Хөрөнгийн хэмжээгээр дээд амжилт тогтоосон Жефф Безос албан тушаалаа өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

АНУ-ын “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос тус корпорацын ерөнхий захирлын албан тушаалаа орхиж, түүний оронд Энди Жесси сонгогджээ.

Тус компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, Жесси “Amazon” компани үүссэнээс хойш “Amazon Web Services”  үүлэн үйлчилгээг тэргүүлж байжээ

Хоёрдугаар сард Безос энэ оны гуравдугаар улиралд “Amazon” корпорацын ерөнхий захирлын албан тушаалыг орхиж, Захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх даргын албан тушаалд очно гэж мэдэгдэж байв. Ингэхдээ тэрбээр буяны болон эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд төвлөрөхөөр болжээ.

Дэлхийн хамгийн том цахим худалдааны “Amazon” компани 1994 онд байгуулагджээ. Ном, хөгжмийн цомгийн худалдаагаар гараагаа эхэлж байсан тус корпорац кино, видео тоглоом, гэр ахуйн цахилгаан бараагаар төрлөө өргөжүүлж байв. Тус компани АНУ-д интернет ашиглалгүйгээр, төлбөртэйгөөр кино татаж авах үйлчилгээг анх удаа нэвтрүүлж байжээ.

Блүмберг агентлагийн мэдээллээр, Жефф Безосын хөрөнгийн хэмжээ 211 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Мягмар гарагийн хөрөнгийн биржийн арилжааны үр дүнгээр, түүний хөрөнгө 8.44 тэрбум ам.доллароор өссөн байна.

Түүнээс өмнө бизнесмен Илон Маск хөрөнгийн хэмжээгээр дээд амжилт тогтоож байв. Өнгөрсөн нэгдүгээр сард түүний хөрөнгө 210 тэрбум ам.доллар хүрч байжээ. Сүүлийн хэдэн сард түүний бэл 181 тэрбум ам.доллар болж, буурсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top