ДАРХАН-УУЛ: "Эрсдэлгүй Дархан" аяныг эхлүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны Төлөөлөгчид хамтран “Эрсдэлгүй Дархан” 45 хоногийн аяныг эхлүүлэхээр өнөөдөр /2021.06.04/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

“Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудыг хамруулан ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудлыг шинэ түвшинд гаргах, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг  уриалж, тодорхой үр дүнд хүрэх зорилготой юм.

Аяны хүрээнд нэн тэргүүнд уриалга гаргаж ААНБ-уудад хүргэх бөгөөд Ковид-19 үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажилтай танилцах, Ажил олгогч эздийн холбоо болон Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулах, ААНБ-уудын удирдах ажилтнуудын болон ХАБЭА-н ажилтан, эмч, эрүүл ахуйч, гүйцэтгэх удирдлагийн хэмжээнд “цогц сургалт” хийх цахим уулзалт зохион байгуулахын зэрэгцээ нийт ажилтны сургалт хийж зөвлөгөө өгөх юм.

Мөн аймгийн хэмжээнд үлгэр жишээ сайн ажиллаж байгаа аж ахуйнуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, Дархан хотын 60 жилийн ойн баяраар шилдэг байгууллагуудыг шалгаруулан алдаршуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top