СУРВАЛЖИЛГА | Сургууль, цэцэрлэгийн бүртгэл дараалал багатай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 28-НД ДУУСАЖ, НЭГ АНГИД 20-25 ХҮҮХЭД СУРАЛЦАНА

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Чингэлтэй дүүрэгт “7 буудал”-аас холгүйхэн байрлах 37 дугаар сургуулийнхан уламжлалт соёлоо, тэр дундаа монгол бичгийн хэрэглээгээ хадгалж үлдэхээр ханцуй шамлан байгаа нь нүдэнд тод туслаа. Анги бүрийн хаалганы хажуудах хаягаас эхлүүлээд коридор, ханын самбаруудад хүртэл монгол бичгийн үзэмж төгс бичиглэлүүд харагдана. Тэдгээртэй зэрэгцэн “Зай барь” тэмдэглэгээ бүхий шар зураасууд хоёр орчим метрийн зайтай дараалан нэгдүгээр давхраас хамгийн дээд давхар хүртэлх бүхий л зайд байрлажээ. Цар тахлын улмаас 2020-2021 оны хичээлийн жил цомхон болж, Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 20 хүүхэд суралцахаар тохижуулжээ. Ангиар оронгуут хаалганы ойролцоох буланд ариутгалын хэрэгслүүдийг өрсөн байна. Тэнд гар ариутгагч, саван, хуурай, нойтон салфетка, агааржуулагч, шил арчигч, арц, хүж зэрэг зүйл бүрийн ариутгалын бодисууд харагдана. Нэг бодлын цөөхөн хүүхэд ээлжээр хичээллэх нь хүүхдэд ч, багшид ч амар юм шиг санагдлаа. Өнгөрсөн хичээлийн жилд зөвхөн Чингэлтэй дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийнхныг цахимаар элсүүлж байсан бол энэ хичээлийн жил нийслэл даяараа цахим элсэлт явагдаж байгаа онцлогтой. Цахимаар бүртгүүлэхэд хүүхдийн болон ээжийн регистрийн дугаар, интернэттэй орчин байхад л хангалттай юм.

37 дугаар сургуульд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны нийт 230 хүүхэд хамрагдахаас 187 хүүхдийг бүртгэсэн буюу бүртгэлийн явц 85 хувьд хүрчээ. Долоо хүрэхгүй хоногийн дараа л хүүхэд, багачуудын олон сарын турш хүсэн хүлээсэн сургууль, цэцэрлэг орно. Гэхдээ одоогийн товлосон байгаагаар гурван улиралтай, долоо хоногт таван өдөр 19 цагаар хичээллэнэ. Сурагчдын сургууль руу орох, гарах гарцуудыг ангилж, гадна болон дотор талд бөөгнөрөл үүсгэхгүй. Өөр хоорондоо ялгаатай цагуудад тарж, өдөр тутамд хэд хэдэн удаа цэвэрлэгээ, ариутгалыг мэргэжлийн хүмүүс нь хийнэ. Сурагчид цэвэрлэгээ хийхгүй. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн тоглох тоглоомонд хүртэл хэмжээ хязгаарыг тавьж байгаа нь ёстой л цар тахлын дэглэмийг санагдуулж байлаа. Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш Ю.Энхтуяа “Ихэвчлэн интернэтээр орох боломжгүй эцэг, эхчүүд сургууль дээр ирж бүртгүүлж байна. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн 45 хувьд нь эцэг, эхчүүд цахимаар бүртгүүлжээ. Цахимаар бүртгүүлэхэд илүү хялбар байгааг багш, эцэг, эхчүүд хэлж байна.

Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн бүртгэл явагдаж буй нь

Энэ жилийн хувьд бүртгэлд дараалал алга. Бүртгэлийн цахим систем автоматаар иргэний бүртгэлийн мэдээллийг хянаж байгаа учраас алдаагүй, үнэн бодит мэдээлэл ирж байна. Эцэг, эхчүүд сургууль дээр биечлэн ирж бүртгүүлбэл зай барьж халуунаа хэмжүүлж, гар ариутгагч хэрэглэж, амны хаалтаа зүүх ёстой. Ерөнхийдөө хичээлийн бэлтгэл бүрэн хангагдсан. Хичээллэх цагийг баталсан. Энэ жил ихэвчлэн 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэж байна. Мөн 2010 оноос хойш төрсөн хичээлээс завсардсан хүүхдүүд нэгдүгээр ангид элсэх боломжтойгоороо онцлогтой. Багш нар цахим хичээлийг сурагчидтай хамт давхар үзээд явж байсан. Ангийн группээр дамжуулж видео хичээл хийж байсан. Үр дүнг энэ хичээлийн жилээс үзэх байх. Цахим хичээлийн хувьд бүх сургуульд нэг стандартын дагуу хичээл орж байгаа нь боломжийн санагдсан. Хичээл зааж байгаа багш нараасаа суралцаж, санаа солилцох зүйлүүд байсан” хэмээлээ. Ийнхүү нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэж байгаа цомхон хэсэгт ганц, хоёроороо эцэг, эхчүүд ирсээр байлаа. Эцэг, эхчүүдийн зүгээс бүртгэл хийлгэхэд төвөг чирэгдэл алга гэдгийг онцоллоо. Тэдний хувьд цахим хичээлийг хүүхэдтэйгээ хамтран хийлгэж байсан боловч бичиж тэмдэглэхэд хурдыг нь гүйцдэггүй учраас давтаж үзэж байж хичээлийг бүрэн гүйцэд ойлгох боломжтойг ч мөн хэллээ.

Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуульд нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлт хэрхэн явагдаж байгааг тус сургуулийн захирал З.Тунгалагаас тодрууллаа.

-Нэгдүгээр ангийн сурагчдын элсэлт дуусахад цөөн хоног үлдлээ. Элсэлт хэрхэн явагдаж байна вэ?

-2020-2021 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн элсэлт цахимаар хамран сурах тойргийн дагуу явагдаж байгаа. Наймдугаар сарын 3-28-ныг хүртэл бүртгэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газарт тухайн сургуулийн хаяган дээр хамран сурах тойргийн хүүхдүүд бүртгэгдсэн байгаа тохиолдолд шууд parent.edu.mn хуудсаар хялбархан бүртгүүлнэ. Сургуульдаа хандаж хянагдаж байгаа төлөвт шилжихэд цахим бүртгэл дээр сууж байгаа бага боловсролын багш, менежер нар тухайн хүүхдийг хянаж үзээд харьяа сургууль мөн бол баталгаажуулна. Үүнээс гадна тухайн хаяган дээрээ амьдардаггүй хүүхдүүдийг гарсан тушаалын дагуу зохицуулалт хийж, харьяа сургуулийг нь зааж өгөх үйлчилгээ үзүүлж байна. Мөн цахим орчинд байх боломжгүй эцэг, эхчүүдийг биечлэн ирэхэд хүүхдүүдийг нь бүртгэж өгч байна. Энэ долоо хоногт цахимаар бүртгүүлж амжаагүй бол цаасаар сургууль дээр ирээд бүртгүүлж болно. Элсэлт жигд явж байгаа бөгөөд сурагчдыг бүрэн хамруулахаар байна.

-Цахим бүртгэлийн давуу болон сул тал юу байв?

-Эцэг, эхчүүд дараалалд зогсож бичиг цаастай зууралдахгүй цахимаар бүртгүүлсэн нь илүү хялбар байна. Харьяаллын дагуу бүртгүүлсэн тохиолдолд ямар ч асуудал гарахгүй. Харин манай хороонд амьдардаг боловч өөр хаягтай эсвэл хаягийн бүртгэлгүй иргэдийн хүүхдүүдийг хороотой хамтарч хүүхэд хамгааллын зөвлөлөөр хэлэлцүүлээд сургуульдаа авч байгаа. Энэ бүлэгт хамаарах цөөн тооны хүүхдүүд байна. Мөн шилжилт хөдөлгөөн зогссонтой холбоотойгоор ганц, нэг эцэг, эх хаягаа шилжүүлж амжаагүй байлаа.

