хариу бичгээ өгчих” гэсэн. Үүний дагуу “Бадрах энержи” ХХК-ийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харж судлахад наад захын зарим зүйл нь шаардлага хангаагүй байсан. Ингээд сумын Засаг даргын хувьд “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээтэй танилцах шаардлагагүй” гэж үзэн хүлээн аваагүй.

-Жишээ нь, ямар шаардлагыг биелүүлээгүй байсан бэ?

-Газар нутгийн километрийг буруу тавьсан, зарим нэг нэршлийг ташаа бичсэн гэх зэрэг алдаа дутагдалтай зүйлүүд байсан. Тиймээс 2021 оны нэгдүгээр сард тус компанид “Сумын Засаг дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Багийн иргэдийн нийтийн хурал Байгаль орчны нарийвчиилсан үнэлгээг дэмжээгүй” тухай тайлбараа албан бичгээр хүргүүлсэн. Гэвч “Бадрах энержи” Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ Байгаль орчин, аялал жуучлалын яамаар батлуулчихсан байгаа юм. Энэ асуудал дээр сум орон нутгийн  удирдлагууд тухайн компанид гомдолтой байна. Орон нутгийнхан нь дэмжээгүй байхад яагаад, ямар шугамаар батлуулдаг юм бэ  гэдэг дээр тайлбар өгөөч гэж тус компаниас асуухад, тайлбар өгч чадахгүй байгаа.

-Байгаль орчны нарийв­чилсан үнэлгээг сал­барын яам баталсан тохиолдолд сумын Засаг даргын Тамгын газарт нэг хувь нь ирэх ёстой. Танай суманд “Бадрах энержи”-гийн батлуулсан Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь ирсэн үү?

-Ирсэн байгаа. Энэ оны зургаадугаар сарын сүүлээр Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнийх нь нэг хувь нь ирсэн.

-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнээс харах хамгийн гол зүйл нь мэдээж хүрээлэн буй орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг нь харах ёстой. “Бадрах энержи” ХХК-ийн хувьд ураныг “Гадар доор уусган олборлох арга”-ыг ашиглана гэсэн байдаг. Энэ арга нь химийн бодисыг хөрсөнд шахаж, ураныг ялгаж авдаг арга гэж тайлбарладаг юм билээ. Тэгвэл тэр их хортой химийн бодисыг хэрхэн аюулгүй байдлаар байгаль экологийг сүйтгэхгүйгээр ашигт малтмалаа олборлох вэ гэдэг дээр та нарын зүгээс нарийн судалсан зүйл байгаа юу?

-Манай сум байгаль орчны мэргэжилтэнгүй байж байгаад сая есдүгээр сард мэргэжилтэнтэй болсон. Бидний зүгээс яг энэ асуудал дээр боломжийнхоо хэрээр судалж байгаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Гантөр болон олон хүн санаа тавьж, судалж байна. Бидний зүгээс буюу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өнгөрөгч наймдугаар сарын 17-ны өдөр “Бадрах энержи” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байгаа. Биднийг шалгалтаар очиход үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлөө 2021 оны долоодугаар сарын 11-нд буюу аль хэдийнэ авсан байсан.

-Яг наадмаар гэсэн үг үү?

-Тийм.

-Тэгэхээр одоо “Бадрах энержи” ХХК уран олборлох үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн гэсэн үг үү?

-Сумын Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын “Хөдөөгийн бодлогын хороо”-ноос шалгалт хийхэд механик үйл ажиллагаа эхэлчихсэн. Эхний байдлаар 167 кг шар нунтгийг гаргаад авчихсан байсан. Энэ компани 2016 онд үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед давирхайд наалдуулах аргаар уранаа ялгаж байгаа гэдэг тайлбар өгсөн удаатай. Өөрсдийнх нь хэлж байгаагаар тэр үед 2.8 тонн уран ялгасан гэж хэлдэг. Гэхдээ бидний харж байгаагаар 2.8 тонноос ч илүүг олборлосон байх магадлалтай гэж боддог. Яагаад гэвэл, компанийнхан 33 пошикт хадгалж байгаа гэдэг. Тэгэхээр нэг пошкийг 200 килограммаар бодоход 6.6 тонн болж байгаа юм. Ийм эргэлзээтэй байдал үүсэж байгаа учраас бидний зүгээс уранаа хадгалж байгаа агуулахыг үзье гэсэн хүсэлт тавьсан боловч  “Боломжгүй” гэж хэлсэн.

-Яагаад?

-Цөмийн энергийн комиссоос шалгаж, хянадаг. Тиймээс зөвшөөрөл авах хэрэгтэй гэсэн  утгатай зүйл хэлээд “Үзүүлэх боломжгүй” гэсэн. Шалгалтаар мөн зарим бичиг баримт дутуу байсан. Тэрийг нь шаардахад, “Бидэнд бүх бичиг баримт байгаа. Цахимаар явуулья” гэсэн.

-Жишээ нь ямар бичиг баримт нь дутуу байсан бэ?

-Тухайлбал, Уулын ажлын төлөвлөгөө дутуу байсан. Түүнийгээ үзүүлэх боломжтой. Цахимаар явуулна гэсэн  тайлбарыг өгсөн байгаа.

-“Бадрах энержи” ХХК газ­рын төлбөрөө төлөөгүй гэсэн мэдээллийг Ашигт малт­мал, газрын тосны газраас мэдээлсэн байдаг. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Энэ компанитай орон нутаг газрын төлбөрийн маргаантай явдаг нь үнэн. Газрын төлбөрийг 2019, 2020, 2021 онуудад төлөөгүй явж байгаа. Бид шаардлага тавьсаар өдийг хүрсэн.

-Хуулийн дагуу газрын төлбөрт хэчнээн төгрөг авах ёстой байдаг юм бэ?

-Засгийн газрын 182 дугаар тогтоолооор “Уул уурхайн ком­панийн газрын төлбөрийг тогтоосон байдаг. Тэрхүү тогтоолыг үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 0.3-аар тогтоож өгсөн. Гэтэл энэ компани үүнийг хүлээн зөвшөөрөхгүй сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай шүүхдээд гурав дахь жилдээ орж байна. Энэ хугацаанд газрын төлбөрийг огт төлөөгүй. Нэг жилд 2.5 тэрбум төгрөг төлөх ёстой. Өнгөрсөн жилүүдээ тооцоод үзэхээр  нийтдээ 7.5 тэрбум төгрөг болчихлоо гэв.
 


Ийнхүү “Бадрах энержи” ХХК нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хуулийн дагуу аваагүй, орон нутагт төлөх газрын төлбөрөө төлөөгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан талаар Улаанбадрах сумын Засаг дарга ярьж байна. Тус компанийн эрхэлж буй уран олборлох ажил нь байгаль экологийн тэнцвэрт байдалд онц ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй тул холбогдох байгууллагынхан нь дээрх асуудлыг онцгой анхаарахыг энэхүү сурвалжилгаараа сануулахыг зорьж буй юм. Өдгөө тус суманд үүсээд буй ундны усны бохирдол, хүн малын өвчлөл зэрэг асуудал нь өнгөрсөн хугацаанд явагдсан туршилтын олборлолттой шууд холбоотой байж болзошгүй тухай  баримт материал, орон нутгийн эх сурвалжуудаас өгсөн мэдээллээс илчлэгдээд байгаа юм. Дараагийн дугаарт ундны усанд илрээд буй онц ноцтой баримтуудыг дэлгэх болно.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top