ШУУРХАЙ | Тээврийн жолоочийн дөрвөн настай хүүхдээс халдвар илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хүргэх үеэр тээврийн жолоочийн ойрын хавьтлын дөрвөн настай хүүхдээс халдвар илэрсэн тухай мэдээллээ.

“Монгол Улсад дотоодын халдварын хоёр кластер байгааг та бүхэн мэдэж байгаа. Эхний кластер болох тээврийн жолоочийн ойрын хавьтлын дөрвөн настай хүүхдэд хоёр дахь шинжилгээгээр коронавируст халдвар илэрлээ. Халдвар авсан хүүхдийн хавьтлыг тогтоохоор ажиллаж байна” гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.

Ингэснээр тээврийн жолооч буюу эхний кластераас долоо дахь хүнд коронавируст халдвар илэрлээ.

Харин хоёр дахь кластер болох Сэлэнгэ аймагт дэгдсэн халдвараас шинэ тохиолдол илрээгүй байна. 

Одоогоор Монгол Улсад коронавируст халдвар дотоодод тархсан 12 тохиолдол бүртгэгдлээ.

Өнөөдөр зөөвөрлөгдөж орж ирсэн нэг тохиолдол мөн бүртгэгдлээ. Өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр Франкфуртын тусгай нислэгээр ирсэн хүнээс коронавируст халдвар илэрсэн байна.

Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 414 боллоо.

Top