Улаанбадрахчуудын өчил буюу УРАНЫ МӨРӨӨР хийсэн тэмдэглэл-II

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 19

МАЛЫН ИХ ЭМЧ, ДОКТОР С.ЦЭРЭНЧИМЭД: ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ

Тэнэгэр говийн тэмээн сүрэг сүрдэм сайхан ажээ. Зэлээ дагаж зогсох тором, ботгонууд өхөөрдөм гэж жигтэйхэн. Зуны дунд сар талдаа орсон энэ л цаг дор малчдын хувьд сааль сүүгээ хураах сайхан цаг нь. Гэвч Улаанбадрахчууд урамгүй байна.


 

Б.ЭРДЭНЭЧУЛУУН: УУХ УСГҮЙ БИД ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ

Аргалант багийн нутаг Гүнсухайт хэмээх газар нутаглаж буй өндөр настан Б.Эрдэнэчулуунтай уулзлаа.

-Та энэ нутагтаа хэдэн жил амьдарч байна даа?

-Эмээ нь энэ нутагтаа насаараа амьдарч яваа малчин хүн. Энэ жил эмээгийнх нь хоёр сайхан сүүтэй ингэ хоёулаа дутуу ботго гаргаад төлөө үхүүлэхээр чинь би харамсана биз дээ. Ингээд хар цай уугаад сууж байгаадаа маш их харамсаж байна.

-Сүүлийн жилүүдэд танай нутагт төл мал гажигтай төрөх болсон гэх юм билээ. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Их хачин эмгэгтэй төлүүд гарна. Үсгүй хялгасгүй, өрөөл татанхай, сохор доголон, мөлхөө татуу юм гарна. Ер нь төлийг бүрэн бойжуулж авна гэдэг их ярвигтай болсон. Манайхаас л гэхэд нэг мөлхөө ботго гарчихсан байгаа. Би энэ бүх асуудлыг уранаас л болсон гэж боддог.

-Орон нутгийн иргэд энэ тухайгаа ураны компанид хэлж байв уу?

-Хэлнэ, хэлнэ. Намайг ад үзнэ шүү дээ. Илүү дутуу үгтэй чавганц гэнэ.  Өөдөөс тэд чинь “Манай хор биш ээ. Та нарын малын чинь цус ойртсон. Та  янз бүрийн юм битгий ярьж бай. Тийм юм байхгүй шүү дээ” гэдэг. Мөн энэ уран гэдгийг чинь хоргүй бараг идэж уусан ч болохоор шахуу юм  хэлдэг шүү дээ. Энэ тэгээд идэж ууж болдог эд үү. Миний хувьд үр хүүхэдтэйгээ энэ ураны үйлдвэр байгаа газар нутгийн  цаана нь нэг, наана нь нэг гарч нутаглаж ирсэн хүн. Ойр орчмынх нь булаг шанд, худгаас ууж идээд өдийг хүрсэн байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд худаг уснаасаа ч ундаалж болохоо байсан. Манай хойх нь байгаа энэ /Гүн сухай/ худаг чинь уудаг зүгээр сайхан устай байж байгаад ууж болохоо байчихаад хэдэн жил болж байна. Намайг бага залуу байхад энэ орчмын ургамлын гарц үнэхээр сайхан байдаг байлаа. Харин одоо өвс ногоо хүртэл гарахаа байчихсан байна шүү дээ. Яг тэр ураны компанийн ойр хавьд хэдэн жилийн өмнөөс өвс гараагүй. Ураны үйлдвэрээс л ийм болсон гэж нутгийн бид боддог.

-Танайхтай хамгийн ойрхон худгаас гадна ямар булаг шанд бий вэ?

-Энд хамгийн ойрхон Баруун баян гэж булаг бий. Мөн тэр Хар уулын хойгуур Харангад гэж булаг бий. Сураг сонсох нь ээ, Баруун баянгийн булаг нь бас л хортой болсон. Хүн мал ууж болохгүй юм гэнэ лээ. Малчин бидэнд үнэхээр хэцүү байна. Уух усгүй бид яаж амьдрах юм бэ.

 

Ч.ШАНД: МАЛЫН ӨВЧЛӨЛ УУДАГ УС, ИДДЭГ УРГАМАЛТАЙ НЬ Л ХОЛБООТОЙ

 

“Манай нутгийн малын өвчлөл ууж буй ус, идэж буй ургамлаасаа ихээхэн шалтгаалж байгаа” хэмээн ярих энэ залууг Ч.Шанд гэдэг. Малын өвчлөлийг таван цулаас нь л харж болох тухай тэрбээр өгүүлж байна. Холоос зорьж ирсэн хотын бидэнд бодит байдлыг харуулахаар малчин Ч.Шанд хонь төхөөрч харуулсан юм. Тэрбээр “Би цэргээс халагдаж ирсэн цагаасаа л мал төхөөрч байгаа. Сүүлийн хэдэн жил малын дотор эрхтэн их сонин болсон. Жишээ нь уушги гэхэд л өнчин уушги нь салмайгаад цус хуралт ихтэй, идээ хурчихсан байдалтай. Элэг ч мөн ялгаагүй. Бөөр гэхэд их сонин хэлбэртэй болсон байна. Энэ бол уудаг ус, ургамалтай нь л холбоотой гэж боддог” хэмээсэн юм.

