ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Паристай эв санааны нэгдлээ илэрхийлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Европын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Австрали шумбагч онгоц худалдан авах гэрээгээ цуцалсантай холбогдуулан Францын АНУ-ын талаар баримталж буй байр суурийг нь дэмжин, эв санааны нэгдлээ илэрхийлжээ.

Европын холбооны гадаад бодлогын албаны тэргүүн Жозеп Боррелийн мэдэгдсэнээр, Австрали улс Францтай байгуулсан шумбагч онгоц худалдан авах хэлэлцээрээ цуцалсан нь ЕХ-ны Ази-Номхон далайн бүс нутагт  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилттой харшилж байна.

Австрали, Их Британи, АНУ энэ сарын 15-нд аюулгүй байдлын салбарт AUKUS цэргийн түншлэл байгуулж буй талаар мэдэгдсэн билээ. Хэлэлцээрийн хүрээнд Австрали улс нь АНУ, Их Британийн технологийн тусламжтай дор хаяж найман цөмийн шумбагч онгоц бүтээх бөгөөд эхнийхийг нь 2036 онд зэвсэглэлд хүлээн авах юм. Үүнээс гадна, Австрали зэвсэгт хүчнээ АНУ-ын далавчит пуужингаар хангахаар болсон. Үүнтэй холбогдуулан Канберра Францтай байгуулсан зэвсгийн гэрээгээ цуцалсан бөгөөд Франц энэ үйлдлийг нь “ар нуруу руу хутгалсан” хэмээн үзэж байна.

БНХАУ “AUKUS” түншлэл зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг улам гүнзгийрүүлнэ гэж анхааруулаад эвслийн оролцогчдод хандан хүйтэн дайны үеийн Сэтгэхүй, геополитикийн харалган үзэл баримтлалаас татгалзахыг уриалав.

Парисын зүгээс АНУ, Австралид суугаа элчин сайд нараа зөвлөлдөх зорилгоор эгүүлэн татсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top