Дотоодын халдварын голомтоос 13 хүн ЭДГЭРЧ, хяналтад шилжлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. (2020.12.06, 11:00 цаг)

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 14019 хүнд шинжилгээ хийсэн. 700 гаруй нь хавьтал байсан. Үүнээс долоод нь халдвар илэрсэн. Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын дөрөв нь Сэлэнгэ аймагт илэрсэн бол гурав нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гэр бүлийн гурван хүнээс илэрлээ. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Өчигдөр 16 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн. Үүний 13 нь кластер голомтын хүмүүс байлаа. Тодруулбал, Улаанбаатар хотод халдвар авсан долоон хүн, Орхон аймгийн дөрөв, Сэлэнгэ аймгийн нэг, Дорноговь аймгийн нэг хүн голомтолсон халдвараас эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн. ТИР машины жолооч нараас нэг, “Энхсаран” сувиллын голомтоос хоёр хүн эдгэрсэн.

Улсын хэмжээнд 849 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 384 буюу 45,2 хувь нь эдгэрлээ. Ажиглалт тандалтад 49, гэрийн тусгаарлалтад 13, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322, нутаг буцаасан есөн хүн байна. 

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 456 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Маш хүнд хоёр, хүнд дөрөв, хүндэвтэр 65, хөнгөн 382 тохиолдол эмчлүүлж байгаа. Цэргийн төв эмнэлэгт 206 хүн эмчилгээнд байна. Үүнээс маш хүнд хоёр хүн байгаа ба 56, 81 настай. Хүнд гурав, хүндэвтэр 41, хөнгөн 160. Сэлэнгэ аймагт зургаа хүн эмчлүүлж байгаа ба бүгд хөнгөн зэрэгтэй. ХӨСҮТ-д 244 хүн байна. Маш хүнд хүн байхгүй. Хүнд хүн нэг, бусад нь хүндэвтэр, хөнгөн зэргийн шинж тэмдэгтэй байна. Нийт батлагдсан тохиолдол дунд гурван сартайгаас эхлээд 91 насны өвчтөн байгаа. Үүнээс 0-15 насны  92 тохиолдол байна. 55-аас дээш насны 100 гаруй хүн бий. Тодруулбал, 80 настай хоёр, 81 настай нэг, 91 настай нэг хүн байна" гэсэн мэдээлэл өглөө. 

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
 

  • Улаанбаатар - 99
  • Сэлэнгэ - 201
  • Дархан-Уул - 45
  • Дорноговь -28
  • Орхон - 24
  • Говьсүмбэр - 4
  • Архангай -3


УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
 

  •  Баянгол дүүрэг - 26
  • Баянзүрх дүүрэг - 24
  • Чингэлтэй дүүрэг - 1
  • Сүхбаатар дүүрэг - 16
  • Сонгинохайрхан дүүрэг - 15
  • Хан-Уул дүүрэг - 16
  • Багануур дүүрэг - 1


БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР
 

  •  Баянгол - 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
  •  Баянзүрх - 4, 10, 14, 15, 22-р хороо
  •  Сүхбаатар – 7, 12, 13, 16, 18-р хороо
  •  Сонгинохайрхан – 1, 7, 16, 19, 20, 29-р хороо
  •  Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо
  •  Чингэлтэй - 19-р хороо
  •  Багануур - 4-р хороо
Top