 

Д.ГАНТӨР: ОДООГООР НАЙМАН ХУДАГ ХОРТОЙ ГЭЖ ГАРЧИХААД БАЙГАА

Малчдын хотоор явж байх зуур Улаанбадрах сумын хоёрдугаар баг Баянбогдын Засаг дарга Д.Гантөр бидэнтэй таарсан юм. Түүнээс малын өвчлөлийн талаар дараах тодруулгыг авлаа.

-Танай багт хэчнээн малтай өрх бий вэ?

-Манай багт 115 өрх айл мал маллаж амьдарч байна. Иргэдийн хувьд малын өвчлөл, хорогдлын талаар их ярьдаг. Манай багийн нэг малчин надад саяхан хэлж байсан. “Хонь, ямаа нь  бэлчээрт явж байгаад гэнэт хөдлөхөө байсан. Тэр үед үнэхээр эвгүй болдог юм билээ” гээд. Мөн нэг малчин толгойгүй, хоёр чихтэй төл гарчихлаа л гэж байсан. Энэ мэтчилэн манай суманд малын гаж төллөлтийн жишээ их бий.

-Энэ бүхэн юунаас болоод байна вэ?

-Ууж буй уснаас хамгийн их шалтгаалж байгаа болов уу. Учир нь сумын иргэд бид дурын найман худгийн усандаа шинжилгээ хийлгэхэд хортой гэж гарчихаад байгаа. Өөр бусад усаа шинжлүүлэхэд тийм л гарах байх. Шинжилгээ хийсэн худаг болгон нь л тийм байгаа.

-Хаанаас хийсэн шинжилгээ вэ?

-Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Түмэндэмбэрэл тэргүүтэй холбогдох арав гаруй хүний гарын үсэгтэй дүгнэлт гарсан байдаг. Гэвч тэр гарсан дүгнэлтийн  дагуу авсан арга хэмжээ гэж байхгүй. Жишээ нь, Баруун баянгийн булгийн усыг хүн, мал ууж болохгүй гэсэн байдаг. Гэвч одоо хэр нь тэр хэсгийг хашаалж, хориглосон зүйл байхгүй. Ан амьтан, мал очоод уучихдаг. Өнгөрсөн хавар л гэхэд маш олон зээр тэр булгийн орчимд үхсэн. Саяхан нэг пайз хадсан сураг гарсан. Би бодохдоо хориотой гэж анхааруулсан л юм бодсон. Гэтэл газар дээр очоод үзэхэд зүгээр л “Тусгай хамгаалалтын бүс энэ тэр” гэсэн утгатай нэг юм бичсэн байна билээ.

-Ураны компаниас болж энэ бүх асуудал үүссэн гэж иргэд харддаг. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн байгууллагаас удаа дараа шинжилгээ судалгааны ажил хийсэн байдаг юм билээ. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-2019 онд Мэргэжлийн хяналтын газрын цацрагийн байцаагч Батгэрэл, “Оюутолгой хяналт” ТББ-ын Сүхгэрэл,  Япон улсын нэгэн эрдэмтэн зэрэг тэргүүтэй хүмүүс манай суманд ажилласан. Тухайн үед сумын Засаг дарга Ц.Эрхэмболд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  Д.Баярмагнай гэх хүмүүс хурал хийсэн. Тэр хурал дээр Японы эрдэмтэн хэлэхдээ “Малчин Д.Норсүрэнгийн  аргалын үнс, хөрзөн дээрээс дээж авч хийсэн хоёр шинжилгээний дүгнэлтээр маш ноцтой асуудал гарсан. Энэ бол хорт хавдар үүсгэдэг, цөмийн хог хаягдлын үед илэрдэг тийм аюултай зүйл гарлаа” гэж байсан. Тэгээд тэр хүмүүс яваад өгсөн. Дараа нь  сумын удирдлагууддаа хандаад “Японы эрдэмтэн хэлсэн асуудал юу болсон бэ” гэж асуухад “Тэр чинь шинжлэх ухааны үндэслэлгүй гэж Батгэрэл хэлсэн шүү дээ” гэж байсан. Их сонин, тэр  Батгэрэл гэдэг хүн шинжлэх ухаан тогтоодог хүн юм уу, хаашаа юм.

Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ сайдын тушаал гарч, манай энд ажлын хэсэг ирж ажилласан. Дүгнэлт ч гарсан. Тэр дүгнэлт гараад одоо яг ойндоо хүрч байна. Энэ дүгнэлтээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж заасан байдаг. Гэтэл хийгдсэн ажил алга байна.  

 

С.ЦЭРЭНЧИМЭД: МАЛЧИД ОДОО НҮҮХ Л ХЭРЭГТЭЙ

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн дэд захирал, малын их эмч, доктор С.Цэрэнчимэдтэй уулзаж, Улаанбадрахад үүсээд буй нөхцөл байдлын талаар мэргэжлийн хүний үгийг сонслоо.

-Таны хувьд Улаанбадрах суманд очиж, судалгаа шинжилгээний ажил хийж байсан юм билээ. Яг мал дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар мэргэжлийн хүний хувьд юу гэж хэлэх вэ?

-Мал амьтны өвчлөлд хоёр л хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, хүний хүчин зүйл. Хоёрдугаарт, байгалийн хүчин зүйл. Хүний хүчин зүйл гэдэг нь уул уурхайн компани  хайгуул, туршилт хийхдээ технологийн алдаа гаргасан байдаг. Үүн дээр давхцаж байгаа гол хүчин зүйл экологийн өөрчлөлт. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр явагдаж байгаа цаг уурын өөрчлөлт  том хүчин зүйл үзүүлж байна. Хүний хүчин зүйл дээр нэмж хэлэхэд, уул уурхайн компани хайгуул олборлолтын технологио зөрчиж байна. Дээрээс нь төрөөс зөв зохицуулалт хийж өгч чадахгүй байгаа юм. Хууль  эрх зүйн орчноо сайн бүрдүүлж өгөөгүйгээс болж,  аж ахуй нэгж ч тодорхой хэмжээний хохирол амсдаг, ард иргэд нь хүнд байдалд орчихдог. Үүний төгсгөлд манай улс л хохирно.

-Төрөөс энэ бүс нутагт мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, судалгаа шинжилгээ хийлгэдэг юм билээ?

-Үе, үеийн Засгийн газраас анхаарал тавьдаг боловч яг үнэндээ төгс хийж чадаагүй. Энэ бол Монголын маш том эмгэнэл. Ураны асуудал чинь 1996, 1997 оны үеэс л гарсан. Дундговь,  Дорноговь, Дорнод, Сүхбаатар гээд говийн аймгуудаас эхэлж,  сүүлдээ Архангай, Өвөрхангай гээд аймаг дамнасан ураны хайгуул хийгээд эхэлсэн байдаг. Хайгуул хийхдээ технологийн алдаанууд ч гаргасан байдаг.

-Мал учир битүүлгээр үхэж байгаагийн шалтгааныг ураны хортой холбож ойлгож болох уу?

-Мал яагаад учир битүүлэг шалтгаанаар үхээд байгаад хэд, хэдэн шалтгаан бий.  Мэдээж малын үржлийн асуудалтай холбоотой гажиг төл мал гарах тохиолдол бий. Гэхдээ түүнээс илүүтэйгээр нөлөөлж буй хүчин зүйл их байна. Үнэхээр үржлээс болж гаж төл гараад байгаа юм бол өөр аймгуудад мал гажигтай төрөөд мал нь үхээд байгаа юм уу. Хамгийн энгийн ийм жишээн дээр харьцуулах хэрэгтэй. Энэ талаар бид өндөр төвшний судалгаанууд хийгээд тайлангууд гаргасан байдаг.  Н.Алтанхуяг гишүүнийг Ерөнхий сайд байхад Улаанбадрах суманд маш олон мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг гарч ажилласан. Би тэр бүрэлдэхүүнд байсан хүний нэг. Хангалттай судалгаа хийсэн. Малын эд эрхтэнүүд дээр гарсан өөрчлөлт, эмнэлзүйн  шинж тэмдэг, орчинд нь буй ус ургамлууд  дээр шинжилгээ хийсэн. Тухайн үед өвс ургамал, ус хөрс нь хүн малд хортой химийн бодистой байна гэдгийг бид тогтоож өгсөн. Гэвч үүнийг ойшоогоогүй. Би шууд хэлнэ. Энд улс төрийн нөлөөлөл орсон. Гаднын том улс дамнасан корпорациудын нөлөөлөл байсан гэдгийг хатуу хэлье гэж бодож байна. Эцсийн эцэст байгаль дэлхий, унаган нутгийнхаа иргэдийг хэн ч биш болгоод хаяж байгаа юм. Тухайн үед энэ ажлын хэсэгт ЭМЯ, Мал эмнэлгийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, Шинжлэх ухааны хүрээлэн, Мэргэжлийн хяналтын газрын лабораториуд зэрэг 30 гаруй байгууллага оролцсон. Бүх хүмүүс өөр өөрсдийн дүгнэлтийг гаргаж өгсөн. Тэр дүгнэлтийг үзээд Н.Алтанхуяг сайд “Энд асуудал байна” гэдгийг өөрөө Засгийн газрынхаа кабинетын хурал дээр хэлсэн удаатай. Бидний илтгэлийг авч үзээд “Эд онош зөв тавьсан. Мал эмнэлгийн зөв байжээ” гэдгийг хэлж байсан. Гэвч гуравхан хоногийн дараа бүх зүйл орвонгоороо эргэсэн. “Энэ судалгааг дахиж хийх боллоо” гээд Н.Алтанхуяг сайд өөрөө надтай  утсаар ярьж хэлсэн. Тэгээд бид судалгаа дахиад хийсэн. Дахин нөгөө л үр дүн гарсан. Ингэж явсаар энэ сэдэв ужгирсан. Энэ бол маш харамсалтай.