-Өнгөрсөн хичээлийн жилд нэгдүгээр ангид элссэн хүүхдүүд энэ жил хоёрдугаар ангид орно. Хичээлийн хоцрогдлыг нь хэрхэн арилгах вэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сараас хөл хорионд орж, цахим хичээлийг орж байсан. Гэсэн хэдий ч хичээлийн хоцрогдолтой байгаа бол нэгдүгээр ангийнханд шаардлагатай мэдлэгийг сурагчдад шахалт багатайгаар нөхөх төлөвлөгөөг сургалтын программдаа оруулаад явж байгаа.

 

ЦЭЦЭРЛЭГ АЖЛЫН ТАВАН ӨДӨР ХУУЧИН ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА

 

Хичээлийн шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан сурагчдын бүртгэл хэвийн үргэлжилж байгааг сурвалжилсны дараа Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийг зорилоо. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авахыг чиглэл болгосон. Харин таван настангуудыг сургуульд бэлтгэх зорилгоор бүрэн хамруулахаар төлөвлөсөн. Үүний дагуу тус цэцэрлэгт гэхэд наймдугаар сарын 17-ноос шинээр элссэн таван настай хүүхдүүдийг бүртгэж дууссан. Наймдугаар сарын 24-28-ныг дуустал өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хуучин хүүхдүүдээ бүртгэж байгаа аж.

Бүртгэлийн явцын талаар 103 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Гэрэлтуяагаас тодрууллаа. Тэрбээр “Зохион байгуулалт хийхэд зарим анги хүүхдийн илүүдэлтэй, зарим анги дутагдалтай байсан. Тиймээс нэмж хасаад нэг ангид ихдээ 25 хүүхэд байхаар зохицуулалт хийсэн. Хамран суралцах тойргийнхоо бүх хүүхдийг хамруулж чадаж байна. Өнгөрсөн жилээс цэцэрлэгийн өргөтгөл баригдаж найман бүлэг нэмж оруулсан. Өмнө нь 12 бүлэгтэй байсан учраас энэ хичээлийн жилд 20 бүлэг, 74 ажилчин, 500 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулна. Одоогоор 300 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Өмнөх жилүүдэд хүүхдийн тоо олон, ачаалал ихтэй байна, манай хүүхдийг цэцэрлэгт авсангүй гэх мэт мэр сэр гомдол ирдэг байсан. Энэ жил бүртгэлд тулгамдаж байгаа асуудал алга.

Цэцэрлэгийн хүүхдээс шинжилгээ авахад бэлэн болжээ.

Ер нь харьяаллын хүүхдүүд асуудалгүй цэцэрлэгт суралцах ёстой. Цар тахлын үед мөрдөх дэглэм, журамаа л сайтар мөрдөж зохион байгуулахыг зорьж байна. Бүртгэл дууссаны дараа нэгдсэн байдлаар хүүхдүүдийг цагаан хорхойны шинжилгээнд хамруулна” гэсэн мэдээллийг өглөө. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд гурван настан 77 хувь, дөрвөн настан 81 хувь, таван настан 100 хувь хамрагдахаар урьдчилсан тооцоо гарсан. Ингэснээр гурваас таван насны 232 мянган хүүхдийн 200 гаруй мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм. Дашрамд дурдахад, хэрвээ эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулахаас татгалзвал гэртээ цахим хичээлээ үзэж суралцах боломжтойг ч Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Цэцэрлэг орж эхлэхээс өмнө эцэг, эхчүүд мэргэжлийн байгууллагын эрүүл ахуйн зөвлөмжүүдтэй танилцаж, хүүхдээ урьдчилан сэргийлэх хяналт, үзлэгт тогтмол хамруулах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн хүүхдийн хэрэглэх ариун цэврийн болон хичээлийн хэрэгслийг улирал тутамд таних тэмдэгтэйгээр бэлтгэж, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч байхыг эцэг, эхчүүдэд онцгойлон санууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top