Дэглэм зөрчиж МАШИНЫ ЦОНХООР ТАМХИ өгч авалцсан иргэдийг тусгаарлав

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас импортын бараа бүтээгдэхүүн, ачаа  тээвэрт хийж буй шалгалтын талаар мэдээлэл өглөө.

Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу НМХГ-аас өнгөрөгч гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин тээвэрлэгдэж ирсэн ачаа тээвэрт хяналт шалгалт хийж байгаа ба Алтанбулаг боомтоор ачааны 4533 автомашин, 4756 жолооч нэвтэрсэн байна.

Үүнээс 3292 нь гадаад жолооч байгаа бол 1464 нь монгол жолооч байжээ.

Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хүнсний бүтээгдэхүүн болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ зарим зөрчлүүд илэрч байна хэмээн НМХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ариунаа мэдээллээ.

Зарим зөрчлүүдээс дурдвал,

  • ОХУ-аас импортлогдсон 266 кг алимны дээжинд дотоод хорио цээртэй хортон шавьж, алимны улаан хачигны өндөг 6 ширхэг илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, журмын дагуу давтан шинжилгээнд хамруулсан.
  • “Соёолж” ХХК-ийн Голланд улсаас импортолсон гурван нэр төрлийн цэцэгний булцуунаас бөөс илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн, давтан дээж авах хугацаа болоогүй байна.
  • Замын-Үүд боомтоор “Өгөөмөрбаян” дэнж ХХК нь импортын мэдэгдэл, экспортлогч улсын ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүйгээр БНХАУ-аас 3.5 тн таримал цэцэг, 245 ширхэг хөрстэй-савтай тасалгааны цэцэг импортлосон хэрэгт зөрчлийн хэрэг нээж, нийт найман дээжийг шинжилгээнд хамруулахад зургаан төрлийн цэцгэнд дотоод хорио цээртэй шүлхийн хачиг илэрсэн тул агуулахад хадгалж буй бүх цэцгэнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгүүлж, торгуулийн шийтгэл ногдуулж, 212945 ширхэг цэцгийг устгуулсан.
  • ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг”, “Абсолют Кеш энд керри” ХХК-иудын ОХУ-аас импортолсон “Сайра” нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалт хийхэд загасны шимэгч хорхой илэрсэн тул нийт 500 хайрцаг буюу 5.7 тн 62.400.800 төгрөгийн үнэ бүхий лаазалсан загасыг устгалд оруулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тус бүр 1000 нэгжийн торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн.

Түүнчлэн ОХУ-д Covid-19 халдварын өвчлөл нэмэгдэж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг  дээрх боомтуудад чангатгаад байгаа ба халдвар хамгааллын дэглэмийг хяналтын бүсэд нус цэрээ хаясан, жолоочийн автомашины цонхоор тамхи авч өгөлцсөн 20 хүнийг тусгаарлаад байгаа ажээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top