Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой АСУУЛТ, ХАРИУЛТУУД

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж буй гэсэн мэдээллийг Төв банкнаас өгч байгаа.

Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн төлбөрийг түр хойшлуулах шийдвэр гаргасан.

Ипотекийн зээлийн төлбөрийг түр хойшлуулахтай холбоотой АСУУЛТ, ХАРИУЛТУУДЫГ хүргэе.


-Энэ арга хэмжээнд ямар зээлдэгч хамрагдах вэ?

-Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана.

-Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой юу?

-Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн 6 хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулна.

-Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?

-Зээлийн төлбөрт нь 2020 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Жишээлбэл, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс доголдол үүссэн бол зээлдэгч хүсэлт гарган, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө хойшлуулна.

-Зээлдэгч хэдэн удаа төлбөрөө хойшлуулж болох вэ?

-Зээлдэгч зөвхөн нэг удаа 6 хүртэл сараар үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болно.

-Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт материал, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулсан байх шаардлагатай.

-Зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?

-Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй.

-Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?

-Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөрийг 6 сар хойшлуулсны дараа 7 дахь сараасаа хуучин төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.

-Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?

-Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол төлбөрийг хойшлуулснаар гэрээний хугацаа 6 сараар сунгагдаж, 2030 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуусна.

-Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?

-МИК ОССК ХХК-иас нэмэгдүүлсэн хүүг ямар хэлбэрээр банкны харилцагчдад буцаан олгох талаар ойрын хугацаанд банкуудад чиглэл өгөхөөр ажиллаж байна.

-Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?

-Монголбанкаас 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдөр "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д холбогдох өөрчлөлтийг оруулж, 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр болсон тул зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.155) 2020 оны 04 сарын 18

Turuun bank boloxgvi gej baisan

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 16

ipotek gedgiig mongoloor bichvel yasiin yagaad gadaad ygeer heregleed hevshchihsen um be

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 16

8 huvid hamragdaagui zygeer huviara bair avah zeelend baigaa hymyys yah um be, ondor hyytei zeeltei hymyys ih baina, bank bus gazraas ch ih zeeltei baigaa bygd hamragdah estoi buzdee, asuultaa guized asuuhad yadag um be

0  |  0
zochin(202.179.31.111) 2020 оны 04 сарын 16

turiin alban haagchidiin tsaligiin zeeliig hoishluulah deer dorvitoi shiidver gargaach ee turiin alband ajillaj bga humuus ardaa amidraltai humuus sh de tsar tahalaas bolood tsalingaasaa uur orlogui amidral hetsuu bna sh dee deedsuudee

0  |  0
Top