ЦАР ТАХАЛ | ОНЦЛОХ ТОО

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Монгол Улсад коронавируст халдвар дотооддоо голомтлон тархаад байна. Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд халдварын хоёр голомт үүсэж, улмаар дотоодын халдварын тоо нэмэгдлээ.

Коронавируст цар тахал дэлхий даяар дэгдэж эхэлснээс хойш 10 сар тэсэж, улмаар хоёр дахь давлагааны оргил үед Монгол Улсад ийнхүү халдвар тархлаа гэдгийг Bloomberg агентлаг мэдээлсэн.

Коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар уншигч таны мэдэх хэрэгтэй гол тоонуудыг хүргэе.


КОРОНАВИРУСТ ЦАР ТАХАЛ ЗӨӨВӨРЛӨГДСӨНӨӨС ХОЙШ:


96 756 – Энэ бол коронавируст цар тахал дэлхий даяар дэгдсэнээс хойш буюу нэгдүгээр сараас хойш Монгол Улсад авсан нийт шинжилгээний давхардсан тоо.

32 756 – Монгол Улсад коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж, тусгай нислэгээр иргэдээ татан авснаас хойш нийт 32.7 мянган хүнийг тусгаарлажээ.

2 259 – Монгол Улсад одоогийн байдлаар 2.2 мянган хүн тусгаарлалтад байна.

412 – Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны 11:00 цагийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол 412 байна.

317 – Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо.

276 – Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодод тархсан халдвар бүртгэгдсэнээс хойш халдварласан эрэгтэй хүйстний тоо.

 

ДОТООДОД ХАЛДВАРЛАСАНТАЙ ХОЛБООТОЙ ОНЦЛОХ ТОО
 

11.11 – Монгол Улс коронавируст халдвар дотооддоо халдахгүй тэссэний эцэст 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр дотоодод халдварласан анхны тохиолдол бүртгэгдэв.

“Аравдугаар сарын 14-нд "Алтанбулаг" боомтоор орж ирсэн тээврийн жолооч Сэлэнгэ аймагт шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд гурван удаа шинжилгээ өгсөн. Ингээд тусгаарлалтаас гарсны дараа тухайн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн” гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тухайн өдөр болсон Онцгой комиссын хуралдааны дараа ярив.

24 – Дотоодод халдварласан халдварын анхны тохиолдолтой холбоотойгоор арваннэгдүгээр сарын 11-ний өдөр ойрын хүрээний 24 хавьтагчийг тогтоов.

3 – Халдвар тээгч жолоочийн нэгдүгээр хавьтлын буюу гэр бүлийн хүрээний гурван хүн эхнэр, хадам ээж, дүү нараас халдвар илэрлээ. Тээврийн жолоочоос хойш таван тохиолдол батлагдаад байгаа. Түүний эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс коронавирус илэрснийг Эрүүл мэндийн сайд мэдэгдээд байна. 

2 800 – Халдвар дотоодод тархсан эхний өдөр халдвар тээгч болох тээврийн жолоочийн нэг болон хоёр, гуравдугаар хавьтлын тоо 2800-д хүрэв.

73:2 – Дотоодод халдварласан эхний өдрөөс хойш халдвар тээгчийн нэгдүгээр хавьтлын тоо 73 болж өсөв. Нэгдүгээр хавьтлын 73 хүнээс  нэг хүнээс халдвар илрэв. Энэ нь хоёрдугаар хавьтал болно. Өөрөөр хэлбэл жолоочийн дүү болох нэгдүгээр хавьтлын халдвар тээгч МУБИС-т сурдаг хоёр оюутан байлаа.

50 – Хоёрдугаар хавьтал болж батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтлын 50 хүнийг олж тогтоов.

173 – Эхний халдвар тээгч жолоочийн дам хамьтлын 171 хүнээс халдвар илэрсэнгүй.
 


ХАЛДВАРЫН ХОЁР ДАХЬ ГОЛОМТТОЙ ХОЛБООТОЙ ТОО


3 - Сэлэнгэ аймагт коронавируст халдвараар өвчилсөн гурван хүн бүртгэгдэв.

“Сүхбаатар сумын Баян 4-р багийн иргэн 70 настай иргэн Ц нийт 10 хоногийн өмнөөс эхэлж ханиалгасан тухай мэдээлсэн. 11 дүгээр сарын 12-ний өдөр халуураад 103-ийн эмчид үзүүлэхэд сэжигтэй байдал илэрч, аймгийн эмнэлэгт авсан PCR шинжилгээгээр нийт хоёр удаа эерэг гэсэн хариу гарсан” гэж Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил ярьсан юм.

67 - Халдвар илэрсэн иргэн Ц-ийн бэр болон хүүхэд халдвар тээж байгаагаа мэдээгүй байхдаа “Оргил” худалдааны төвийн тоглоомын төвд хүүхдээ хоёр цаг тоглуулсан байна. Тухайн үед тоглоомын төвд байсан 67 хүүхэд тоглосныг тогтоон тусгаарлаж, шинжилгээ авч эхэллээ.

Top