-Та бүгдийн дүгнэлт яг яаж гарсан байдаг юм бэ?

-Нэгдүгээрт, химийн. Хоёрдугаарт, цацрагийн хордлого малд байна гэдгийг тогтоосон байдаг. Уг нь говийн бүс нутаг чинь манай Монгол оронд малын өвчлөл хамгийн багатай хэсэг шүү дээ. Гэтэл ингэж ихээр өвчлөөд байгаа нь уул уурхайтай шууд холбоотой. Би энэ чиглэлээр хийсэн 13 ГБ файл материалыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Түмэндэмбэрэл гэдэг хүнд өгсөн. Одоо гэхдээ ажлаасаа чөлөөлөгдсөн байна лээ. Цаашид судалж тогтоох шаардлагатай олон зүйл байсан ч хийгдээгүй үлдсэн.

-Дорноговийн тэр бүс нутгийн малчид одоо яасан дээр вэ?

-Малчид одоо нүүх л хэрэгтэй.  Уг нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2018 оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр давуу талууд бий болсон. Өөрөөр хэлбэл, мал эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа цэгцэндээ орж ирсэн. Гэтэл энэ хуулийн хүрээнд ганц асуудлыг шийдэж чадаагүй байдаг. Тэр нь байгаль экологитой холбоотой судалгаа шинжилгээний асуудлыг судалгааны төвүүд өөрсдөө зардлыг нь шийднэ гэсэн байдаг. Энэ нь төвөгтэй асуудал бий болгож байгаа юм. Ийм ч учраас манай судалгааныхан гадаадын гар хөл болсоор байгааг би тодорхой хэлнэ.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (122.201.22.161) 2021 оны 06 сарын 21

ЯАХАВ ДЭЭ МАН АА СОНГООД АРААС АМААРАА ШОРОО ҮМХЭЭД Л БАЙЦГААЖ БАЙ

0  |  0
(103.57.94.52) 2021 оны 06 сарын 20

ifkufkuu

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 06 сарын 20

Яахав дээ нөгөө л 10 гаруй жилийн өмнө Жэнкогийн ярьж хүн айлгаж байсан Оросуудын захиалгатай танктай цэргийн онигоо л байхгүй юу.

0  |  0
Уншигч(66.181.161.38) 2021 оны 06 сарын 20

Хөлсний бичээч, оросын трооллууд

0  |  0
МОНГОЛ(192.82.68.205) 2021 оны 06 сарын 20

Энд нэг л ноцтой асуудал нуугдмал оршоод байгаа юм даа

0  |  0
asdfg(88.116.92.142) 2021 оны 06 сарын 19

orosuudiin zahialgaar bichij bna

0  |  0
Ayul(66.181.187.12) 2021 оны 06 сарын 19

Tsatsrag idevhit bodis amar asuudal bish shuu

0  |  0
Ganaa(66.181.187.12) 2021 оны 06 сарын 19

Ene asuudliig neg mur shiideh heregtei

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 06 сарын 20

Улаанбадрахын мал байтугай хүмүүс нь айхтар цус холилдсон маанаг голдуу хүмүүс байдаг. Бүүр социализмын үеэс тийм.

1  |  1
амар(66.181.161.57) 2021 оны 06 сарын 21

Мэргэжлийн нарийн мэргэшсэн байгууллаар дүгнэлт гаргуул.Гадны явууллагаар 3 дах орны хөрөнгө оруулалтыг монголоос шахаж гаргах явууллага мөн эсэхийг тогтооё.

1  |  0
zochin(202.179.26.77) 2021 оны 06 сарын 19

end tend yvaadal baidag Ouuynerdene yg yuu chiij giiguuldeg um be???

0  |  0
Top